Search

Аутизмын талаарх Трампын мэдэгдэлд судлаач, мэргэжилтнүүд эрс шүүмжлэлтэй хандаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1600

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Шинжлэх ухаанд саяханыг хүртэл аутизмын шалтгааныг тодорхойлж чадахгүй байсан. Харин АНУ-ын эрдэмтэд 1)Тайлэнол болон парацетамол эм,лаа 2)УГУ вакцинуудыг хамт хийлгэх нь аутизмын шалтгаан байж болно гэж үзжээ…”

Баримт шалгалтын үр дүн

2025 оны 9-р сарын 22-нд ерөнхийлөгч Дональд Трамп аутизмыг вакцин болон ацетаминофентэй (Тайленол) холбон ярьсан нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлаагүй гэж судлаачид болон анагаахын экспертүүд онцлон шүүмжилсэн байна. Reuters, AP Fact Check, Factcheck.org зэрэг баримт шалгах байгууллагууд ч түүний мэдэгдлийг няцаасан. Харин шалгасан мэдээлэлд зөвхөн нэг талын бүрэн бус мэдээлэл түгээсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Delgerzaya Bold (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Шинжлэх ухаанд саяхныг хүртэл аутизмын шалтгааныг тодорхойлж чадахгүй байсан. Харин АНУ-ын эрдэмтэд 1)Тайлэнол болон парацетамол эм, лаа 2)УГУ вакцинуудыг хамт хийлгэх нь аутизмын шалтгаан байж болно гэж үзжээ…” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 2.9 мянга гаруй реакц, 658 сэтгэгдэл авч, 2.4 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аутизмын асуудлаар мэдэгдэл хийж, аутизмыг вакцин болон жирэмсэн үед өргөн хэрэглэгддэг өвчин намдаагч тайленолын хэрэглээтэй холбон тайлбарласан. Харин түүний энэхүү мэдэгдэлд анагаахын салбарын мэргэжилтнүүд болон судлаачид эрс шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд Reuters агентлаг, Factcheck.org, AP Fact Check зэрэг баримт шалгах байгууллагууд “Трамп ацетаминофен (Тайленол) болон вакциныг аутизмтай холбоотой гэж үзсэн нь шинжлэх ухаанаар батлагдаагүй” гэх гарчигтай мэдээллүүдийг нийтэлсэн байна.

Тус мэдэгдлийн үеэр АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди мөн байр сууриа илэрхийлсэн. Харин Роберт Ф. Кеннедигийн хувьд өмнө нь вакцины талаар хоорондоо зөрчилдөөнтэй мэдэгдлүүд хийж байсан. Тухайлбал, Роберт Ф. Кеннеди вакцин нь аутизм үүсгэдэг гэх олон дахин няцаагдсан мэдээллийг түгээж байсан ба түүний  вакцинжуулалтын эсрэг байр суурь нь эрүүл мэндийн экспертүүдийн анхааралд өртөж байсан юм.

Мөн “Кеннеди нэгэн ярилцлагадаа “Вакцин бол тусгай зөвшөөрөл олгохоос өмнө аюулгүй байдлын шинжилгээнд хамруулдаггүй цорын ганц эмнэлгийн бүтээгдэхүүн” гэж хэлсэн. Энэ нь хуурамч мэдээлэл бөгөөд бүх вакциныг аюулгүй байдлын шинжилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллага зөвшөөрөл олгодог байна.

Тайлэнол болон парацетамолыг аутизмтай холбон тайлбарласан ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн мэдэгдэл шинжлэх ухааны үндэслэлгүй

Судлаачдын үзэж байгаагаар тайленол болон аутизмын хооронд баталгаатай шалтгаант холбоо тогтоогдоогүй байна. 2024 онд Швед улсад хийсэн ойролцоогоор 2.5 сая хүүхдийг хамарсан судалгаагаар, жирэмсний үед ацетаминофен хэрэглэснээр мэдрэлийн эмгэг үүссэн гэдэг нотолгоо гараагүй гэж дүгнэжээ.

Мөн 2025 онд өмнөх 46 судалгааг нэгтгэн хийсэн тойм судалгаанд “жирэмсний үед ацетаминофен хэрэглэх нь зарим эмгэг үүсэх магадлалыг нэмэгдүүлж болзошгүй” гэж тэмдэглэсэн ч Mount Sinai, Harvard University байгууллагын судлаачид жирэмсэн эмэгтэйчүүдийг хэрэгцээтэй үедээ хамгийн бага тунгаар, богино хугацаанд хэрэглэх боломжтой талаар дурдсан.

