Search

Зарим төрлийн гелин лакны найрлага дахь TPO бодис нь үргүйдэл үүсгэж болзошгүйг амьтны туршилтаар баталсан тул ЕХ хоригложээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1590

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Гелен лак үргүйдэл үүсгэж байна” гэх агуулга бүхий пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гарчиг нь төөрөгдүүлсэн боловч, доторх агуулга нь үнэн байна. Тухайлбал, TPO (Trimethylbenzoyl Diphenylphosphine Oxide) нь гелин лакыг хурдан, жигд хатахад чухал үүрэг гүйцэтгэдэг бодис боловч амьтны туршилтаар өндөр тунгийн үед ургийн үржих чадвар буурч, тестис буюу өндгөвч гэмтэх сөрөг нөлөө илэрсэн байна. Иймд Европын Холбоо 2025 оны 9 дүгээр сарын 1-ээс TPO-ыг гоо сайхны бүтээгдэхүүнд хориглосон байна.  Энэхүү хориг нь найрлагад нь TPO бодис орсон бүтээгдэхүүнд хамаарах бөгөөд бүх гелин лакыг хориглосон гэсэн үг биш юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр blushmongolia (архивласан хувилбар) гэх инстаграм хаягаас “Гелен лак үргүйдэл үүсгэж байна” гэх агуулга бүхий пост нийтэлжээ. Уг пост 210 гаруй реакц, 7 сэтгэгдэл авчээ.

Тус постод, “2025 оны 09 дүгээр сарын 01-нд Европын Холбоо гелен лакны найрлагад ордог TPO хэмээх бодисыг хортой, үргүйдэл үүсгэгч бодис гэж үзэн хориглох шийдвэрийг гаргажээ. TPO гэдэг бодис нь гелен лакыг LED болон UV гэрлийн дор хурдан хатахад тусалдаг “photoinitiator” буюу гэрэлд идэвхждэг бодис юм. Одоогийн байдлаар хүн дээр хийсэн батлагдсан судалгаа байхгүй ч амьтад дээр хийсэн судалгааны үр дүнд ийнхүү шийдвэрлэсэн байна. Гэхдээ энэ гелен маникюрыг бүхэлд нь хориглоогүй зөвхөн TPO хэмээх бодисыг л хориглосон учраас олон брэнд найрлагадаа TPO-гүй хумсны будаг руу шилжиж байна” гэжээ.

Европын Холбоо 2025 оны 9 дүгээр сарын 1-ээс TPO-ыг гоо сайхны бүтээгдэхүүнд бүрэн хориглосон байна

Европын Холбооны Комисс 2025 оны 5-р сарын 12-нд баталсан Commission Regulation (EU) 2025/877 журмын дагуу TPO (Trimethylbenzoyl Diphenylphosphine Oxide) болон бусад CMR ангиллын бодисуудыг гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахыг бүрэн хориглосон байна.

CMR ангиллын бодисын жагсаалтад хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх магадлалтай бодисуудыг багтаадаг бөгөөд гурван үндсэн бүлэгт хуваагддаг. Үүнд:

  • C (Carcinogenic) ангилал нь хавдар үүсгэх магадлалтай бодисуудыг,
  • M (Mutagenic) ангилал нь ДНХ-ийн бүтцэд өөрчлөлт оруулж мутаци үүсгэж болзошгүй бодисуудыг,
  • R (Reprotoxic) ангилал нь жирэмслэлт, үр тогтолт, эсвэл үр хөврөлийн хөгжлийг хордуулж болзошгүй бодисуудыг багтаадаг.

Эдгээр бодисыг 1A, 1B, 2 ангиллаар үнэлдэг байна. Тухайлбал,

  • 1A нь хүн дээр хийсэн туршилтаар батлагдсан,
  • 1B нь амьтан дээр хийсэн туршилтаар батлагдсан,
  • 2 нь магадлалтай боловч нотолгоо бүрэн бус ангиллыг илэрхийлдэг. CMR ангилал нь гоо сайхны болон бусад бүтээгдэхүүнд эдгээр бодисыг ашиглах эсэх, аюулгүй байдлыг үнэлэх үндэс болдог.

