Search

Хөлөө халуун бүлээн усанд дүрэх нь түр зуур эерэг нөлөө үзүүлэх ч өвчнийг бүрэн эдгээхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1588

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цагаан гаа, лаврын навстай усанд хөлөө дүрэх нь  хор гадагшлуулах, хараа сайжруулах, өвчин намдаах зэрэг олон үйлчилгээтэй гэх агуулга бүхий пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хөлөө бүлээн усанд дүрэх нь тайвшруулж, нойрны чанарт нөлөө үзүүлдэг ч шалгасан мэдээлэлд дурдсан аргаар хөлөө усанд дүрэх нь өвчнийг бүрэн эмчилж, хор гадагшлуулж, хараа сайжруулдаг болохыг баталсан судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 15-нд Бөө (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Цагаан гаатай усанд хөлөө дүрэх нь бөөр давсагийн сувгийг нээн, хий цусны гүйдлийг тэгшитгэн, хаван хөөж, нурууны өвдөлт намдааж, нүдний хараа сайжруулж, хоргүйжүүлэх, тайвшруулах тамир тэтгэх, ханиад томуу дарах үйлдэлтэй. Цагаан гаа 2 хэрчим, ганга, лаврын навч 2 ширхэг зэргийг хольж буцалгаад бүлээн болмогц хөлийн шилбэ хүртлээ 15-20 орчим дүрж байлгана” гэх мэдээлэл түгээжээ. Тус постыг нийт 2,600 гаруй реакц, 98 сэтгэгдлээр идэвхжүүлж, 3,400 гаруй удаа цааш түгээсэн байна.

Бид өмнөх “Хөлөө ямар нэг бодистой усанд дүрж биеийг хоргүйжүүлэх батлагдсан арга, шинжлэх ухааны нотолгоо байхгүй”, “Ионжуулсан усанд хөлөө дүрж, биеийн хорыг гадагшлуулдаг гэдэг нь батлагдаагүй” баримт шалгалтаараа хөлөө ямар нэг бодистой усанд дүрээд хор гадагшлуулах тухай шинжлэх ухааны нотолгоо, судалгаа байхгүй тухай мэдээлж байсан. Хүний элэг бодисын солилцоо, дархлаа, хоол боловсруулах, хоргүйжүүлэх, витамин хуримтлуулах замаар байгалиасаа хоргүйжүүлэх системтэй учир ямар нэг бүтээгдэхүүн, гэрийн аргаар хор гадагшлуулахыг баталсан судалгаа байхгүй тухай өмнөх баримт шалгалтдаа мэдээлсэн.

Цагаан гаатай усанд хөлөө дүрэх нь  цусны даралтыг бууруулах боломжтойг харуулсан судалгаа байгаа ч нэмэлт, нарийвчилсан судалгаа шаардлагатай гэж дурджээ. Мөн хөлөө бүлээн усанд дүрэх нь тайвшруулах, нойрны чанарт нөлөөтэйг харуулсан судалгаа бий.

  • Цагаан гаатай усанд хөлөө дүрэх нь цусны даралтыг багасгаж, нурууны өвчнийг намдаахыг харуулсан хэд хэдэн судалгаа бий ч илүү олон хүнийг хамарсан, нарийн судалгаа хийх шаардлагатайг дурджээ. Тодруулбал, 2020 нийтлэгдсэн  “Даралт ихсэх өвчтэй хүмүүсийн цусны даралтыг бууруулахын тулд цагаан гаа үнэртэй бүлээн усаар хөлийг дэвтээх үр нөлөө” судалгаанд цусны даралт ихсэх өвчтэй 20 хүнийг хамруулсан ба цагаан гааны үнэрт тос ашиглан хөлийг бүлээн усанд дүрснээр цусны даралтыг бууруулж буйг харуулсан. Гэхдээ үүнийг эмийн эмчилгээтэй хамт хэрэглэхийг сануулжээ.
  • Мөн 40 хүн хамруулсан 2023 онд нийтлэгдсэн “Цусны даралт бууруулахад цагаан гаатай усанд хөлөө дүрэх болон дасгал хөдөлгөөн хийхийн нөлөө” судалгаанд 40 хүн хамруулсан ба цагаан гаатай усанд хөлөө дүрэх, дасгал хөдөлгөөнтэй хослуулах аргыг судалжээ. Тус арга нь цусны даралт бууруулахтай холбоотойг харуулсан ч үр нөлөөг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа шаардлагатайг дурдсан.
  • 2017 онд Малайзын сувилахуйн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд нийт 60 хүнийг гурван долоо хоногийн хугацаанд хамруулсан ба харааны аналог өвдөлтийн хэмжүүр болон сэтгэл ханамжийн санал асуулгын аргаар судалгааны асуулгыг авчээ. Тус судалгаагаар цагаан гаатай усанд хөлөө дүрэх нь энгийн усанд хөлөө дүрэхээс илүү өвчин намдаадаг болохыг харуулсан. Тус судалгаанд нурууны гэмтэл, хугарал, хавдар зэрэг ноцтой өвчинтэй бус, харин булчин, шөрмөс, нурууны диск, буруу байрлал зэргээс үүдэлтэй өвчинтэй хүмүүсийг хамруулжээ.