  • Аутизмын судлаач Дайана Шендэл (A.J. Drexel Autism Institute) мэдэгдэлдээ: “Tylenol ба аутизмын холбоо шинэ асуудал биш – олон удаа, олон янзын судалгаагаар шалгагдсан. Шинэ нотолгоо гаргахгүйгээр ийм мэдэгдэл хийх нь болгоомжгүй бөгөөд эрсдэлтэй.” гэжээ.
  • Аутизмын эксперт, Техасын их сургуулийн доктор Одри Брумбак: “Энэ эмийн үр нөлөөг баттай нотлох сайн судалгаа байхгүй. Судалгаанууд байгаа боловч жижиг, чанар муутай. Тиймээс би үүнийг идэвхтэй санал болгож байгаа зүйл биш” гэжээ.

“Энэ долоо хоногт Трампын захиргааны Хүнс, эмийн Захиргаа (FDA) эмч нарт илгээсэн захидалд энэ талаар тодорхой бичээгүй бөгөөд жирэмсэн үед ацетаминофенийг хэрэглээг боловсруулах, аль болох багасгах талаар зөвлөмж өгсөн” гэж AP news мэдээлжээ.

Улаабурхан, гахайн хавдар, улаануудын вакциныг хамт хийлгэх нь аутизмын шалтгаан байх магадлалтай. Харин тус тусад хийлгэвэл аюул багатай гэж бодож байна” хэмээн Трамп хэлсэн ч энэ нь одоогоор боломжгүйг мэргэжилтнүүд хэлж байна

Улаабурхан, гахайн хавдар, улаануудын вакциныг хамт хийлгэх нь аутизмын шалтгаан байх магадлалтай. Харин тус тусад хийлгэвэл аюул багатай гэж бодож байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус мэдэгдлийнхээ үеэр хэлсэн. Гэвч шинжлэх ухааны олон судалгаа үүнийг дэмждэггүй.

AP news-ийн мэдээллээр, MMR вакциныг тус тусад нь хийх боломжгүй гэжээ. Америкийн Хүүхдийн эмнэлгийн академийн мэдээлснээр одоогоор улаанбурхан, гахайн хавдар, улаануудыг эсэргүүцэх вакцин нэгдсэн байдлаар байдаг ба тус тусдаа салангид хэлбэрээр байхгүй.

“Вакцин нь аутизм үүсгэдэг” тухай батлагдаагүй ойлголт нь 1998 онд нийтлэгдсэн Британийн судлаач Эндрю Вэйкфилдийн судалгаанаас үүдэлтэй бөгөөд тэрээр 12 хүүхдийг хамруулсан жижиг судалгаандаа арга зүйн болон шинжлэх ухааны судалгааны алдаа гаргасан учир Lancet сэтгүүлээс түүний судалгааг эргүүлэн татаж байв. Хэдийгээр энэхүү судалгаа нь хүлээн зөвшөөрөгдөөгүй боловч вакцин нь аутизм үүсгэдэг гэх хуурамч мэдээллийн үндэс болсон байна.

Улаанбурхан өвчний эсрэг вакцин (MMR vaccine – Measles-Mump-Rubella) нь аутизм үүсгэдэг эсэхийг судалсан өргөн хэмжээний судалгааг 2019 онд Данид хийсэн ба 1999 оноос 2010 оны хооронд Данид төрсөн 650,000 орчим хүүхдүүдийг хамруулсан судалгаанд вакцинаас үүдэн аутизмтай болох эрсдэл нэмэгдсэн гэсэн үр дүн гараагүй байна.

Түүнчлэн аутизмын шалтгааныг вакцин гэж үзэх нь биологийн үүднээс батлагдаагүй ба улаанбурханы вакцин хийгдэхээс өмнө аутизм үүсдэг тухай 2020 онд Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн судалгаанд дүгнэсэн байна. Мөн 2012 онд Америкийн Үндэсний эмийн академи насанд хүрэгчид болон хүүхдүүдэд хийдэг хоолойн сахуу, улаанууд, татран, томуу, хүний папиллома вирусийн эсрэг (ХПВ) гэх мэт 8 төрлийн вакциныг судлан эрүүл мэндийн сөрөг үр дагавар үүсгэдэг баримт байхгүйг онцолсон байна.

Дүгнэхэд, 2025 оны 9-р сарын 22-нд ерөнхийлөгч Дональд Трамп аутизмыг вакцин болон ацетаминофентэй (Тайленол) холбон ярьсан нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлаагүй гэж судлаачид болон анагаахын экспертүүд онцлон шүүмжилсэн байна. Reuters, AP Fact Check, Factcheck.org зэрэг баримт шалгах байгууллагууд ч түүний мэдэгдлийг няцаасан. Харин шалгасан мэдээлэлд зөвхөн нэг талын бүрэн бус мэдээлэл түгээсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Шинжлэх ухаанд саяханыг хүртэл аутизмын шалтгааныг тодорхойлж чадахгүй байсан. Харин АНУ-ын эрдэмтэд 1)Тайлэнол болон парацетамол эм,лаа 2)УГУ вакцинуудыг хамт хийлгэх нь аутизмын шалтгаан байж болно гэж үзжээ…”

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document