2025 оны есдүгээр сарын 25-нд Sensor Amaru нэртэй хаягаас “Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг ар гэрийнхэн нь албан бичгээр өгчээ” гэсэн постыг “Хүү хамаатныхаа байж таарсан. Хэлээ биз. Хүү нэг айлаас гарч ирнэ ээ гэж. Энэ олон хүний сайхан сэтгэл, хөлс хүч хөдөлмөрийг тарамдсан юм болох вий гэж. Гол нь энэ хэний зохиосон жүжиг байв, зорилго нь!” гэх тайлбартайгаар түгээсэн байна. Уг пост 2300 гаруй реакц, 1400-аад сэтгэгдэл авч, 387 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газраас 2 настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон тул холбогдох байгууллагууд эрлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн үйл ажиллагаа үргэлжлэх хугацаанд уг явдалтай холбоотой янз бүрийн хуурамч мэдээлэл цахим орчинд түгж, олон нийтийг төөрөгдүүлээд байна.
Энэ талаарх мэдээллийг тодруулахын тулд бид ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуягтай холбогдоход “Хамаатныдаа байгаа гэх мэт төрөл бүрийн худал мэдээлэл түгээж байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт сураггүй алга болсон 2 настай хүүхдийн цогцос эрлийн ажил анх эхэлсэн газраас 4 орчим км-ийн зайнд олдсон. Уг асуудлаар цагдаагаас 17:30-д мэдээлэл өгнө” гэж хариуллаа.
Улмаар 17:40 цагийн үед ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээлэл хийхдээ “…Өнөөдөр 16:00 цагийн орчимд эрэн хайж байсан хоёр настай хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км орчим зайны радиус дотор олсон харамсалтай үйл явдал боллоо… Хэргийн газрыг хамгаалалтад авч, хэргийн газрын үзлэг хийж байна… Цогцсонд үзлэг шалгалт хийж, шинжээчийн дүгнэлт гарах үед дахин мэдээлэл хийнэ” гэжээ.
Иймд иргэд, олон нийтийг албаны эх сурвалжаар батлагдаагүй, хуурамч мэдээлэлд итгэж, цааш түгээхгүй байхыг сануулж байна.
Ташрамд дурдахад, эрлийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид, үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн ноход болон холбогдох байгууллага, иргэд хамтран 7-8 хоног үүрэг гүйцэтгэсэн юм.




