Search

Зөгийн хорны мелиттин нь хөхний хорт хавдрын ЭСИЙГ устгадгийг судалгаагаар нотолсон ч хүн дээр хэрэглэх боломжгүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1599

Ерөнхий агуулга

“Эрдэмтэд зөгийн бал тээвэрлэгч зөгийн хор нь 60 хан минутын дотор хөхний хавдрын эсийг 100 хувь устгадаг болохыг олж илрүүлжээ. Нууц нь юунд байна вэ гэхээр мелиттин нэртэй бодис хавдрын эс рүү довтолж, нүх үүсгэн ихэнх эрүүл эсийг гэмтэлгүй болгодог байна. Судлаачид үүнийг ирээдүйд эмчилгээнд ашиглана гэж найдаж байгаа аж” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Зөгийн хоронд агуулагдах мелиттин нь хөхний хорт хавдрын эсийг устгадаг болохыг судалгаагаар нотолсон ч аюулгүй байдал болон үр нөлөөг баталгаажуулахын тулд олон шатны клиник судалгаа зайлшгүй шаардлагатай


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 30-нд Dashka Bor (архивлагдсан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Эрдэмтэд зөгийн бал тээвэрлэгч зөгийн хор нь 60 хан минутын дотор хөхний хавдрын эсийг 100 хувь устгадаг болохыг олж илрүүлжээ. Нууц нь юунд байна вэ гэхээр мелиттин нэртэй бодис хавдрын эс рүү довтолж, нүх үүсгэн ихэнх эрүүл эсийг гэмтэлгүй болгодог байна. Судлаачид үүнийг ирээдүйд эмчилгээнд ашиглана гэж найдаж байгаа аж. Хавдрын эсрэг эмийг олохоор бид хичээж байхад энэ бүх цаг хугацаанд биднийг тойроод байж байсан байна хэмээн онцолжээ. Зөгийнүүдэд чадахгүй зүйл гэж үгүй юм хэмээжээ” гэсэн пост нийтэлжээ. Тус пост 09 дүгээр сарын 23-ны байдлаар 1,700 реакц, 562 сэтгэгдэл авсан байна.

  • Постод дурдсан клиник туршилтын талаарх мэдээлэл нь ҮНЭН. Гэвч хүмүүс зөгийнд хатгуулснаар хөхний хорт хавдраа цагийн дотор устгана гэх ташаа ойлголт авах эрсдэлтэй нь түгээсэн, идэвхжүүлсэн байдлаас харагдаж байна. Тиймээс зөгийн хорны клиникийн үр дүнг баталгаажуулах, хэрэглээний аюулгүй байдлыг үнэлэх хүн дээр хийсэн туршилт хараахан хийгдээгүй байгааг энэхүү баримт шалгалтаар нэмж мэдээлж байна.

“Зөгийн хор 60 минутын дотор хөхний хавдрын эсийг 100% устгасан” гэсэн мэдээлэл нь 2020 онд “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн “Зөгийн хор ба мелиттин нь зарим хорт хавдрын (ялангуяа triple-negative болон HER2-enriched) эсийн мембраныг эвдэж, 60 минут орчимд эсийг дарангуйлдаг” гэх нэртэй судалгаанд дурдагджээ. Гэхдээ энэ нь зөвхөн лабораторийн нөхцөлд (in vitro), тодорхой тунгаар, зарим хавдрын эсийн шугам дээр ажиглагдсан үр дүн юм.

2020 онд хийгдсэн тус судалгааны зорилго нь зөгийн хор болон түүний гол бүрэлдэхүүн мелиттиний хавдрын эсийн эсрэг үйлчилгээг, ялангуяа хөхний хорт хавдрын дэд төрөл болох triple-negative болон HER2+ хэлбэрүүд дээр үнэлэхэд чиглэсэн байна.

  • Мелиттин гэдэг нь зөгийн хортой холбоотой гол пептид бөгөөд зөгийн хорны (апитоксин) хамгийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг юм

Судалгааны үр дүнд “Зөгийн хор ба мелиттин нь хөхний хавдрын эсийг, ялангуяа triple-negative болон HER2 төрлийн хавдрыг устгаж, харин эрүүл эсүүдэд хамгийн бага нөлөө үзүүлсэн” гэж дүгнэсэн байна. Үр дүнгийн цаад үйл явцыг тайлбарлавал, “Молекулын түвшинд мелиттиний эерэг цэнэгтэй хэсэг нь хавдрын эсийн сөрөг цэнэгтэй мембрантай холбогдож, нүх гарган эсийг устгадаг” байна.

Мөн 2023 онд “Зөгийн хорыг орчин үеийн анагаах ухаанд хавдрын эсрэг бодис болгон ашиглаж болох уу?” нэртэй судалгаа АНУ-ын Биотехнологийн үндэсний хүрээлэнгийн мэдээллийн сайтад нийтлэгджээ. Тухайлбал, зөгийн хор нь биологийн идэвхтэй пептид болон ферментийг агуулдаг бөгөөд эдгээр нь янз бүрийн гаралтай өвчинтэй тэмцэхэд үр дүнтэй байдаг талаар дурджээ.

Зөгийн хор (Апитоксин) болон мелиттин аль аль нь олон төрлийн хавдрын эсийг гэмтээх нөлөө үзүүлдэг бөгөөд метастазийг (хорт хавдрын эс анхдагч байрлалаасаа тархан, бусад эрхтэн, эдэд шинэ хавдар үүсгэх үйл явц) дарангуйлдаг чухал нөлөөтэй байна.

  • Апитоксин гэдэг нь зөгийн хорны шинжлэх ухааны нэр юм. Энгийнээр хэлбэл, апитоксин бол зөгийнүүдийн ялгаруулдаг хор бөгөөд зөгийн хатгалтаас үүсэх өвдөлт, улайлт, үрэвслийн гол шалтгаан болдог.

Түүнчлэн дээрх судалгааг хийсэн Баруун Австралийн их сургуулийн багийн доктор Сиара Даффи “Мелиттин нь 60 минутын дотор хорт хавдрын эсийн мембраныг бүрэн устгаж чаддаг” гэж хэлсэн байна.

Гэсэн хэдий ч зөгийн хорны клиникийн үр дүнг баталгаажуулах, хэрэглээний аюулгүй байдлыг үнэлэх хүн дээр хийсэн туршилт хараахан хийгдээгүй байна. Одоогоор эмчилгээний хэлбэрээр хүн дээр хэрэглэх боломж батлагдаагүй бөгөөд зөвхөн амьтны модель дээр туршиж, хими эмчилгээтэй хавсрахад тодорхой үр дүн харуулсан байдаг. Ирээдүйд эмчилгээний боломжтой ч, аюулгүй байдал болон үр нөлөөг баталгаажуулахын тулд олон шатны клиник судалгаа зайлшгүй шаардлагатай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Эрдэмтэд зөгийн бал тээвэрлэгч зөгийн хор нь 60 хан минутын дотор хөхний хавдрын эсийг 100 хувь устгадаг болохыг олж илрүүлжээ. Нууц нь юунд байна вэ гэхээр мелиттин нэртэй бодис хавдрын эс рүү довтолж, нүх үүсгэн ихэнх эрүүл эсийг гэмтэлгүй болгодог байна. Судлаачид үүнийг ирээдүйд эмчилгээнд ашиглана гэж найдаж байгаа аж” гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document