2025 оны зургаадугаар сарын 29-нд Oyunmaa Banzragch нэртэй хаягаас “Яагаад самар идэхийн өмнө дэвтээх хэрэгтэй вэ? Бид ихэнхдээ самрыг шууд задлаад идчихдэг. Гэвч самар бүрхүүлдээ фитийн хүчил агуулдаг. Энэ нь хүний биед төмөр, цайр, магни зэрэг эрдэс бодисуудын шимэгдлийг хааж саад болдог. Харин 6–12 цагийн турш усанд дэвтээснээр фитийн хүчил багасаж, шим тэжээл илүү сайн шингэнэ. Самар зөөлөн болж, хоол боловсруулахад хялбар болно” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 3800 гаруй реакц, 385 сэтгэгдэл авч, 1700-аад удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Фитийн (фитат) хүчил нь ургамлын үр, будаа, самар, буурцаг, бүйлс зэрэгт агуулагддаг байгалийн нэгдэл юм. Уг хүчил нь төмөр, цайр, кальци зэрэг эрдэс бодистой нийлснээр тэдгээрийн биед шингэх чадварыг бууруулдаг байна. Гэвч энэ нь хоолны зөв дэглэмтэй хүмүүст төдийлөн аюул учруулдаггүй бөгөөд антиоксидант шинж чанар нь эрүүл мэндэд эергээр нөлөөлөх нь ч бий.
“Фитийн хүчил агуулсан хүнсийг усанд дэвтээснээр тус хүчлийн шинж чанар багасаж, хоолны шингэлт сайжирна” гэж таамаглаж судалсан судалгаа байгаа ч фитийн хэмжээ бараг өөрчлөгдөөгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. PubMed судалгааны санд 2020 онд нийтлэгдсэн “Самрыг усанд дэвтээснээр шим тэжээл хүний биед хурдан шингэх боломжтой эсэхийг” судалсан судалгаанд бүйлс, хушга, газрын самар гэх самрын төрөлд туршилт хийсэн байна. Самруудыг 6–12 цаг усанд дэвтээх явцад нийт эрдсүүдийн агууламж усанд уусаж, багасаж байсан ч фитийн хүчил мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал, хушганд агуулагдах фитийн хүчил 12%-иар багассан бол заримд нь бараг өөрчлөлт ажиглагдаагүй байна. Уг хэмжээг судлаачид шим тэжээлийн биед шингэх чадварыг сайжруулахад хангалттай биш гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, самрыг усанд дэвтээснээр фитийн хүчлийн хэмжээ тухайн самрын төрөл зүйлээс хамааран бага зэрэг буурч болох ч эрдсийн шингээлт нэмэгдэх хэмжээнд хүрч үйлчилдэггүй байна.
Мөн 2017 онд хийгдсэн “Усанд дэвтээсэн бүйлс нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон хоол боловсруулах эрхтний шингэцэд хэрхэн нөлөөлдөг вэ?” гэх судалгаанд 76 оролцогчдыг хамруулж, найман долоо хоногийн турш ажиглажээ. Ингэхдээ усанд дэвтээсэн, дэвтээгээгүй төрлийн самрыг оролцогчдод хэрэглүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, идэх хүсэл, ирээдүйд хэрэглэх магадлал, хоол боловсруулах эрхтний шинж тэмдэг зэргийг хэмжсэн байна. Уг судалгааны үр дүнд усанд дэвтээсэн, дэвтээгүй самрыг идсэн хүмүүсийн хоол боловсруулалт, гэдэсний зовуурийн үнэлгээ ялгаагүй байсан бөгөөд фитийн хүчлийн агууламжийн зөрүү бага байжээ. Иймд судалгааны багийнхан “Самрыг усанд дэвтээж идэх нь хоол боловсруулалтад эерэг нөлөө үзүүлдэггүй” гэж дүгнэсэн байна.
Ургамлын гаралтай хүнсний хүнсэнд агуулагдах фитийн хүчил нь метал ионуудтай холбогдож, шим тэжээлийн шимэгдлийг удаашруулдаг учраас эрдэс бодисын биед шингэх чадварыг бууруулдаг байна. Нөгөөтэйгөөр фитийн хүчил нь ургамлын хөгжих явцад эсийн өсөлт, ургалтын физиологийн үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй шаардагддаг бодис юм. Иймээс тус хүчлийг бүрэн арилгах боломжгүй.
Эцэст нь дүгнээд үзвэл, фитийн хүчил нь төмөр, цайр, кальци зэрэг эрдэс бодисын шингээлтийг бууруулдаг ч тэнцвэртэй хоол хүнс хэрэглэж, зөв хооллодог хүмүүст энэ нь асуудал үүсгэдэггүй. Тус хүчилд агуулагдах үрэвслийн эсрэг шинж чанар нь эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг. Мөн шалгаж буй мэдээлэлд дурдаж байгаатай адил усанд дэвтээх аргаар фитийн хүчлийг арилгах боломжгүй. Уг арга нь хоолны шингэц, хоол боловсруулалтад чухал нөлөө үзүүлдэггүй байна.