Өмнө нь TPO нь мэргэжлийн хэрэглээнд (жишээ нь хиймэл хумс хийх салбарт) 5%-ийн концентрацаас ихгүй хэмжээнд зөвшөөрөгддөг байсан ч, амьтанд хийсэн туршилтаар хортой бодис буюу (CMR 1B) гэж ангилснаар Annex III-аас устгаж, Annex II-д хориглосон бодисын жагсаалтад оруулсан.

  • “Annex III” нь мэргэжлийн хэрэглээнд зөвшөөрөгдсөн бодисуудын жагсаалт бөгөөд TPO-г зөвшөөрөгдсөн мэргэжлийн хэрэглээний жагсаалтаас хасаж, одоо бүрмөсөн хориглосон Annex II жагсаалтад шилжүүлсэн гэсэн үг юм.

Энэхүү журам нь Европын бүх гишүүн оронд 2025 оны 09 дүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд урьд өмнө зөвшөөрөгдсөн мэргэжлийн хэрэглээ ч уг хоригт багтсан байна.

TPO нь амьтан дээр хийсэн туршилтаар өндөр тунд ургийн үржих чадвар болон тестис буюу өндгөвч гэмтсэн сөрөг нөлөө үзүүлсэн

TPO (Trimethylbenzoyl Diphenylphosphine Oxide) нь UV гэрлийн тусламжтайгаар идэвхиждэг бөгөөд гелен лакыг хэт ягаан туяа эсвэл LED гэрэлд өртүүлэхэд шингэнийг хатуу болгож, гялгар, бат бөх, жигд хатсан эцсийн үр дүнг хурдан хугацаанд бий болгодог. Энэхүү полимержилтийн (молекулууд нийлж хатуу бүтэц үүсгэх явц) явцад ихэнх TPO задарч, хумсны толионд маш бага тун үлддэг байна. Тиймээс TPO хумсны толионоос биед шингэх магадлал маш бага гэж үздэг” гэж “Cosmetic Ingredient Review” байгууллагаас боловсруулсан тайланд онцолжээ.

Гэвч “Гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглагддаг TPO (Trimethylbenzoyl Diphenylphosphine Oxide) -ийн аюулгүй байдлын үнэлгээ”-ний тайланд дурдсанаар амьтан дээр хийсэн хөгжлийн ба үргүйдлийн хортой байдлын судалгаагаар “Wistar” хулганад 500 мг/кг TPO-г 1% өгөхөд биеийн жин буурах, үр төлд хөл муруйх зэрэг сөрөг нөлөө ажиглагдсан. Харин “Wistar Han” хулганад 600 мг/кг тунгаар өгөхөд өндөр тунгийн бүлэгт ургийн үржих чадвар 0% болж, тестис буюу өндгөвч гэмтсэн ч үр төлд сөрөг нөлөө гараагүй байна.

Гэхдээ дээрх туршилтад амьтанд их тунгаар TPO-г давтамжтайгаар өгсөн учраас, хүний хумсны давхаргад маш бага хэмжээтэй TPO түрхэх нөхцөлтэй шууд харьцуулах боломжгүй юм.

Дүгнэх нь

Шалгасан мэдээллийн “Гелен лак үргүйдэл үүсгэж байна” гэсэн гарчиг нь төөрөгдүүлсэн ч доторх агуулга нь үнэн байна.

Дүгнэхэд, TPO (Trimethylbenzoyl Diphenylphosphine Oxide) нь гелин лакыг хурдан, жигд хатахад чухал үүрэг гүйцэтгэдэг бодис боловч амьтны туршилтаар өндөр тунгийн үед ургийн үржих чадвар буурч, тестис буюу өндгөвч гэмтэх сөрөг нөлөө илэрсэн байна. Иймд Европын Холбоо 2025 оны 9 дүгээр сарын 1-ээс TPO-ыг гоо сайхны бүтээгдэхүүнд хориглосон бөгөөд энэхүү хориг нь TPO бодис найрлаганд нь орсон бүтээгдэхүүнд л хамаатай байна.

Мөн хэрэглэгчид TPO агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгохын тулд:

  • Бүтээгдэхүүний найрлагын шошгоноос Trimethylbenzoyl Diphenylphosphine Oxide орц агуулагдаагүй эсэхийг шалгах,
  • “TPO-free” гэсэн тэмдэглэгээтэй эсэхийг харах, эсвэл брэндээс баталгаажуулалт асуух боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Гелен лак үргүйдэл үүсгэж байна” гэх агуулга бүхий пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document