2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ил болгоё (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Электрон тамхи ямар ч татваргүйгээр, цахилгаан бараа гэсэн ангиллаар орж ирдэг гэж худал ярив” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг пост 728 реакц, 67 сэтгэгдэл авч, 166 удаа цааш түгээгджээ.
Тус бичлэгт,
- “Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Номинчимэг, ажлын хэсэгт багтсан гишүүд электрон тамхи нь цахилгаан бараа ангиллаар ямар ч татваргүй орж ирдэг гэх мессежийг давтамжтай өгч ирсэн” гээд О.Номинчимэг гишүүний “Ярих өнцөг” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын хэсгээс таслан оруулсан байна.
- Мөн Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн ажилтантай холбогдсон утасны бичлэгээс оруулсан байна. “Анар гишүүн, Номинчимэг гишүүн өчигдөр мэдээлэл хийхдээ буруу мэдээлэл өгсөн юм байна. Электрон бараа гэдэг ангилалаар орж ирдэг гэж ярьсан юм байна. Зөндөө их хурлын гишүүд болон хүмүүст тайлбарлаж өгсөн. Манай ажлын хэсэгт ч манайхаас хүмүүс байгаа. Бид нартай ямар мэдээлэл өгөхөө зөвлөлдөнө гэнэ үү, нэг сувгаар мэдээллээ өгнөө” гэж хэлж байна.
- Цаашлаад “2022 оны Дэлхийн гаалийн байгууллагын HS ангилалын шинэчлэлээр электрон тамхи болон түүний шингэн тусдаа бүлэг буюу 2404 дотор орсон байдаг. Тэгэхээр электрон бараа гэдэг нэршлээр орж ирдэггүй байна. Мөн НӨАТ 10 хувийг зохих ёсоор төлж байгааг харж болно” гэжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
О.Номинчимэг гишүүний ярианаас таслан оруулахдаа контекстыг төөрөгдүүлжээ
Шалгасан мэдээлэлд ашигласан бичлэг нь УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2025 оны 06 дугаар сарын 19-нд “Ярих өнцөг” нэвтрүүлэгт орсон ярилцлагаас таслан оруулсан байна. Түүний “…Элетрон тамхи чинь ямар ч хуулийн зохицуулалтгүй, талх сүүтэй адилхан татвар төлдөггүй, тусгай зөвшөөрөл байхгүй явж ирсэн” гэж ярьсан хэсгийг оруулжээ.
Уг нэвтрүүлгийн 38:32 дахь минутаас эхлэн Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярьсан байна. Үүнд, “Ер нь утаат тамхи, электрон тамхи талцдаг байсан юм билээ. Миний хувьд судалгааг нь хийгээд аль алиных нь зохицуулалтыг хийе л гэж байгаа юм. Энэ зохицуулалтыг адилхан байр сууриар, алилхан хийе. Өдий хүртэл Тамхины хяналтын хуулиар утаат тамхийг тусгай зөвшөөрөлтэй, татвартай явж ирсэн” гээд шалгасан мэдээлэлд ашигласан бичлэг дэх “…Элетрон тамхи чинь ямар ч хуулийн зохицуулалтгүй, талх сүүтэй адилхан татвар төлдөггүй, тусгай зөвшөөрөл байхгүй явж ирсэн” гэсэн хэсгийг ярьжээ.
Гишүүний ярианы эхний хэсэгт тамхи импортлогч компаниуд тусгай зөвшөөрөлтэй, онцгой албан татвар төлдгийг онцолсон байна.
- Одоо мөрдөгдөж буй Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д “тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 7 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 4 500 000 төгрөг” гэж заасан.
- Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын хавсралтын 24.02-т тамхинд 30 хувийн гаалийн татвар ногдуулахаар заасан байна.
- Онцгой албан татварын тухай хуулийн 6.1-д “…онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно” гээд янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд 100 ширхэг тутамд 4180 төгрөгийн татвар ногдуулна гэжээ. Энэ нь 5 хайрцаг тамхи тус бүрд 4180 төгрөгийн онцгой албан татвар төлдөг гэсэн үг.
- Жишээгээр үзүүлбэл, 2024 оны Гаалийн статистикаас харахад 3,512,516.30 мянган ширхэг янжуур оруулж ирсэн байна. Энгийнээр хэлбэл, 3 тэрбум 512 сая 516 мянга 300 ширхэг янжуур импортолсон байна. Үүнийг 100 ширхэг тутамд 4180 төгрөгийн татвар төлсөн гэж үзвэл 146.8 тэрбум төгрөгийн онцгой албан татвар төлсөн байхаар байна.

Харин электрон тамхи импортлоход тусгай зөвшөөрөл авах тухай заалт байхгүй. Мөн онцгой албан татвар төлдөггүй.
2025 оны 09 дүгээр сарын 4-нд Гаалийн ерөнхий газрын мэдэгдсэнээр электрон тамхинд Гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувь төлдөг гэжээ.

