2025 оны долоодугаар сарын 8-нд Жаргалсайхан Тугчин нэртэй хаягаас “Дэлхийн хамгийн том бизнес эм байдаг. Эмээ зарахын тулд вакцинаар өвчин тараасны дараа эмийнхээ бизнесийг явуулдаг. Эмч нар вакциныхаа найрлагыг ч мэддэггүй гэдэг нь тодорхой ярилаа. Улаан бурхан бол өөрийн дархлаагаар эдгэрдэг халдварт өвчин. Хүүхдэд вакцин тарьж болдоггүй гэдгийг маш тодорхой тайлбарлаж байна. Цэвэршүүлсэн гэх вакциныг эмч нар огтоос мэддэггүй нь үнэн ажээ! Найрлагад нь бага хэмжээний хор хийж бактери вирусийг устгалд оруулдгийг тодорхой харуулжээ” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 3300 гаруй реакц, 310 сэтгэгдэл авч, 9.1 мянга гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Галина Червонская нь Оросын вакцины эсрэг хөдөлгөөний төлөөлөгч бөгөөд түүний санааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд ихээр шүүмжилдэг. Вакцин, ийлдэс судлалын хүрээлэнгийн мембраны процессын лабораторийн эрхлэгч А.Н. Мац тэргүүтэй судлаач, анагаах ухааны мэргэжилтнүүд түүний үзэл санааг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзэж, вакцин нь байгалийн дархлааг бэхжүүлдэг болохыг нотолж, вакцинжуулалт нь халдварт өвчнийг хяналтад байлгах чухал арга гэдгийг онцолсон байдаг талаар манай өмнөх баримт шалгалтаас үзээрэй.
- Уг бичлэгт Червонская нь “Вакциныг бактерийн эсрэг, вирусийн эсрэг гэж ангилдаг. Бактерийн эсрэг вакцин нь дотроо амьд ба үхүүлж, идэвхгүй болгосон гэсэн төрөлтэй. Сүрьеэгийн БЦЖ вакцин, БЦЖ M гэх мэт амьд вакцин нь төрсөн хүүхдийн дархлааг бүхэлд нь гэмтээдэг хамгийн аюултай вакцин. Үхүүлсэн вакцин гэдэг нь сулруулсан вакцин гэсэн үг. Үүнд, сахуу, хөхүүл ханиад, татрангийн эсрэг вакцин, гэх мэт бий. БЦЖ-ээс бусад бүх бактерийн эсрэг вакцинд антибиотик ордог. Жишээ нь, АКДС вакцины орц найрлагад формальдегид ордог. Энэ найрлага нь хавдар үүсгэдэг. Маш бага тунгаар ч амьтан дээр туршсан судалгааны баримт алга. Мөн мертиолет энэ нь мөнгөн устай органик давс, энэ нь мөнгөн уснаасаа илүү хортой. Эцэст нь гидроксил аллюминий буюу хөнгөн цагаан. Бас л зөндөө гай тарьсан бодис. Эдгээр бодисыг хүүхдүүдэд тарьж дархлааг нь устгаж, төрсөн цагаас нь л тахир дутуу болгож байна. Товлолт вакцин доторх вирусын эсрэг бүх вакцин нь амьд вирус агуулсан байдаг. Үүнд гахайн хавдар, улаанууд, кор гэх мэт. Томуугийн вакцин, саа саажилтын эсрэг вакцин нь амьд ч байдаг, үхүүлсэн ч байдаг. Эмч нар үхүүлсэн вакцин гэдэг нь сайн цэвэршүүлсэн гэсэн үг гэх юм. Бүх амьд вакцин нь заавал антибиотик агуулж, идэвхгүй болгох бодис агуулдаг. Үүнд формальдегид ба мертиолет зэрэг консервант агуулдаг” гэж ярьжээ.
Энэ талаарх мэдээллийг олон улсын судалгааны сангаас шүүж, мэргэжлийн байгууллагын мэдэгдэл зэргийг ашиглан шалгалаа.
Вакциныг:
- идэвхтэй-сулруулсан вирус, нян (live-attenuated vaccine)
- идэвхгүйжүүлсэн- үхүүлсэн вирус, нян (non-live vaccine, inactivated vaccine) гэж ангилдаг.
Англи хэлэнд “live” гэх үг нь “амьд, амьдрах” гэдэг утгаар хэрэглэгддэг учир “амьд вирус” гэж андуурах тохиолдол олон. Үнэн хэрэгтээ энэ нь идэвхтэй вирус гэх утгыг илэрхийлдэг. Идэвхтэй вирус нь өвчин үүсгэдэг бичил биетүүдийн сулруулсан хэлбэрийг ашигладаг. Тэдгээр нь биед орсноор дархлааны хамгаалах системийг идэвхжүүлж, вирус, нянгийн эсрэг биетийг үүсгэж өгдөг ч “өвчин” үүсгэдэггүй. Эдгээр нь вакцин маш бага (граммын саяны нэг хэсэг) хэмжээний идэвхтэй найрлагыг агуулдаг.