Дээрх судалгаанууд цагаан гаатай усанд хөлөө дүрэх нь цусны даралтын багасгаж, нурууны өвчнийг намдаадаг болохыг харуулсан ч хор гадагшлуулж, хараа сайжруулж, өвчнийг бүрэн эдгээх баталгаа биш юм. Мөн шалгасан мэдээлэлд дурдсан аргыг ашиглаагүй ба цаашид илүү дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатайг дурджээ.

Хөлөө бүлээн усанд дүрэх нь нойрны чанарт нөлөөлдөг болохыг харуулсан хэд хэдэн судалгаа бий.

  • 2013 онд хийсэн “Хөлийн ванн нь ахмад настнуудын нойрны чанарт үзүүлэх нөлөө: санамсаргүй эмнэл зүйн туршилт” судалгаагаар нойрны чанарт нөлөөлдөг болохыг харуулжээ.
  • 2016 онд хийсэн судалгаагаар өдөр бүр 40 хэмийн температурт 30 минут хөлөө дүрэх, угаах эмчилгээ нь ахмад настнуудын нойрны чанарыг сайжруулахад үр дүнтэйг харуулсан.
  • 2024 онд хийгдсэн ахмад настнуудын нойрны чанарт нөлөөлөх тухай системчилсэн тойм судалгааны үр дүнд  хөлөө халуун устай ваннд дүрэх нь нойрны чанарыг сайжруулах нөлөөтэйг харуулжээ. Эдгээр туршилтад ямар нэг бүтээгдэхүүн, нэмэлт бодис ашиглаагүй, зөвхөн ус ашигласан.

Үргэлжлүүлэн PubMed, Google Scholar, ResearchGate, ScienceDirect судалгааны сангаас “цагаан гаа, лаврын навч, хөлөө усанд дүрэх(foot bath)” гэх түлхүүр үгээр хайхад шалгасан мэдээлэлд дурдсан арга, өвчнийг эмчлэг тухай судалгаа, баримт огт байхгүй байна.

Хөлөө бүлээн усанд дүрэх нь тайвшруулж, нойрны чанарт нөлөө үзүүлдэг ч шалгасан мэдээлэлд дурдсан аргаар хөлөө усанд дүрэх нь өвчнийг бүрэн эмчилж, хор гадагшлуулж, хараа сайжруулдаг болохыг баталсан судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)

Эх сурвалжууд

Хөлөө ямар нэг бодистой усанд дүрж биеийг хоргүйжүүлэх батлагдсан арга, шинжлэх ухааны нотолгоо байхгүй” баримт шалгалтын тайлан

Ионжуулсан усанд хөлөө дүрж, биеийн хорыг гадагшлуулдаг гэдэг нь батлагдаагүй” баримт шалгалтын тайлан

АНУ-ын үндэсний анагаах ухааны номын сангийн сайт

 “Сумбанг Банюмас 1-ийн Нийгмийн эрүүл мэндийн газрын ажлын хэсгийн даралт ихсэх өвчтэй хүмүүсийн цусны даралтыг бууруулахын тулд цагаан гаа үнэртэй бүлээн усаар хөлийг дэвтээж буй нөлөө” судалгаа

“Цусны даралт бууруулахад цагаан гаатай усанд хөлөө дүрэх болон дасгал хөдөлгөөн хийхийн нөлөө” судалгаа

“Ginger foot soak for non specific low back pain 3 судалгаа

Хөлийн ванн нь ахмад настнуудын нойрны чанарт үзүүлэх нөлөө: санамсаргүй эмнэл зүйн туршилт” судалгаа

Хөлийн ванн нь асрамжийн газрын өндөр настнуудын нойронд үзүүлэх нөлөө: хагас туршилтын судалгаа

Хөлийн ванн нь ахмад настнуудын нойрны чанарт үзүүлэх нөлөө: системчилсэн тойм судалгаа

Судалгааны сангийн хайлтын илэрц

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Цагаан гаа, лаврын навстай усанд хөлөө дүрэх нь  хор гадагшлуулах, хараа сайжруулах, өвчин намдаах зэрэг олон үйлчилгээтэй гэх агуулга бүхий пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document