Search

Зэс дутагдсанаар үсний өнгө өөрчлөгдөх магадлалтай ба нэгэнт бууралтсан бол эргээд харлахгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1602

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Бууралтсан үсийг зэс агуулсан хүнс, аяга хэрэглэснээр эргээд харлуулж болно” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Меланин хэмээх пигмент буурснаас үүдэн үсний өнгө бууралтдаг. Зэс дутагдсанаар меланины үйлдвэрлэл удааширч, өөрчлөлт орох магадлалтай байгааг туршилтаар баталсан. Гэвч энэ нь ховор тохиолдол юм. Учир нь үс бууралтах үзэгдлийн дийлэнх нь насжилт, генетикээс үүдсэн байдаг. Насжилт, генетикээс шалтгаалж “цагаарсан” үс буцаад төрөлх өнгөндөө орох боломжгүй. Харин стресс, тамхи, шим тэжээлийн дутагдал зэргээс шалтгаалан үс бууралтах үзэгдлийг амьдралын хэв маягаа өөрчилснөөр удаашруулж болох ч нэгэнт бууралтсан үс буцаад “харлахгүй”.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны есдүгээр сарын 15-нд Б.Гэрэлтцолмон нэртэй хуудаснаас “Үс бууралтах гол шалтгаан бол зэсийн дутагдал юм. Зэсийн дутагдал үүсгэж байгаа шалтгаан нөгөө л цардуул, нүүрс ус. Хөдөлгөөнгүйгээр тогтмол хэтрүүлж иддэг гурил, будаа, төмс, сахар. Эрчүүдийн хувьд үүн дээр архины хэрэглээ нэмэгдэнэ. Бүр 20 настай залуусын үс бууралтсан харагдаж, 30 настнууд үүнийгээ хэвийн мэт маазарна. Энэ бол багаасаа цардуул, сахар агуулсан хүнсийг хэтрүүлж идсэний үр дагавар. Буурал үсийг буцааж харлуулж болох уу? Болно. Эхлээд цардуулаа багасгаж, нарийн гэдэсний ханыг цэвэрлэж, хоол хүнсний шимэгдлийг хэвийн болгох хэрэгтэй. Тэгээд зэс агуулсан хүнсийг сайн хэрэглэх хэрэгтэй. Зэс агуулдаг хүнс юу вэ гэж үү?, Та бүхний иддэггүй бэлчээрийн малын сүү, цагаан идээ. Тэр дундаа хонь, ямааны сүү. Монголчууд хонь, ямаагаа саамаар байгаа юм даа. Гүн хордлогод орсон улаанбаатарчуудад нэн хэрэгтэй зүйл болчихоод байгаа юм. Мөн зэс аяга. Яагаад монголчууд зэс аяга хэрэглэдэгийн бас нэг ухаан энэ. За тэгээд үс бууралтаад байгаа бол үүнийг хэрэгжүүлээд гялалзсан, өтгөн, тас хар үстэй болоорой” гэсэн тайлбартай мэдээлэл нийтэлсэн байна. Уг пост 1500 гаруй реакц, 76 сэтгэгдэл авч, 1100 орочим удаа цааш түгээгджээ. 

Үс бууралтахын гол шалтгаан нь меланин хэмээх пигмент буурснаас болдог. Үсний өнгийг тодорхойлдог меланиныг үсний уутанцарт байрлах меланоцит гэх эсүүд ялгаруулдаг. Насжилт, генетик гэх мэт тодорхой хүчин зүйлсийн нөлөөгөөр меланоцит үйл ажиллагаагаа алдаж, хангалттай меланин ялгаруулж чаддаггүй. Үүнээс үүдэн үсний өнгө сааралтаж, цагаан болдог байна. Меланины хэмжээ буурахад нөлөөлөх гол хүчин зүйлүүд нь:

  • Насжилт
  • Удамшил
  • Тамхи таталт,
  • Хэт ягаан туяаны нөлөөнөөс исэлдэлтийн стресс үүсэж үсний уутанцрыг гэмтээх
  • Тэжээлийн дутагдал (ялангуяа В12 витамин)
  • Хэт их стресс
  • Бамбай булчирхайн өвчлөл зэрэг эрүүл мэндийн суурь асуудал юм.

Эдгээрээс ихэвчлэн генетик, насжилтаас үүдэн үс бууралтдаг байна. Энэ нь зэсийн дутагдлаас үүдсэн шалтгаанаас элбэг тохиолддог гэсэн үг.