Анхаарах: Электрон тамхийг утаат тамхитай адил тусгай зөвшөөрөл, онцгой албан татвар төлдөггүй гэх ялгааг О.Номинчимэг гишүүн ярихдаа талх сүүтэй зүйрлэсэн нь агуулгыг тасалж төөрөгдүүлэх боломж олгожээ. Мэдээллийн гол агуулга нь утаат тамхитай ижил нөхцөлтэй хуулиар зохицуулах шаардлагатай гэдгийг онцолсон. Мөн электрон тамхи одоогоор онцгой албан татвар төлдөггүй, тусгай зөвшөөрөлгүй зэргийг мэдээлсэн нь үнэн байна.
Электрон тамхи болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүнийг олон улсын ангиллын кодын дагуу “тамхи” болон “цахилгаан бараа” гэсэн 2 бүлэгт ангилж гаалийн бүрдүүлэлт хийдэг
Шалгасан мэдээлэлд Ч.Анар гишүүний зурагтай “Электрон тамхи ямар ч татваргүйгээр, цахилгаан бараа гэсэн ангиллаар орж ирдэг гэж худал ярив” гэсэн тайлбар бичигтэй эхэлж буй. Энэ нь дараах мэдэгдлээс үүдэлтэй байна.
О.Номинчимэг, Ч.Анар, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун, Ө.Шижир нарын гишүүдийн санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтээс санал авахаар 05 дугаар сарын 12-ны өдөр d.parliament.mn цахим хуудаст байршуулсан. Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор 08 дугаар сарын 28-ны өдөр гишүүд мэдээлэл хийх үеэр Ч.Анар гишүүн “…Электрон тамхийг янжуур тамхины нэгэн адил хуулийн зохицуулалтад оруулж байгаа юм. Өнөөдөр электрон тамхи нь электрон бараа гэсэн хэрэгсэлд ордог, Тамхины хяналтын хуулийн зохицуулалтад ордоггүй…” гэж хэлсэн байна.
Энэ талаар ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс утсаар авсан тодруулгын хэсгийг мөн шалгасан бичлэгт ашигласан. Тухайн харилцан яриа нь дуудлага эхлэхээс дуусах хүртэлх завсаргүй бичлэг бус, тасалж авсан хэсэг байна.
Харин 09 дүгээр сарын 2-нд Гаалийн ерөнхий газраас албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байна. Тухайлбал, “Электрон тамхи болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүн нь олон улсын ангиллын кодын дагуу 2 бүлэгт ангилагдан гаалийн бүрдүүлэлт хийгддэг бөгөөд ингэхдээ цахилгаан барааны бүлэгт ангилагддаг төдийгүй тус төрлийн бүтээгдэхүүнүүдэд Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй, онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн болохыг мэдэгдэж байна“ гэж онцолжээ.
Түүнчлэн “Электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулагч хэрэгслийг цахилгаан барааны бүлэгт ангилж, 8543.40.00 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж байна” гэсэн хэсгийг санаатайгаар хасаж, УИХ-ын гишүүдийг худал мэдээлэл тараасан мэтээр төөрөгдүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна” гэжээ.


Электрон тамхи нь НӨАТ 10 хувиас гадна гаалийн татвар 5 хувийг төлж байгааг янжуур тамхитай адилхан 30 хувийн татвартай болгохоор хуулийн төсөлд тусгажээ

Гаалийн Ерөнхий газраас Монгол Улсын янжуур болон электрон тамхины импортын 2023–2025 оны статистик болон татварын мэдээллийг нэгтгэн танилцуулжээ.
Үүнд янжуур тамхинд 30 хувь, электрон тамхинд 5 хувийн татвар ногдуулдаг болохыг зурагт харуулсан байна.
Харин “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр электрон тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.


Дүгнэхэд, Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд электрон тамхинд янжуур тамхитай ижил хэмжээний татвар ногдуулахаар заасан талаарх мэдээлэл өгөхдөө “цахилгаан барааны бүлэгт ангилж, татвар төлдөггүй” гэсэн гишүүдийн хэлсэн үгийг ерөнхий агуулгаар нь гуйвуулж тайлбарлажээ. Электрон тамхины нэг удаагийн хэрэглэдэг төрлийг янжууртай ижил 2404 эхлэлтэй кодоор бүртгэдэг ч татварын зохицуулалт нь өөр байна. Харин олон удаа хэрэглэдэг цахилгаанаар цэнэглэдэг төрлийг нь цахилгаан барааны 85 тоот бүлэгт 8543-аар эхэлсэн кодоор бүртгэдэг байна. Мөн электрон тамхийг “НӨАТ-ын 10 хувийг төлөөд явж байгаа” гэсэн нь гаалийн албан татвар болох 5 хувийг орхигдуулсан мэдээлэл байна.




