2025 оны долоодугаар сарын 28-нд Altantsetseg Badgar нэртэй хаягаас “Тал сонгино, гурван хумс саримс, нэг ширхэг нимбэг, гурван хэрчим цагаан гаа, хоёр бүтэн хатуу синнамоныг хоёр литр буцалсан усанд хийж 10 минут буцалгана. Энэ бэлдмэл нь уушгийг цэвэрлэж, бронхит, хамар, хоолойн үрэвсэл, ханиадыг эмчилж, биеийн дархлааг сайжруулж, үрэвслийг дарна” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 2700 гаруй реакц, 32 сэтгэгдэл авч, 3700 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээлэлд дурдсан орцууд нь витамин, эрдэс бодис, антиоксидант зэрэг органик нэгдэл агуулдаг тул үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, ханиадны шинж тэмдгийг намдаах ч уушги, хамар, хоолойн хүндэрсэн хэлбэрийн өвчнийг эмчлэхгүй.
Сүүлийн үед эмийн бус аргаар олон төрлийн өвчнийг анагаах боломжтой тухай төрөл бүрийн жор, аргын талаар мэдээлэл түгээх болсон. Гэвч энэ төрлийн аргууд нь шинжлэх ухаанаар бүрэн нотлогдоогүй, баталгаагүй байдаг. Түүнчлэн зарим аргыг хэт дөвийлгөж сурталчилснаар хүмүүс эмнэлэгт хандаж, мэргэжлийн тусламж, үйлчилгээ авах нь оройтож өвчин нь улам хүндрэх эрсдэлтэй болдог байна.
Шалгаж буй мэдээлэлд дурдсан орцуудын шинж чанарууд:
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа “Хүнсний мэдээллийн төв”-өөс сонгино, саримс нь эрдэс бодис, витамин, эслэг, селен, флавоноидууд зэрэг био идэвхт нэгдлүүдээр баялаг, үрэвслийн эсрэг шинж чанартай хүнс гэдгийг мэдээлжээ. Эдгээр найрлагууд нь холестерин, цусны даралтыг бууруулж зүрхний эрүүл мэндийг дэмжих, дархлааг сайжруулах, үрэвсэл, нянгийн эсрэг үйлчлэл үзүүлэх зэрэг ашиг тустай. Тодруулбал, 2023 оны “Саримс, сонгинын хэрэглээ нь амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” эмнэл зүйн судалгаанд Испанийн Гранада хотод оршин суух 65 ахмад настныг хамруулж, судалсан байна. Оролцогчдыг санамсаргүй байдлаар хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт пласебо буюу жинхэнэ эмчилгээний нөлөө үзүүлдэггүй бодис, бэлдмэлийг ашигласан бол нөгөө бүлэгт нь саримс, сонгинын хандыг 36 долоо хоногийн турш өдөр бүр хэрэглүүлсэн байна. Уг судалгааны үр дүнд саримс, сонгинын ханд хэрэглэсэн бүлгийнхний амьсгалын замын халдварт өвчин, ханиадны шинж тэмдэг, үргэлжлэх хугацаа нь пласебо бүлгээс эрс бага байжээ. Үүнээс саримс, сонгинын хэрэглээ нь амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэж дүгнэсэн байна. Гэвч тус судалгааг хязгаарлагдмал хүрээнд, цөөн тооны хүнийг хамруулж хийсэн тул илүү өргөн хүрээтэй, олон төвт судалгаанууд шаардлагатай байгааг онцолсон.
Цагаан гаа нь үрэвслийн эсрэг, антиоксидант үйлчилгээтэй. Амьсгалын замын халдварын үед ханиалгыг намдаах, шинж тэмдгийг багасгахад тустай гэдгийг харуулсан олон тооны судалгаа бий. Тухайлбал, PubMed олон улсын судалгааны санд нийтлэгдсэн “Сүрьеэ өвчний үед цагаан гааны үрэвслийн эсрэг, антиоксидант үйлдэл” судалгаанд уушгины сүрьеэтэй 69 өвчтөнийг хамруулжээ. Туршилтад өдөрт 3 грамм цагаан гааны хандыг нэг сарын турш хэрэглэсэн хүмүүс, цардуул агуулсан капсул хэрэглэсэн плацебо бүлэг гэсэн хоёр төрлийн оролцогчид хамрагджээ. Энэхүү судалгааны дүгнэлтэд цагаан гаа нь үрэвслийн эсрэг, антиоксидант нэмэлт байдлаар сүрьеэгийн эмчилгээтэй хослуулан ашиглахад үр дүнтэй гэж дурдсан байна. Учир нь цагаан гаа нь эсэд гэмтэл учруулах магадлалтай чөлөөт радикалыг саармагжуулж буй нь ажиглагджээ.
Гэвч их хэмжээгээр цагаан гаа хэрэглэх нь инсулины үйл ажиллагаанд нөлөөлж, цусан дахь сахрыг бууруулж болзошгүй гэдгийг Жонс Хопкинсийн анагаах ухааны байгууллагаас сануулжээ. Тиймээс их хэмжээгээр цагаан гаа, цагаан гааны нэмэлт хэрэглэхээс зайлсхийхийг чихрийн шижинтэй хүмүүст онцлон анхааруулсан байна.
Нимбэг нь ерөнхий дархлааг дэмжиж, амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлж, эсийн үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг байна. Учир нь витамин C агуулдаг тул дархлааг дэмжиж, ханиад, томууны үед шинж тэмдгийг намдаахад тустай бөгөөд байгалийн антиоксидант чанараар баялаг аж. Гэвч зөвхөн нимбэгээр дамжуулан бронхит, хамрын дайвар хөндийн үрэвсэл, хүнд төрлийн ханиад, уушгины өвчин зэргийг эмчлэх боломжгүй. Иймээс мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээний аргаар эмчлүүлэх хэрэгтэй.
Мөн синнамон нь антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанартай хүнсний нэг бөгөөд цусан дахь сахрын хэмжээг зохицуулах, зүрх судасны эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй гэж үздэг байна. Синнамоны шинж чанарыг илүү нарийн судалсаар байгаа бөгөөд хавдар, үрэвсэл, зүрх судас, мэдрэлийн эмгэгийн эсрэг ашиглах уламжлалт эмчилгээнд ч нэмэлт клиник судалгаа шаардлагатай байгааг онцолдог. Энэ талаар АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн сайтад “Синнамоныг хоолонд амтлагч хэлбэрээр тохируулан хэрэглэх нь аюулгүй ч их хэмжээгээр удаан хугацаанд хэрэглэх нь элэг, ходоод, гэдсэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна харшлах магадлалтай. Мөн синнамоны бүрдэл хэсэг, төрөл зүйл зэрэг нь химийн найрлагаараа ялгаатай байдаг бөгөөд бүрэн судлагдаагүй байгаа. Иймд синнамон болон бусад ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөх нь зүйтэй. Учир нь синнамоны төрөл зүйлийг ялгахгүйгээр их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэл учруулах боломжтой” гэж мэдээлжээ.
Эдгээр баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, дээр дурдсан орцууд нь хүний биед ашиг тустай шинж чанаруудыг агуулдаг ч хамар, хоолойн үрэвсэл, ханиад, уушгины өвчин, бронхит зэргийг эдгээх эмчилгээний аргыг орлохгүй юм. Мөн зарим орцыг их хэмжээгээр хэрэглэх нь харшил үүсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс баталгаагүй жорыг хэрэглэхгүй байж өвчний шинж тэмдэг илэрсэн үед мэргэжлийн эмчид хандаарай.




