2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Мэдээллийн бирж (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Жирэмсэн байхдаа парацетамол хэрэглэх нь аутизм үүсгэдэг хэмээн мэдэгджээ. АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннедитэй хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр парацетамолын найрлагатай, өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй Tylenol жирэмсэн байхдаа хэрэглэх нь аутизм үүсгэх өндөр эрсдэлтэй хэмээн мэдэгджээ. Тэрбээр, “Тайленол уух нь сайнгүй гэдгийг хэлье. Ийм учраас эрүүл мэндийн удирдлагууд шаардлагагүй л бол жирэмсэн эмэгтэйчүүдэд тайленолын хэрэглээг хязгаарлахыг хатуу зөвлөдөг” гэжээ. Эх сурвалж: BBC.com” гэжээ. Уг пост 16 гаруй реакц, 6 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп аутизмын асуудлаар мэдэгдэл хийж, аутизмыг вакцин болон жирэмсэн үед өргөн хэрэглэгддэг өвчин намдаагч тайленолын хэрэглээтэй холбон тайлбарласан. Харин түүний энэхүү мэдэгдэлд анагаахын салбарын мэргэжилтнүүд болон судлаачид эрс шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд Reuters агентлаг, Factcheck.org, AP Fact Check зэрэг баримт шалгах байгууллагууд “Трамп ацетаминофен (Тайленол) болон вакциныг аутизмтай холбоотой гэж үзсэн нь шинжлэх ухаанаар батлагдаагүй” гэх гарчигтай мэдээллүүдийг нийтэлсэн байна.
- Мөн BBC мэдээллийн агентлаг “Трамп ацетаминофен (Tylenol)-ийг аутизмтай холбон нотлогдоогүй мэдэгдэл хийв“, “Эмч нар Трампын аутизмын талаарх мэдэгдэлд хэрхэн хариу өгч байна вэ”, зэрэг гарчигтай мэдээ нийтэлсэн нь шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаас өөр байна.
BBC мэдээллийн агентлагийн мэдээлэлд “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп жирэмсэн үед Tylenol (парацетамол) хэрэглэх нь аутизм үүсгэж болзошгүй гэж мэдэгдсэн нь эмч, эрдэмтдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа” гэсэн байна. Тухайлбал, “АНУ-ын Эмэгтэйчүүд ба Эх барихын коллеж болон Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд парацетамолыг жирэмсэн үед хамгийн аюулгүй өвчин намдаагч хэвээр гэж мэдэгдсэн. FDA-ийн мэдээлснээр ацетаминофен ба аутизмын хооронд холбоо байж магадгүй ч одоогоор батлагдаагүй. Tylenol үйлдвэрлэгч Kenvue ч уг мэдэгдлийг няцаажээ” гэсэн агуулгатай мэдээллийг 2025 оны 09 дүгээр сарын 23-нд нийтэлсэн.
Дүгнэхэд, Их Британийн BBC агентлагийн дээрх мэдээллийг эх сурвалж болгон дурдсан ч төөрөгдүүлсэн агуулгатайгаар түгээсэн байна. Шалгасан мэдээлэлд дурдагдсан агуулга нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди нарын мэдэгдлийн үеэр хэлсэн үг бөгөөд тус мэдэгдлээс хойш анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд болон судлаачид эрс шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн BBC агентлаг, Reuters агентлаг, Factcheck.org, AP Fact Check зэрэг олон улсын баримт шалгах байгууллагууд уг мэдэгдлийг нотолгоонд тулгуурлаагүй, шинжлэх ухааны үндэслэлгүй гэж мэдээлсэн байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын аутизмын асуудлаарх мэдэгдэлтэй холбоотой баримт шалгалтыг уншина уу.




