Search

Фульвик хүчил агуулсан бэлдмэл нь донтолтоос гаргах батлагдсан эмчилгээний арга биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1593

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Архинаас гаргах бүтээгдэхүүнийг “тархины эд эсийг нөхөн төлжүүлдэг, бүх төрлийн донтолтоос гаргана” хэмээн сурталчилсан богино хэмжээний бичлэг түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Фульвик хүчил агуулсан бэлдмэл бүх төрлийн донтолтоос гаргадаг болохыг баталсан судалгаа шинжилгээ байхгүй. Мөн тархины эд эсийг нөхөн төлжүүлэхгүй ба альцгеймер өвчний үед хэрэглэх батлагдсан бэлдмэл биш юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 01 дүгээр сарын 13-нд Анти Алкохоль – Архи Тамхинаас гаргах “ЭКО” бэлдмэл хуудаснаас архинаас гаргах, тархины эд эс нөхөн төлжүүлэх бэлдмэл сурталчилсан богино хэмжээний бичлэг оруулжээ. Тус бичлэгт “Дэлхий дээр цор ганц байдаг тархины эд эсийг нөхөн төлжүүлэх фульво гумины хүчил дээр суурилсан бүх төрлийн донтолтоос гаргах, урьдчилан сэргийлэх анти-алкаголь бүтээгдэхүүн. Хэрэглэснээр элэг бөөрний шүүх ажиллагааг дэмжиж, зүрх уушгийг эрүүлжүүлнэ. Сахрыг бууруулж, дархлааг дэмжиж, харшил дарна. Алцгеймер буюу зөнөх өвчний үед хэрэглэнэ. Бүх төрлийн хорт зуршил, архи тамхины эсрэг. Орц найрлага – усан ургамлын хандтай, фульвик гумины биокомплекс, улаан үхрийн нүд, нохойн хошуу, бүрэлгэнэ(улаагана), апорт алим. 100 хувь цэвэр байгалийн гаралтай, хүний биед сөрөг гаж нөлөөгүй” гэх агуулгыг дурдсан байна. Бичлэгийг нийт 1,500 гаруй реакц, 383 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,100 гаруй удаа цааш түгээжээ.

Шалгасан бүтээгдэхүүний гол найрлага болох фульвик, гумины хүчил нь (Fulvic acid, humic acid) ургамал, амьтны үлдэгдэл задралын үр дүнд бий болсон органик материал буюу гумин бодис юм.  Фульвик хүчил хөрсний бичил биетүүд ургамлын биомассыг удаан хугацааны турш задалснаар үүсдэг химийн нэгдэл юм. Уг үйл явц хэдэн зуун жил үргэлжлэх боломжтой. Шавар, чулуу, элс, уулын чулуулгаас фульвик хүчил гаргах боломжтой ба газар зүйн байршил, байгалийн хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр шинж чанартай байдаг. Гумин хүчил нь хөрсний шинж чанар, ургамлын өсөлт, агрономийн үзүүлэлтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг органик молекулууд ба ихэвчлэн нүүрс, хүрэн нүүрс, хөрснөөс гаргаж авдаг байна.

Фульвик бүх төрлийн донтолтоос гаргадаг үр дүнтэйг баталсан клиник судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй.

Фульвик хүчлийг архинаас гаргах эмчилгээнд ашиглагддаг тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна. Фульвикийн хүчлийг архи уусны дараа эрүүлжүүлэх бэлдмэл болгон ашиглахад зориулсан амьтан дээр хийсэн туршилтууд бий ч хүн дээр хийсэн клиник, өргөн хүрээний судалгаа байхгүй байна. Тухайлбал, 2010 онд нийтлэгдсэн “Fulvic Acid (FA)-ийн олборлолт ба эрүүлжих нөлөөний судалгаа“-нд 1, 3, 5 хувийн фульвикийн хүчилтэй бэлдмэлийг(бусад найрлага нь сахар, ус) алкохол уусан харханд туршиж үзжээ. Туршилтыг “Фульвийн хүчил нь тайвшруулах үйлчилгээтэй болох нь батлагдсан ба фульвийн хүчлийг шинэ сэргээгч (эрүүлжүүлэх) эм болгон боловсруулах туршилтын үндэс болсон” хэмээн дүгнэжээ. Тус туршилтад суурилан 2009 онд Хятадын Куньмингийн шинжлэх ухаан технологийн их сургуулиас согтууруулах ундааны эсрэг үйлчилгээтэй фульвик хүчил бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүний патентын эрх хүссэн мэдээлэл Google Patent-д бүртгэгдсэн. Бүртгэлд фульвикийн хүчлийн эерэг нөлөөг “хүний цусан дахь этилийн спиртийн бодисын солилцоог мэдэгдэхүйц хурдасгаж, бие махбодыг алкохолд тэсвэртэй болгох, эрүүл мэндийг сэргээхэд ашиглах боломжтой” хэмээн буулгажээ. Гэвч уг патентад зөвшөөрөл олгоогүй ба 2012 онд судалгаа нийтлэгдсэний дараа патентын өргөдлийг хүчингүй болгосон байна.

Мөн фульвикийн хүчлээр баялаг эмийн ургамлыг (Витиниа Сомнифера, Шилажит ургамал) ашиглан харханд хийсэн судалгааны үр дүнд эдгээр ургамлыг дангаар эсвэл хослуулан хэрэглэх нь архины хамаарлыг бууруулж, донтолтоос урьдчилан сэргийлэх ирээдүйтэй хэмээн дүгнэсэн. Энэ нь батлагдсан арга бус архины хамаарлыг бууруулахад ашиглах боломж бий бөгөөд цаашдын судалгаа шинжилгээ шаардлагатайг илтгэж байна.