Английн Үндэсний эрүүл мэндийн албанаас “Сүрьеэгийн вакцин нь нь сүрьеэгийн сулруулсан нянг агуулдаг. Энэ нь сүрьеэ өвчин үүсгэхгүй бөгөөд өвчний эсрэг дархлааг дэмждэг. Нярай болон бага насны хүүхдүүдэд сүрьеэгийн вакцин хийснээр сүрьеэгийн менингит, сүрьеэгийн хүнд хэлбэрийн өвчнөөс тогтмол (80% хүртэл) хамгаалдаг. Тус вакцины хамгаалалт 15 жил хүртэл үргэлжилнэ” гэж мэдээлсэн байна. Тиймээс “нярайн дархлааны системийг бүхэлд нь гэмтээдэг” гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй юм.
Вакцинд үйлдвэрлэлийн явцад вирус, нянг идэвхгүй болгох зорилгоор формальдегидийг ашиглагдсаны дараа маш бага хэмжээний формальдегид үлддэг ч хүний эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учруулдаггүй байна.
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны мэдээлснээр формальдегидийг вирусийг идэвхгүй болгож өвчин үүсгэхээс сэргийлж, нянг хоргүйжүүлэхэд ашигладаг байна. Зарим төрлийн вакцинд формальдегид байдаг ч хүний биед байгалиасаа агуулагддаг формальдегидийн хэмжээтэй харьцуулахад маш бага тул аюулгүйд тооцогддог. Мөн формальдегид нь хүрээлэн буй орчин тойронд ч байдаг бөгөөд барилгын материал, лабораторийн хадгалалтын бодис, ахуйн бүтээгдэхүүн, жимс зэрэгт агуулагддаг. Хүний бие формальдегидийг өөрөө үйлдвэрлэсэн, орчноос авсан гэж ялгахгүйгээр боловсруулдаг байна.
Оксфордын Их Сургуулийн вакцины талаар мэдээлэл түгээдэг цахим хуудаст “Хоёр сартай нялхсын цусанд байгалиасаа агуулагддаг формальдегидийн хэмжээ (ойролцоогоор 1.1 миллиграмм) нь аливаа вакцинд агуулагддаг хэмжээнээс (0.1 миллиграммаас бага) даруй 10 дахин их байдаг” гэсэн байна.
Хэдийгээр их хэмжээний формальдегидэд өртөх нь хорт хавдар үүсгэж болзошгүй ч уг эрсдэл нь хүн бүрд бус формальдегид бүхий орчинд тогтмол ажиллаж, ашигладаг хүмүүст илүү тохиолддог болохыг тогтоосон байна. Харин вакцинд буй бага хэмжээний формальдегид нь шууд хорт хавдар үүсгэнэ гэсэн нотолгоо байхгүй. Энэ талаар АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас формальдегид нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг мэдээлжээ. Энэ нь голчлон амьсгал, арьсаар дамждаг ба олон жилийн турш формальдегид өртөх нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэсэн байна. Гэвч энэ нь бүх хүн, газар бүрд хамаарахгүйг тодотгож, формальдегид агуулсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, боловсруулах, худалдаалах, ашиглах, зайлуулах үйл явцад байнга оролцох нь илүү эрсдэлтэй байдгийг дурдсан.
Мертиолет буюу тимеросал нь бага тунгаар вакцинд ашиглагддаг хадгалах бодис бөгөөд эрүүл мэндэд хоргүй. Гэвч вакцины аюулгүй байдлыг нэмэгдүүлж, олон нийтийн итгэлийг хадгалах зорилгоор 2001 оноос тимеросалгүй вакцины хувилбарыг үйлдвэрлэж эхэлсэн.
Мертиолет буюу тимеросал нь мөнгөн уснаас гаралтай хадгалах бодис бөгөөд олон тун бүхий вакцин, эмнэлгийн бүтээгдэхүүнд ашиглагдаж ирсэн. АНУ-ын Өвчин Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвөөс вакцинд агуулагдах тимеросал нь бага тунтай учир хор нөлөө үүсгэхгүй ч тариа хийсэн хэсэгт улайх, хавдах зэрэг жижиг хариу урвал үүсгэдэг гэж мэдээлсэн байна. Уг бодисыг олон тун бүхий вакцинд бактери, мөөгөнцөр зэрэг нян өсөхөөс сэргийлэх зорилгоор нэмдэг аж. Мөн вакцинжуулалтад бэлтгэх үед тариурын зүүгээр дамжин саванд бактери, мөөгөнцөр орж ирэхээс хамгаалан хэрэглэж байжээ. Тус байгууллагаас тимеросал агуулсан вакцинуудын бага тун нь эрүүл мэндэд хор нөлөө үүсгэдэггүйг мөн тодотгожээ.
