2025 оны наймдугаар сарын 28-нд WOW DIY MOM нэртэй хаягаас “Таны гар хөл дээр усан ийм бөмбөлөг шиг зүйл гарч байсан уу ? Минийх гарын хурууны үе хооронд гардаг. Хумсаараа хагалахаар ус шингэн гарна. Тэгвэл үүнийг Дисгидроз гэж нэрлэдэг ба сэтгэл хөдлөлийн асуудалтай холбоотой гэж үздэг гэнэ. Тухайн хүн маш их стресс ба эсвэл түгшүүртэй байх үед гарч ирэх нь элбэг байдаг байна. Үүсэх шалтгаан нь тодорхойгүй байгаа ч сэтгэл хөдлөлөө гаргадаггүй, дотогшоо хүмүүсийн сэтгэлийн түгшүүр, стресс, бухимдал ихэссэн үед гарах хандлагатай гэнэ. Гар, хөл дээр гарч ирэх жижиг цагаан бөмбөлгүүд нь хоорондоо нэгдэж томорч болдог ба ямар нэгэн өвдөлтгүй улайлтгүй зарим үед загатнах шинж өгдөг байна” гэсэн тайлбартай мэдээлэл нийтэлсэн байна. Уг пост 1100 гаруй реакц, 157 сэтгэгдэл авч, 460 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дисгидроз экзем (Dyshidrotic Eczema) нь гарын алга, хуруу, хөлийн уланд жижигхэн шингэнээр дүүрсэн цэврүү үүсгэдэг арьсны өвчин юм. Уг цэврүү нь ихээр загатнаж, хорсдог бөгөөд эдгэрэх явцдаа хагарч, хуулардаг байна. Тухайн өвчний шалтгааныг бүрэн тогтоогоогүй ч харшил, стресс, хөлрөлт ихтэй, чийгтэй байдал зэрэг нь өвчнийг сэдрээх, өдөөгч хүчин зүйлд тооцогддог аж.


Эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл бэлтгэж, нийтэлдэг Мэйо Клиник сайтад “Дисгидрозын эмчилгээнд эмчийн жороор олгодог стероидтой тос, түрхлэг хэрэглэдэг. Мөн шарлага, эм, тариа гэх эмчилгээний төрлүүд бий ч өвчтөний шинж тэмдэг, хүндрэлийн зэргээс хамаарч тохирох хэлбэрийг ашиглана” гэж тэмдэглэсэн байна.
АНУ-ын Арьсны халдварт өвчин судлалын үндэсний холбооны мэдээлж буйгаар тус өвчний үед ажиглагддаг нийтлэг шинж тэмдэг нь,
- Гарын алга, хуруу, хөлийн ул ихээр загатнах
- Гар, хөлд шингэнээр дүүрсэн жижиг цэврүү үзэгдэх
- Цэврүү орчим загатнаж, хорсох
- Цэврүүний эргэн тойрны арьс хайрсжих
- Цэврүү арилсны дараа арьс хуурайшиж, хуулрах
- Арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг байна.
Дисгидроз экзем үүсэх шалтгаан нь бүрэн тодорхойлогдоогүй ч генетик, удамшил, орчны хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Уг өвчин нь хүнээс хүнд халдварладаггүй бөгөөд харшил үүсгэгч, цочроогч бодис, амьдралын хэвшил (стресс, тамхи татах, гараа ойр ойрхон угаах), цаг агаар зэрэг нь өвчнийг сэдрээдэг байна. Тус өвчний шинж тэмдэг нь 2–3 долоо хоног үргэлжилдэг бөгөөд давтан тохиолдох магадлалтай тул тохирох эмчилгээ хийж, шинж тэмдгийг хянаж, бууруулдаг.
Уг өвчний шинж тэмдгийг мэргэжлийн эмчид хандаж үзүүлэн, харшлын шинжилгээ хийлгэснээр тодорхой болгож оношлох боломжтой. Учир нь дисгидрозтой төстэй, харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчин олон төрөл бий. Иймд мэргэжлийн эмчид хандаж, нарийн үзлэг хийлгэснээр тохирох эмчилгээ авах нь зүйтэй.
Дүгнээд үзвэл, дисгидроз экзем нь гарын алга, хуруу, хөлийн уланд жижигхэн шингэнээр дүүрсэн цэврүү үүсгэж, загатнах, арьс хуурайшиж, хуулрах зэргээр илэрдэг арьсны өвчин юм. Уг өвчний үүсдэг шалтгаан нь бүрэн тогтоогдоогүй ч харшил, стресс зэрэг нь өвчнийг сэдрээдэг байна. Нэг үгээр бол стресс, уур бухимдал дисгидроз үүсгэхгүй ч дахин сэдрэх нөхцөлийг бүрдүүлдэг аж.