Үргэлжлүүлэн фульвикийн хүчлийг донтолтоос гаргахад ашигладаг гэх агуулгын хүрээнд PubMed, Google Scholar, ResearchGate, Science Direct, Wiley Online Library судалгааны сангаас “фульвик хүчил, архины донтолт(хамаарал)” , “фульвик хүчил, донтолт” гэх түлхүүр үгээр хайхад үр дүнг баталсан өргөн хүрээний, клиник судалгаа байхгүй байна.

  • Архины буруу хэрэглээ, донтолтоос гарах  эмчилгээ нь хүн бүрийн биеийн байдал, архины хэрэглээ зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байдаг. Мөн зан үйлийн эмчилгээ, эмийн эмчилгээ, архинаас болж үүссэн өвчний эмчилгээ зэргийг нэгтгэсэн цогц эмчилгээ хийдэг.

Фульвик хүчил нь тархины эсийг нөхөн төлжүүлдэг болохыг баталсан судалгаа байхгүй. Алцгеймер өвчинд эерэг нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч үр дүнг батлахын тулд нэмэлт судалгаа, шинжилгээ шаардлагатай байна.

2025 онд нийтлэгдсэн “Альцгеймер өвчинд үзүүлэх фульвик хүчлийн нөлөө-системчилсэн тойм” судалгаанд фульвик хүчил нь үрэвслийн эсрэг, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдлыг удаашруулж, мэдрэлийн эсийн доройтлоос хамгаалах чадвартай тул альцгеймер өвчнийг эмчлэхэд хэрэглэх боломжтойг харуулжээ. Мөн дүгнэлтдээ альцгеймер өвчин болон бусад мэдрэлийн эмгэгийг эмчлэхэд фульвийн хүчлийн үр нөлөө, аюулгүй байдлыг илүү нарийвчилсан үнэлэхэд чиглэсэн цаашдын судалгаа хийхийг зөвлөсөн байна.

2011 онд нийтлэгдсэн “Фульвик хүчил нь альцгеймерийн өвчинтэй холбоотой Тау фибрилүүдийн бөөгнөрлийг дарангуйлж, задлахад тусалдаг” лабораторийн судалгаагаар фульвик хүчлийг ашиглан альцгеймер өвчнийг эмчлэх арга боловсруулах боломжтойг онцолж, амьд организм дээр хийсэн in vivo судалгаа хийх шаардлагатайг дурджээ. Мөн 2012 онд нийтлэгдсэн тойм судалгаанд (шүүмж) фульвик хүчил болон B витамины нэгдэл агуулсан шилажитийн найрлага нь альцгеймер өвчний эсрэг хэрэглэх боломжтой шинэ тэжээллэг бодис болж байгааг судалгаагаар харуулсан.

  • Дээрх судалгаануудад фульвикийн хүчил нь альцгеймер өвчний эмчилгээний бүтээгдэхүүн гаргах боломжтой, ирээдүйтэй гэж онцолсон бөгөөд цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг дурдсан. Өөрөөр хэлбэл, фульвикийн хүчил альцгеймер өвчний эмчилгээнд хэрэглэж болох эсэх нь судалгааны шатанд явж байгаа ба батлагдсан эмчилгээний арга биш юм. Мөн Фульвикийн хүчил тархины эд эсийг нөхөн төлжүүлдэг агуулгыг батлах өргөн хүрээний судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй юм.

Альцгеймер өвчнийг бүрэн эмчлэх арга байхгүй ч өвчний явцыг өөрчлөх эмчилгээ, шинж тэмдгийг арилгахад туслах эмийн болон эмийн бус эмчилгээ байдаг тухай Альцгеймерийн Нийгэмлэг, Их Британийн Үндэсний Эрүүл мэндийн албаны сайтад мэдээлсэн.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Кливланд клиник – фульвик хүчлийн тухай мэдээлэл

Science Direct судалгааны сан- гумин бодисны тухай мэдээлэл 

“Газар тариалан, хөрсний эрүүл мэндэд гумин хүчлийн гүйцэтгэх үүргийг ойлгох” судалгаа

Fulvic Acid (FA)-ийн олборлолт ба эрүүлжих нөлөөний судалгаа

Google Patent

Хулганы архины донтолтод Витиниа Сомнифера, Шилажитийн нөлөө” судалгаа

“Фульвик хүчил, архины донтолт” түлхүүр үгээр хайсан судалгааны сангийн илэрцүүд

Архины хамаарла, донтолтын эмчилгээний тухай

Альцгеймер өвчинд үзүүлэх фульвик хүчлийн нөлөө-системчилсэн тойм” судалгаа

Фульвик хүчил нь Альцгеймерийн өвчинтэй холбоотой Тау фибрилүүдийн бөөгнөрлийг дарангуйлж, задлахад тусалдаг” судалгаа

“Nutraceuticals нь Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадах уу? Шилажит ба иж бүрдэл В витамин агуулсан эмийн боломжит эмчилгээний үүрэг” судалгаа

Альцгеймерийн Нийгэмлэгийн сайт

Их Британий Үндэсний Эрүүл мэндийн албаны сайт

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Архинаас гаргах бүтээгдэхүүнийг “тархины эд эсийг нөхөн төлжүүлдэг, бүх төрлийн донтолтоос гаргана” хэмээн сурталчилсан богино хэмжээний бичлэг түгээжээ.

 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document