2025 оны 09 дүгээр сарын 20-нд Нэхүүл.мн Facebook пэйж “Цагаачдын эсрэг Английн Лондон хотод албан ёсоор гэж 110000 хүн оролцсон жагсаал ( эрх баригчид дандаа тоог дардаг гэдгийг санаарай). Ер нь европ бүхэлдээ жагсаад байх юм. Харин манайхан үүнийг огт дамжуулахгүй. Америкаа магтаад л, ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэж зориуд төөрөгдүүлж иргэдийг мангууруулж байгаа” гэх гарчигтай рийл түгээжээ. Тус рийлийг 757 реакц, 31 сэтгэгдлээр идэвхжүүлж, 189 удаа цааш түгээжээ.
Энэ нь олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалах, турхирахад хиймэл оюуныг ашигласан жишээ тул баримтаар шалгаж нягтлах аргыг хуваалцаж байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2025 оны 09 дүгээр сарын 13-ны Бямба гарагт эхэлсэн “цагаачлалын эсрэг” жагсаалд ойролцоогоор 110 мянган хүн оролцжээ. Энэхүү явдлыг CNN, Guardian, NY Times, CBS, Reuters зэрэг томоохон мэдээллийн сувгууд мэдээлсэн. Түгээсэн бичлэгт харагдах туг, далбаа хэт том байгааг доорх харьцуулсан зургаар үзүүллээ.

Бид зураг, бичлэгийг хиймэл оюун ухаан ашигласан эсэхийг шалгадаг хэрэглүүр Hive Moderation-ээр шалгахад 99.8 хувийн хиймэл оюун ухаан эсхүл Deepfake технологи ашигласан гэсэн үр дүн гарлаа.

Цахим орчинд хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэг ашиглан аливаа мэдээллийн агуулгыг хүчтэй харагдуулах, нөлөөг тэлэх, төөрөгдүүлэх тохиолдол түгээмэл байдаг. Иймд эргэлзээтэй, бодит бус мэт харагдах зураг бичлэгийг АСУУ чатбот руу илгээн шалгуулахаас гадна Hive Moderation хэрэглүүр ашиглан өөрөө шалгах боломжтой юм.
Иймд та Facebook, Instagram, Threads зэрэг платформд хиймэл оюун ухаан ашигласан зураг, бичлэг агуулсан пост түгээх гэж байгаа бол Meta-ийн олон нийтийн журмыг мөрдөж, “AI label” хэсгийг идэвхжүүлж хэвшээрэй.





