Search

UB Life сайтын хуудсыг дуурайсан хуурамч хаяг залилан үйлдэхийг оролдож байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1607

Засварласан: 2025-09-29
Checked by: MFCC

Ерөнхий агуулга

UB LIFE нэртэй хуудаснаас хямдралтай цаг борлуулна гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

UB Life мэдээллийн сайтын Facebook хуудсыг дуурайн хуурамч хаяг нээж, залилан хийхээр санаархаж байна. Энэ талаар тус байгууллагаас мэдэгдэл гаргаж, уншигч, үзэгчдээ сэрэмжлүүлэг хүргүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны есдүгээр сарын 29-нд UB LIFE нэртэй хуудаснаас G-Shock цагийг хямдралтай зарна (архивласан хувилбар) гэх агуулгатай мэдээллийг түгээжээ. Тус хуудас нь UB Life вэбсайтын лого, нэр зэргийг ашигласан ба постдоо “…𝑮𝑴-2100-1𝑨 загварын спортлог металл цаг, хэвийн үнэ 890,000₮ байсан бол одоо дэлгүүр болон вэбсайтад ердөө 260,000₮! Спорт, гадаа үйл ажиллагаанд зориулагдсан, тансаг хийцтэй, бат бөх, 2 жилийн хугацаатай зайтай. 𝑮-𝑺𝒉𝒐𝒄𝒌-ын Гүйцэтгэх Захирал энэ бол брэндийг дэлхий дахинд сурталчлах, 40 жилийн тогтвортой хөгжлийг тэмдэглэх гайхалтай боломж гэжээ. Хямдрал маргааш дуусна! Одоо захиалаарай” гэсэн тайлбартай мэдээлэл нийтэлсэн байна. Уг пост 257 реакц, 5 сэтгэгдэл авч, 2 удаа цааш түгээгдсэн байсан ба энэхүү зарлалыг бүүстлэсэн байна.

Энэхүү зарлал нь жинхэнэ UB Life вэбсайтын зар биш бөгөөд харин дуураймал, хуурамч хаягийн залилангийн оролдлого болохыг бид нээлттэй мэдээлэл болон холбогдох эх сурвалжаас тодрууллаа.

Цаг зарна гэх мэдээллийг түгээсэн UB LIFE гэх хуудас нь 2025 оны есдүгээр сарын 29-нд нээгдсэн, 5 дагагчтай хуудас байна. Уг хуудасны танилцуулга хэсэгт холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны мэйл гэх мэт тодорхой мэдээлэл байхгүй. Түгээж буй мэдээлэлдээ холбоос хавсаргаж, түүгээр дамжихыг уриалдаг байна.

Хямдрал зарласан постод хавсаргасан холбоосоор хандахад Casio G-Shock-ын вэбсайтыг дуурайлган хийсэн нүүр хуудас харагдаж байгаа ч бусад цэс рүү хандах боломжгүй, зөвхөн худалдан авах товч л ажиллахаар тохируулжээ. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл бөгөөд хямдрал, бэлэг зэргийг амлаж, богино хугацаанд шийдвэр гаргаж, яаравчлахыг уриалах нь энэ төрлийн мэдээлэлд түгээмэл ажиглагддаг юм.

Харин жинхэнэ UB Life вэбсайтын Facebook хаяг нь 139 мянган дагагчтай ба тухайн хуудас нь 2016 онд нээгдсэн байгааг хуудсын танилцуулга мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Түүнчлэн UB Life вэбсайт энэхүү зарлалыг хуурамч болохыг бидэнд мэдэгдсэн. Тус вэбсайтаас энэ талаар тодруулахаар холбогдоход “Манай сайтын нэр, логог ашиглан удаа дараа хуурамч хуудас нээж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. Манай зүгээс хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, мөнгөн шилжүүлэг шаардах болон арилжаа, наймааны ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй тул уншигч, үзэгчдээ цахим орчинд болгоомжтой байж, мэдээллийн эх сурвалжаа нягталж байхыг хүсэж байна” гэсэн хариуг бидэнд өгсөн.

UB Life мэдээллийн сайтын албан ёсны Facebook хуудсыг хуурамч хуудастай харьцуулсан нь

Мөн тус байгууллагын зүгээс нэр, логог нь ашиглан хуурамч мэдээлэл түгээж буй үйлдлийг сануулж байсан бөгөөд доорх сэрэмжлүүлгийг хүргүүлж байжээ.

UB Life вэбсайтын сэрэмжлүүлэг мэдээлэл

Цахим орчинд олны танил хүн, байгууллагын нэрийг ашиглан залилан хийхийг санаархаж, бэлэг өгөх, хямдрал зарлах, мөнгө тараах гэх мэт хуурамч мэдээлэл түгээдэг. Энэ төрлийн хууран мэхлэх арга нь дөнгөж нээсэн цахим хаягийнхаа хандалтыг өсгөж, зар сурталчилгаа хүргэх, хаягаа худалдах зэргээр ашиг олох зорилготой байдаг. Цаашлаад банкны нууц үг, утас, регистрийн дугаар гэх мэт хэрэглэгчийн хувийн мэдээллийг авч санхүүгийн эрсдэлд оруулах нь бий. Иймд ямарваа нэг мөнгө тараах, бэлэг өгөх тухай мэдээлэлд шууд итгэхгүйгээр тухайн хаягийн найдвартай байдлыг шалгаж, хувийн мэдээллээ бүү задруулаарай.

Ташрамд дурдахад, энэ төрлийн хуурамч нийтлэлд сэтгэгдэл бичиж, like дарснаар Facebook-ийн алгоритм цаашид үүнтэй төстэй постыг танд олон давтамжтай харуулж, хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс сэжигтэй зар, постыг репорт хийж хэвшээрэй.

 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

UB LIFE нэртэй хуудаснаас хямдралтай цаг борлуулна гэх мэдээллийг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document