2025 оны 09 дүгээр сарын 18-нд Mungunchimeg Tumurbaatar нэртэй хаягаас “Гурван хоногт ханиадыг нам дарах арга” гэх гарчигтай богино хэмжээний бичлэг түгээжээ. Тус бичлэгт “Ганга, цагаан гаа, лаврын навч гурвыг буцалгаж хандлаад ханданд нь хүүхдийн хөлийг дүрнэ. Хөлийг дүрэхдээ дээгүүр нь алчуураар бүтээж халуун хэвээр байлгана. 15 минут байлгасны дараа хүүхдийн хөлийг салхи авахуулахгүй ороож, арчаад, шар тосоор шилбэний булчин, хөлийн ул хэсгийг массажилна” гэж ярьсан байна. Тус бичлэгийг нийт 10,900 гаруй реакц, 247 сэтгэгдлээр идэвхжүүлж, 14,000 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Ганга, цагаан гаа, лаврын навчтай усанд хөлөө дүрэх нь ханиадыг эмчлэхийг харуулсан шинжлэх ухааны нотолгоо, судалгаа байхгүй
Шалгасан мэдээлэлд дурдсан орцны дагуу “ганга, цагаан гаа, лаврын навч” гэх түлхүүр үгээр Google Scholar, PubMed, ScienceDirect, Whiley Online library, JSTOR, ResearchGate зэрэг судалгааны сангаас хайхад эдгээр орцыг усанд буцалгаж хөлөө дүрэх нь ханиадыг эмчилдэг тухай судалгаа, үр дүнтэй баталсан нотолгоо байхгүй байна.
Австралийн ABC News мэдээллийн сайтад орсон “Ханиад, томуугийн шинж тэмдэгтэй тэмцэх гэрийн эмчилгээ нь тайвшруулах боловч эдгээх арга биш юм” нийтлэлд шалгасан мэдээлэлтэй төстэй “хүүхдийн хөлийг бүлээн усаар угааж, эвкалипт тосоор хөлийн ус, хурууг тосолж, массажлах ” гэх ханиад эмчлэх аргыг дурджээ. Гэвч Австралийн Хатан хааны ерөнхий эмч нарын коллежийн ерөнхийлөгч Карен Прайс “ханиад эмчлэх уламжлалт бус эмчилгээг (альтернатив эмчилгээ) батлах шинжлэх ухааны нотолгоо байхгүй тул маш болгоомжтой авч үзэх хэрэгтэй. Гэрийн эмчилгээ тайвшруулах ч бүрэн эмчлэхгүй юм. Зарим хүмүүс плацебо нөлөөгөөр эерэг үр дүнтэй байж болох ч эдгээхгүй юм” хэмээн тайлбарлажээ.
Бид өмнөх “Хөлөө халуун усанд дүрэх нь тайвшруулах үйлчилгээтэй хэдий ч биеэс хорыг гадагшлуулахгүй”, “Хөлөө ямар нэг бодистой усанд дүрж биеийг хоргүйжүүлэх батлагдсан арга, шинжлэх ухааны нотолгоо байхгүй” баримт шалгалтдаа хөлөө халуун бүлээн усанд дүрэх нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, тайвшруулах үйлчилгээтэйг харуулсан хэд хэдэн судалгаа дурдсан билээ. Гэвч шалгасан мэдээлэлд дурдсан аргаар ханиад, томууг бүрэн эмчлэх нь шинжлэх ухааны баталгаагүй арга юм.
Хөлөө бүлээн усанд дүрэх нь шууд хор хөнөөлгүй ч цаг хугацаа алдах, өвчин хүндрэх эрсдэлтэй тул заавал эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө аваарай.


