Search

“Хэт боловсорсон гадилд хорт хавдрын эсрэг TNF бодис агуулагддаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1609

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хэт боловсорсон банана хорт хавдрын эсрэг TNF  бодис агуулдаг гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

TNF нь хөхтөн амьтанд байгалиасаа байдаг дархлааны системийн нэг хэсэг ба гадил жимсэнд байдаггүй. Гадил хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй талаарх судалгаа хязгаарлагдмал тул нэмэлт судалгаа хийх шаардлагатай байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 25-нд MFC News (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Хэт боловсорсон гадил жимсэн дээр гардаг бор толбо нь муудсаны шинж биш, харин тэжээлийн хамгаалалт эрс нэмэгдсэнийг илтгэдэг. Судалгаагаар гадил жимс бүрэн боловсрох үед Tumor Necrosis Factor (TNF) хэмээх бодисын түвшин нэмэгддэг болохыг тогтоожээ. TNF нь цитокин буюу дархлааны системд дохио дамжуулж, үйл ажиллагааг чиглүүлдэг уургийн нэг төрөл юм. Энэ нэгдэл нь хэвийн бус эсүүдтэй тэмцэх чадвартай бөгөөд хорт хавдрын эсрэг боломжит нөлөөгөөр судлагдсан байдаг. Эмчилгээний арга биш ч гэлээ, антиоксидантын өндөр түвшинтэй, дархлааг дэмжих хүчтэй энэ нэгдэл нь хэт боловсорсон гадил жимсийг хэрэглэх нь биеийн эсийн гэмтэл болон хорт хавдар зэрэг өвчинтэй тэмцэх байгалийн хамгаалалтыг дэмждэг хоолны дэглэмд хувь нэмэр оруулж болохыг харуулж байна” гэх мэдээлэл түгээжээ. Тус постыг нийт 385 реакц, 59 сэтгэгдлээр идэвхжүүлж, 171 удаа цааш түгээжээ.

TNF(Tumor Necrosis Factor) нь антиген, халдварын эсрэг цусны цагаан эсээс үүсдэг уураг юм. Өөрөөр хэлбэл, биеийн байгалийн хамгаалалтын нэг хэсэг юм. Шалгасан мэдээлэлд судалгаанд гэсэн боловч судалгааны нэр, эх сурвалжийг огт дурдаагүй байна. Уг мэдээлэлтэй ижил “хэт боловсорсон гадил хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй TNF бодис агуулдгийг судалгаагаар тогтоосон” гэх мэдээлэл нь 2014 оноос хойш олон хэлээр түгж байжээ.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн AFP баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж худал болохыг мэдээлж байсан. Тус баримт шалгалтад “… 2009 онд нийтлэгдсэн Японы судалгаанд харханд гадил жимсний шүүс шахахад дархлааны хариу урвал TNF бодисын хэмжээг ихэсгэсэн. Хэт боловсорсон гадилд илүү өндөр хариу урвал үзүүлсэн. Харин судалгаанд гадил нь TNF бодисыг агуулдаг гэж дурдаагүй ба, хэт боловсорсон гадил идэхийг зөвлөөгүй” хэмээн онцолжээ.

Мөн Тайландын Чулалонгкорны их сургуулийн биологийн багш доктор Жессада Дэндуанбориант AFP агентлагт “TNF нь хөхтөн амьтдын дархлааны тогтолцооны нэг хэсэн юм. Энэ нь гадил болон бусад ургамалд байдаггүй. Уг мэдээлэл нь худал юм.” гэх тодруулгыг өгсөн байна.

Гадил нь антиоксидант, дархлаа тогтворжуулах, нянгийн эсрэг, шарх үүсгэгч, гиполипидеми, гипогликемик, лейшманицид, антигельминтикийн эсрэг үйлчилгээтэй. Мөн “Гадил ба түүний биоидэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавх: системчилсэн, цогц, механизмын тойм” судалгаанд зарим хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг харуулсан судалгааг оролцуулан судалсан  ч хязгаарлагдмал тул лабораторийн болон клиник нэмэлт судалгаа хийх шаардлагатай хэмээн дүгнэжээ.

Гадил хэт боловсроход ислэг шинжээ алдаж, агуулагдах сахрын хэмжээ нэмэгддэг. Боловсроогүй гадил 100 гр тутамд 18 гр, боловсорсон гадилд 4-5 гр, хэт боловсорсон бол 2 гр ислэг агуулагддаг. Мөн гадил боловсроход сахрын хэмжээ ихсэж байсан бол боловсорсон, хэт боловсорсон гадилын хооронд сахрын хэмжээ их ялгаагүй байна.

Гадил жимсэнд хорт хавдрын эсрэг TNF бодис агуулагддаг гэх мэдээлэл нь олон жилийн турш өөр өөр хэлээр түгж буй хуурамч мэдээлэл юм. TNF нь хөхтөн амьтанд байгалиасаа байдаг дархлааны системийн нэг хэсэг ба гадилд байдаггүй. Гадилын хорт хавдрын эсрэг үйлчилдэг эсэх судалгаа хязгаарлагдмал тул нэмэлт судалгаа хийх шаардлагатай байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хэт боловсорсон банана хорт хавдрын эсрэг TNF  бодис агуулдаг гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Check document