2025 оны 09 дүгээр сарын 07-нд Sweet shop нэртэй Facebook пэйж “10 ширхэг нь 5,000 төгрөг” хэмээн таазны гэрэл сурталчилсан рийл оруулжээ. Тус рийлийг 7800 гаруй реакц, 14 сэтгэгдлээр идэвхжүүлж, 809 мянга гаруй удаа үзэж, 2100 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Пэйжийн ил тод байдлыг шалгая
“Sweet shop” нэртэй Facebook пэйжийг 2025 оны 02 дугаар сарын 11-нд нээж, Монголоос хоёр админ удирдаж байна. Тус пэйжийн танилцуулга хэсэгт “эмэгтэйчүүдийн хувцасны дэлгүүр” гэснээс өөр ямар нэг хаяг, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллүүд байхгүй байгаа нь залилангийн шинж чанарын нэг юм. Түүнээс гадна тус пэйжийн “мессеж” буюу чатаар холбогдох товчлуурыг идэвхгүй болгожээ.

Түгээж буй рийлүүдийг шалгая
Sweet shop пэйжийн рийлүүдийг шалгахад гаднын нийгмийн сүлжээний хэрэглэгчдээс татаж авч түгээсэн байгааг доорх зургаас үзээрэй. TikTok платформд 208 мянган дагагчтай бараа, бүтээгдэхүүн борлуулдаг “gitacollection3” нэртэй Непал хэрэглэгчийн бичлэг болон гэрлийн төрөл төрлийн загварууд сурталчилдаг “sandy85474” нэртэй Instagram хэрэглэгчийн бичлэг зэргийг ашиглажээ.

Дүгнээд хэлбэл, гаднын цахим хэрэглэгчдийн бичлэгийг татаж авч, хямд үнээр зарна хэмээн хүмүүсийн анхаарлыг татаж, пэйжийнхээ хандалтыг өсгөж байна. Sweet shop пэйж мессеж хэсгээ идэвхгүй болгосон, ямар нэг холбоо барих хаяг, утасны дугаар оруулаагүй байгаа нь бараа, бүтээгдэхүүн зардаггүй, зөвхөн хандалтаа өсгөх зорилготой гэж харагдаж байна.
Иймд та бүхэн онлайн худалдан авалт хийхдээ хэрсүү байж, пэйжийн ил тод байдлыг шалгаж, утасны дугаар байгаа эсэхийг шалгаж байгаарай.





