Search

Утасгүй чихэвч нь богино долгионы зуухаас 700 дахин бага хэмжээний чадлаар ажилладаг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1592

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Утасгүй чихэвч зүүх нь богино долгионы зуух чихэндээ зүүгээд явсантай ижил юм. Үүнээс болж мэдрэлийн гаралтай өвчин үүсэх магадлалтай” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Утасгүй чихэвч нь богино долгионы зуухтай харьцуулшгүй бага чадалтай долгион дамжуулан ажилладгаас гадна хүний эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг гэсэн нотлох баримт одоогоор байхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 4-нд Уранчимэг Урнаа Сосоржав хаягаас “Утасгүй чихэвч нь богино долгионы зуухтай адил 2.4 гигигерц үелзэлтэй байдаг. Утасгүй чихэвч зүүх нь богино долгионы зуух чихэндээ зүүгээд явсантай ижил юм. Үүнээс болж мэдрэлийн гаралтай өвчин үүсэх магадлалтай” гэх агуулгатай рийл түгээжээ. Тус рийлийг 16 гаруй мянган реакц, 219 сэтгэгдлээр идэвхжүүлж, 4100 гаруй удаа цааш түгээжээ.

2015 оноос электрон төхөөрөмжийн долгион хүнд хор, нөлөө үзүүлж байна гэсэн мэдээлэл гаднын цахим орчинд түгж эхэлснийг Reuters, AFP, Deccan Chronicle баримтаар шалгажээ.

Цахилгаан соронзон орныг бага буюу ионжоогүй, их буюу ионжсон гэж хоёр хуваадаг. Их буюу ионжсон цахилгаан соронзон оронд хэт ягаан туяа, рентген туяа, гамма туяа зэрэг багтдаг. Харин бага буюу ионжоогүй соронзон оронд багтах радио, телевиз, гар утас, wi-fi, богино долгион зэрэг нь хүний ДНХ-г гэмтээх хэмжээний энерги хуримтлуулдаггүй. Энэ талаар дэлгэрэнгүйг бидний өмнөх баримт шалгалтаас орж уншаарай.

Ионжоогүй болон ионжсон цахилгаан соронзон орны харьцуулалт

Өмнөд Солонгос улсын Ханьян Кибер Их Сургуулийн электроникийн профессор Wang Sung-sik “Утасгүй чихэвчийг богино долгионы зуухтай харьцуулах нь утгагүй зүйл. Хэдийгээр адилхан 2.4 гигагерц үелзэлтэй ч хэр их энерги, чадал дамжуулж байна вэ гэдэг нь чухал юм. Нарны гэрэл ч гэсэн маш өндөр үелзэлтэй, гэхдээ аюулгүй шүү дээгэжээ.

Эрүүл мэндийн хуурамч мэдээллийг судалж, шалгадаг Meedan компанийн судлаачид “Ионжоогүй цахилгаан соронзон орон нь ионжсоноос илүү аюулгүй гэж үздэг. Өнөөдрийн байдлаар утасгүй чихэвчийг үйлдвэрлэх эсхүл ашиглахыг хязгаарлах хэмжээний хор хөнөөлтэй гэсэн баримт, нотолгоо байхгүй” гэжээ.

Энэтхэгийн Deccan Chronicle мөн энэ талаар баримт шалгалт хийж, “AirPods нь богино долгионы зуух шиг их биш, бага чадалтай Bluetooth долгион ашигладаг тул энэ нь худал юм” гэсэн дүгнэлт гаргажээ.

Энэ талаар Apple компани “Бид хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг маш нухацтай авч үздэг. Бид бүтээгдэхүүнээ зохион бүтээхдээ холбогдох аюулгүй байдлын шаардлагад нийцэж буй эсэхийг баталгаажуулахын тулд өргөн хүрээнд туршдаг. AirPods болон Apple-ийн бусад утасгүй төхөөрөмжүүд цахилгаан соронзон орны холбогдох удирдамж, хязгаарыг хангахаас гадна тогтоосон хязгаараас хоёр дахин бага түвшинд байгаагэжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) “Богино долгионы зуухын дээд чадал 500 милливатт/м2 байдаг бол утасгүй чихэвчнийх үүнээс 700 дахин бага юм” гэж мэдээлжээ.

Эдгээр баримтуудаас үзвэл, AirPods болон бусад утасгүй чихэвч нь богино долгионы зуухтай харьцуулшгүй бага чадалтай долгион дамжуулан ажилладаг. Одоогийн байдлаар утасгүй чихэвчийн зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэндэд хор, хөнөөл үзүүлдэг гэсэн хангалттай нотлох баримт байхгүй бөгөөд судлагдсаар байгаа юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Утасгүй чихэвч зүүх нь богино долгионы зуух чихэндээ зүүгээд явсантай ижил юм. Үүнээс болж мэдрэлийн гаралтай өвчин үүсэх магадлалтай” гэх агуулгатай пост түгээжээ.

Check document