Search

Яс ургалтад иод, саримстай хольж түрхэх арга үр дүнгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1610

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Саримс жижиглэн зүсэж хэрчээд иодтой хольж хөлийн эрхий хуруунд ургаж байсан ясанд түрхэж эдгээсэн” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Иод, сармисны түрхлэгээр ясны элдэв өвчнийг эдгээх боломжгүй бөгөөд тус аргыг баталсан шинжлэх ухааны судалгааны материал хязгаарлагдмал байна. Мөн иодын түрхлэгийг их хэмжээгээр хэргэлэх нь арьс, ясны бүтцэд сөрөг нөлөөтэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны есдүгээр сарын 20-нд Uranchimeg Urnaa нэртэй хуудаснаас “Саримс жижиглэн зүсэж хэрчээд иодтой хольж хөлийн эрхий хуруунд ургаж байсан ясанд түрхэж эдгээсэн” гэсэн агуулгатай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 10,000 гаруй реакц, 184 сэтгэгдэл авч, 6400 орчим удаа цааш түгээгджээ. 

Ясны өөрчлөлт нь голчлон дотоод эсийн үйл ажиллагаанаас хамаардаг тул арьсны гадна талаас элдэв түрхлэг хэрэглэх нь нөлөө багатай. Иймд саримс, иод түрхсэнээр “хөлийн эрхий хуруунд ургасан ясыг эдгээнэ” гэдэг ойлголт нь батлагдаагүй арга юм. Мөн хөлийн эрхий хурууны хажууд өвдөж, яс ургах үзэгдэл нь тулай, шохойжилт, гэмтэл, ясны хавдар гэх мэт олон төрлийн шалтгаантай. Тиймээс хөлийн хуруу өвдөх, томрох, илүү яс ургах шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээний талаар зөвлөгөө авах нь зүйтэй.

Саримс нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул нян, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлж, дархлаа дэмждэг. Мөн саримсны зарим нэгдэл нь ясны бүтцийг дэмжих, ясны сийрэгжилтийг багасгахад нөлөөтэй байх магадлалтай гэсэн судалгаа бий ч энэ нь зөвхөн амьтан дээр л туршигдсан. Тодруулбал, 2023 оны “Ясны хугаралтай харханд саримсны нэмэлт тэжээл хэрэглэсний нөлөө” судалгаанд хүнсний нэмэлт байдлаар саримсны хандыг харханд өгөхөд ясны сийрэгжилт бага, бүтцийн үзүүлэлтүүд сайжирсан нь ажиглагдсан байна. Туршилтад 24 хархны гуяны яснаас дээж авч шинжилсэн бөгөөд хяналтын бүлэгтэй харьцуулж үзжээ. Уг шинжилгээний дүгнэлтэд саримсны нэмэлт тэжээл нь ясны эдгэрэлтийн үзүүлэлтүүдийг сайжруулж буйг дурджээ. Гэвч тус судлаачдын багаас илүү өргөн хүрээтэй, олон хүний оролцоотой клиник судалгаа хийх шаардлагатай гэж зөвлөсөн байна. Эл судалгаа нь саримсны зарим нэгдэл ясны бүтцэд эерэг нөлөөтэй гэдгийг харуулж байгаа ч туршилтад саримсыг түрхлэг бус хүнсний нэмэлт хэлбэрээр ашигласан. Мөн зөвхөн амьтанд туршсан тул хүнд адилхан нөлөө үзүүлэх эсэхийг бүрэн батлаагүй байгаа юм.

Харин иод нь зарим хоол хүнсэнд агуулагддаг эрдэс бодис бөгөөд бамбай булчирхайн дааврыг дэмжих замаар ясны бүтцэд нөлөөлдөг. Уг даавар нь яс, тархины хэвийн хөгжлийг дэмжихэд тусалдаг байна. Гэвч иодын түрхлэг нь ясны бүтэц, эдгэрэлтэд нөлөөтэй гэдгийг бүрэн баталсан шинжлэх ухааны судалгаа хязгаарлагдмал байна. Үүнээс гадна иодын дутагдал, илүүдлийн аль аль нь ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тухайлбал, иодын илүүдэл нь бамбай булчирхайн томрол үүсгэхээс гадна ам, хоолой, ходоод түлэгдэх, халуурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, зүрхний хэм удаашрах, ухаан алдах зэрэг шинж тэмдгийг үүсгэдэг байна.

Иодыг ихэвчлэн нян, мөөгөнцөр, бусад бичил биетнийг устгах, ариутгагчийн зориулалтаар шарханд ашигладаг. Иодын түрхлэг нь ясны эдгэрэлтийг дэмжихэд тусалдаггүй бөгөөд хэрэглэсэн хэмжээнээс хамааран ясны эсийг гэмтээж болзошгүй. Үүнийг 2016 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн судалгаанд иодын түрхлэг нь ясны эсийн өсөлт, бодисын солилцоонд хүчтэй нөлөө үзүүлж яс үүсгэх, минералжуулах чадварыг саатуулдаг гэж дүгнэсэн байна. Уг дүгнэлтийг лабораторийн орчинд шинжилсэн туршилтын өгөгдлүүд дээр үндэслэн гаргажээ. Өөрөөр хэлбэл иодын түрхлэг нь ясны эрүүл мэндийг сайжруулах эмчилгээний бүтээгдэхүүн бус шаардлагатай үед ариутгагчаар ашигладаг бодис юм. Эмнэлгийн орчинд уг бодисыг зориулалтын аргаар, тохируулан ашигладаг. Харин гэрийн нөхцөлд их хэмжээгээр ашиглах нь ясны бүтцэд сөргөөр нөлөөлөхөөс гадна арьсыг цочроох, түлэх, харшлах зэрэг эрсдэлтэй байна.

Түүнчлэн хүний бие шаардлагатай иодыг хоол хүнсээр дамжуулан авах боломжтой бөгөөд иод нэмэлтээр шаардлагатай эсэхийг мэргэжлийн эмчийн үзлэгээр тодорхойлж, тохирох жорыг хэрэглэнэ.

Дүгнээд үзэхэд, иод, саримсны түрхлэгээр ясны элдэв өвчнийг эдгээх боломжгүй бөгөөд тус аргыг баталсан шинжлэх ухааны судалгааны материал хязгаарлагдмал байна. Мөн иодын түрхлэгийг их хэмжээгээр хэрэглэх нь арьс, ясны бүтцэд сөрөг нөлөөтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Саримс жижиглэн зүсэж хэрчээд иодтой хольж хөлийн эрхий хуруунд ургаж байсан ясанд түрхэж эдгээсэн” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document