Гэвч 1999 оны 7-р сард АНУ-ын Нийтийн эрүүл мэндийн байгууллагууд, Америкийн Хүүхдийн эмнэл зүйн академи, вакцин үйлдвэрлэгчид вакцинд агуулагдах тимеросалыг багасгаж, хасах талаар хэлэлцсэн. Эл хэлэлцээр нь вакцин боловсруулалтын аюулгүй байдлыг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх, олон нийтийн эргэлзээг бууруулах зорилготой байв. Энэ хүрээнд 2001 оноос хүүхдийн вакцинуудын ихэнхээс тимеросалыг хасаж, нэг тун бүхий савлагааг ашиглаж эхэлсэн байна.
Уг бодисын талаар тайлбарлабал, мөнгөн ус нь байгалийн элемент бөгөөд газрын царцдас, агаар, хөрс, усанд агуулагддаг. Органик мөнгөн усны нэгдэл нь метилмеркури ба этилмеркури гэсэн хоёр төрөлтэй.
- Метилмеркури нь тодорхой төрлийн загас, далайн хүнсэнд агуулагддаг бөгөөд мэдрэлийн системд нөлөөлж, хор нөлөө үзүүлэх магадлалтай.
- Этилмеркури нь тимеросалд агуулагддаг, хүний биед хурдан задарч гадагшилдаг тул хортой нөлөө үзүүлэх нь бага.
Вакцинд агуулагддаг хөнгөн цагааны давс нь (гидроксил аллюминий) нь хүний дархлааны тогтолцоог дэмжиж, удаан хугацаанд хариу үзүүлэхэд тусалдаг нэмэлт бодис юм. Тус бодисын аюулгүй байдлыг олон улсын эрүүл мэндийн байгууллагаас баталж удаан хугацаанд ашигласаар ирсэн байна.
Хөнгөн цагаан нь байгальд өргөн тархсан металл бөгөөд агаар, хоол хүнс, ундны усанд агуулагддаг бодис юм. Вакцинд агуулагддаг хөнгөн цагаан нь ихэвчлэн дархлааг дэмжих бодис болгон ашиглагддаг. Тухайн шалгаж буй мэдээлэлд дурдсан гидроксил аллюминий буюу хөнгөн цагааны давс нь дархлааны хариу урвалыг сайжруулж, вакцины үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм. АНУ-ын Өвчин хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “Хөнгөн цагааны давс агуулсан вакцин нь 1930-аад оноос хойш аюулгүй байдлаар хэрэглэгдэж ирсэн бөгөөд олон жилийн судалгаагаар хөнгөн цагаан нь хүний биед хуримтлагдахгүй, хялбархан гадагшилдаг нь батлагдсан. Тиймээс вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж мэдээлсэн байна. Тус бодисын аюулгүй байдлыг улам сайжруулан судалсаар байгаа аж.
Улаанбурхан нь дархлаа тогтоогүй хүн бүрд халдварлах өндөр эрсдэлтэй өвчин бөгөөд бага насны хүүхэд, биеийн эсэргүүцэл султай хүмүүс, өндөр настнуудад шинж тэмдэг хүндээр илрэх магадлалтай. Цаашлаад амь нас ч эрсдэж болох өвчин тул үүнийг аяндаа эдгэрдэг энгийн халдвар мэтээр үзэх нь буруу ойлголт юм. (Улаан бурхантай холбоотой баримт шалгалтыг энд дарж уншина уу)
Дээрх баримтуудаас нэгтгэн дүгнэвэл, вакцинд агуулагдаж буй бодисын хэмжээг нарийн судалж, хүнд аюул учруулахгүй байх хэмжээнд тохируулж, үйлдвэрлэсэн байдаг. Тэдгээр бодис нь вакцины аюулгүй байдлыг хангах, хамгаалах, тэнцвэртэй байлгах, үр нөлөөг нэмэгдүүлэх зэрэг үүрэгтэй. Үүнийг холбогдох байгууллагуудаас хянаж шалгасан байдаг. Харин шалгаж буй мэдээлэлд вакцинд буй бодисуудын учир шалтгааныг тайлбарлахдаа айдаст автуулах үг хэллэг ашиглаж, төөрөгдүүлсэн байна.