Зэс нь тирозиназ хэмээх ферментийн бүрэлдэхүүнд орж, үс, арьс, нүдний өнгийг тодорхойлогч меланиныг үйлдвэрлэхэд тусалдаг бодис юм. Хэрэв зэсийн хэмжээ буурч эхэлбэл меланин үйлдвэрлэл удааширч, үс өнгөө алдахад нөлөөлж болдог. Үүнийг PubMed судалгааны санд 2012 онд нийтлэгдсэн “Үс эрт бууралтах үеийн цусны ийлдэс дэх төмөр, цайр, зэсийн концентраци” судалгаанд дурдсан байна. Тус судалгааг Иран улсад хийж, 132 оролцогчийг хамруулжээ. Судалгаанд оролцогчдыг залуу насанд нь цагаан үс ургасан, огт цагаан үсгүй гэсэн хоёр бүлэгт хувааж үзсэн. Судалгааны үр дүнд цагаан үс нь залуу насанд ургасан хүмүүсийн ийлдэс дэх зэсийн концентраци нөгөө бүлгийн оролцогчдоосоо мэдэгдэхүйц бага байжээ. Мөн оролцогчдын ийлдэст агуулагдах төмрийн хэмжээ зөрүүтэй илэрсэн бол цайр ялгаагүй байсан байна. Иймээс судлаачид зэс, цайр, төмрийн дундаас зэсийн концентраци бага байх нь үс эрт бууралтахад тодорхой хэмжээгээр нөлөөлж болох юм гэсэн таамаглалд хүрчээ.

Өөр нэгэн судалгаанд зэсийн дутагдал нь үсний өнгө бууралтах, меланин пигмент буурах зэрэг өөрчлөлттэй холбоотой гэдгийг туршилтад үндэслэн дүгнэжээ. Тодруулбал, “Зэсийн дутагдал нь үсний өнгө, меланин пигментийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг хархан дээр судалсан нь” судалгаагаар хархыг зэсийн дутагдалтай хоол хүнсээр гурван сарын турш хооллож, өөр бүлэгтэй харьцуулсан туршилт хийж, эсийн хүрээнд шинжилжээ. Зэсийн агууламж бага хүнсээр хооллосон хархнуудыг лабораторид хянахад меланоцитын дотоод бүтэц хэвийн бус, гэмтэлтэй ажиглагдсан байна. Энэ нь яваандаа меланинд нөлөөлж үс, арьсны өнгө өөрчлөгдөхөд хүргэх боломжтой гэж дүгнэсэн аж. Нэг үгээр бол зэсийн дутагдал нь меланиныг үйлдвэрлэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үсний өнгө бууралтахад нөлөөлөх магадлалтай. Гэвч уг үзэгдэл нь түгээмэл тохиолдох нь бага бөгөөд насжилт, генетикээс шалтгаалж үүссэн үс бууралтах үзэгдэл элбэг. Үүнийг зэсийн нэмэлтээр арилгах боломжгүй.

Цагаан үс буюу бууралтах үзэгдлийг бүрэн буцаах боломжгүй бөгөөд энэ хүрээнд хийсэн судалгааны материал хязгаарлагдмал байна. Энэ талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл бэлтгэж хүргэдэг Кливлэнд клиник сайтад “Меланин үйлдвэрлэл багассаар бүрэн зогссон тохиолдлыг дахин идэвхжүүлэх боломжгүй юм. Ялангуяа насжилттай холбоотойгоор үсний өнгө өөрчлөгдөх үзэгдлийг арилгах арга байхгүй. Хэрэв бууралтах шалтгаан нь стресс, шим тэжээлийн дутагдал, тамхи зэрэгтэй холбоотой бол амьдралын хэв маягаа өөрчлөх замаар тухайн үзэгдлийг удаашруулж болно. Гэвч нэгэнт бууралтсан үс буцаад төрөлх өнгөндөө орохгүй” гэдгийг тодорхой сануулжээ. Энэ нь зэс аяга хэрэглэх нь бууралтсан үсийг буцааж харлуулахгүй гэдгийг харуулж байна.

Түүнчлэн шалгаж буй мэдээлэлд дурдсан “цардуулаа багасгаж, нарийн гэдэсний ханыг цэвэрлэж, хоол хүнсний шимэгдлийг хэвийн болгох, зэс аяга хэрэглэх” зэрэг нь бууралтсан үсийг буцааж “харлуулна” гэдгийг баталсан клиник судалгаа илэрсэнгүй.

Дээрх агуулгыг нэгтгэн дүгнэвэл, меланин хэмээх пигмент буурснаас үүдэн үсний өнгө бууралтдаг. Зэс дутагдсанаар меланины үйлдвэрлэл удааширч, өөрчлөлт орох магадлалтай байгааг туршилтаар баталсан. Гэвч энэ нь ховор тохиолдол юм. Учир нь үс бууралтах үзэгдлийн дийлэнх нь насжилт, генетикээс үүдсэн байдаг. Насжилт, генетикээс шалтгаалж “цагаарсан” үс буцаад төрөлх өнгөндөө орох боломжгүй. Харин стресс, тамхи, шим тэжээлийн дутагдал зэргээс шалтгаалан үс бууралтах үзэгдлийг амьдралын хэв маягаа өөрчилснөөр удаашруулж болох ч нэгэнт бууралтсан үс буцаад харлахгүй.




Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Бууралтсан үсийг зэс агуулсан хүнс, аяга хэрэглэснээр эргээд харлуулж болно” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document