2025 оны наймдугаар сарын 23-ны өдөр Enkhjargal Lkhamjav (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Электрон тамхи нь астма-багтраа өвчин, уушгины хавдар, элэгний хавдар, улаан хоолойн хавдар үүсгэж байгаа аж” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 780 реакц, 69 сэтгэгдэл авч, 1,200 гаруй удаа цааш түгээгджээ.
Мөн Зангараг.мн (архивлагдсан хувилбар) гэх хаягаас тус постыг нийтэлж, 2,900 реакц, 320 сэтгэгдэл авч, 2,500 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Электрон тамхи нь харьцангуй шинэ бүтээгдэхүүн тул урт хугацааны нөлөөллийг нь судлах ажил одоо ч үргэлжилж байна. Одоогийн байдлаар электрон тамхи нь улаан хоолойн хавдар үүсгэдгийг батлах хангалттай, урт хугацааны судалгаа байхгүй боловч зарим судалгааны дүнгээр эрсдэлтэй тохиолдол илэрчээ.
Тухайлбал, утаат тамхи болон бусад тамхин бүтээгдэхүүнд агуулагддаг, улаан хоолойн хавдар үүсгэдэг нь тогтоогдсон NNN (N-нитрозонорникотин) гэх бодис электрон тамхины хэрэглээтэй холбоотой илэрсэн байна. Тодруулбал, 2018 онд хийсэн “Электрон тамхи хэрэглэгчдийн шүлсэнд хавдар үүсгэгч N′-нитросонорникотин агуулагдаж байгаа эсэх” нэртэй судалгаагаар электрон тамхи хэрэглэгчдийн амны хөндийн шүлсэнд NNN (N-нитросонорникотин) бодис эндоген (дотроосоо дотоод үйл ажиллагааны үр дүнд) байдлаар мэдэгдэхүйц хэмжээгээр нийлэгжиж байгааг тогтоожээ.
- Иймд “электрон тамхи улаан хоолойн хавдар үүсгэх боломжгүй” гэж анх үзэж байсан ч, хэрэглэгчийн биед уг бодис нийлэгжин үүсэж байгаа учраас хавдар үүсгэх эрсдэлтэйг тогтоосон байна.
Электрон тамхи нь уушгины үйл ажиллагааг тодорхой хэмжэээд бууруулах, мөн амьсгалын замын үрэвслийг нэмэгдүүлдэг
Хэдийгээр электрон тамхины хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ялангуяа астма өвчтэй өвчтөнүүдийн хувьд хангалттай судлагдаагүй ч, одоогийн судалгаануудын дүнгээс харахад электрон тамхи хэрэглэх нь уушгины үйл ажиллагааг бууруулж, амьсгалын замын үрэвслийг нэмэгдүүлдэг нь ажиглагдсан байна.
Тухайлбал, 2021 онд АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн цахим санд нийтлэгдсэн “Электрон тамхи ба астма: Одоогоор бид юу мэдэж байна вэ?” нэртэй судалгааны үр дүнд электрон тамхи нь астмад сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ялангуяа Th2 төрлийн үрэвсэл эрчимжиж, улмаар астма өвчтэй хүмүүсийн шинж тэмдгийг дордуулах, өвчний сэдрэлийн давтамж болон хүндрэлийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг.
- Th2 төрлийн үрэвсэл гэдэг нь дархлааны эсүүд хэт идэвхжиж, амьсгалын замыг үрэвсүүлж, нарийсгах процесст оролцдог бөгөөд энэ нь астмын шинж тэмдгийг улам хүндрүүлдэг. Эдгээр дархлааны эсүүд нь халдвараас хамгаалах үүрэгтэй байдаг ч, хэт идэвхжсэн тохиолдолд харшил, астма зэрэг өвчин үүсгэх эрсдэлтэй.
Үүнээс гадна АНУ-ын насанд хүрэгчдийн дунд буй амьсгалын замын өвчлөл ба электрон тамхины хоорондын хамаарлыг 2013-2018 онд судалжээ. Уг судалгаагаар, электрон тамхи татдаг хүмүүс тамхи огт татдаггүй хүмүүстэй харьцуулахад амьсгалын замын өвчин тусах магадлал 40 орчим хувиар илүү гарсан байна. Харин 2019 онд хийсэн ижил төрлийн судалгааны дүнгээр, электрон тамхи болон утаат тамхины зөвхөн аль нэгийг хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад хоёуланг нь хэрэглэдэг хүмүүст амьсгалын замын өвчин тусах эрсдэл илүү өндөр байгааг тогтоожээ.
Хулгана дээр хийсэн туршилтын үр дүнд электрон тамхинд өртүүлсэн 38 хулганаас нэг нь уушгины хавдар, нэг нь давсагны урьтал хавдрын өөрчлөлт илэрчээ
2021 онд АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн цахим санд нийтлэгдсэн “Электрон тамхи нь хорт хавдар үүсгэж болох уу?” нэртэй судалгаанд нэгэн туршилтыг онцолжээ.
Тухайлбал, хулганыг худалдаанд байдаг электрон тамхины шингэнээр ууршуулан 54 долоо хоногийн турш өртүүлсэн бөгөөд энэ нь хүний хувьд ойролцоогоор 3–6 жил электрон тамхи татсантай дүйцэх хэмжээний өртөлт юм. Судалгааны үр дүнд электрон тамхинд өртсөн 40 хулганаас 9 нь уушгины аденокарцинома (Булчирхайн гаралтай хорт хавдар), 23 нь давсагны урьтал хавдрын үе шат болох “уротелиаль гиперплази” үүсгэсэн байна. Харин хяналтын 38 хулганаас нэг нь уушгины хавдар, нэг нь давсагны урьтал хавдрын өөрчлөлт илэрчээ.
Харин хүний хувьд электрон тамхитай холбоотой уушгины хавдрын шалтгаан үр дагаврын холбоог баталсан хангалттай урт хугацааны нотолгоо одоогоор байхгүй. Гэсэн ч Америкийн Хорт хавдар судлалын нийгэмлэг, Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв зэрэг мэргэжлийн байгууллагууд электрон тамхи нь “харьцангуй бага эрсдэлтэй байж болох ч хоргүй биш” хэмээн анхааруулдаг.
Ямар ч насны хүн утаат тамхи болон электрон тамхи хэрэглэхээс зайлсхийх нь хамгийн аюулгүй
Утаат тамхи болон электрон тамхи хэрэглэх үед элэг никотин болон бусад хортой бодисуудад өртдөг байна. Тамхины хортой бодисуудад байнга өртөх нь элэгт ачаалал учруулж, биеэс хорыг зайлуулах үүргийг нь нэмэгдүүлдэг. Үүний улмаас элэгний үрэвсэл, эдийн гэмтэл үүсэх эрсдэлтэй байдаг. Гэвч электрон тамхины урт хугацааны элэгний эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөг одоогоор хангалттай судлаагүй байна.
Дүгнэхэд, электрон тамхины урт хугацааны нөлөөллийг баталгаатай тодорхойлсон судалгаа одоогоор дутмаг боловч одоогийн богино хугацааны болон ажиглалтын судалгааны дүнгээс үзэхэд электрон тамхи хэрэглэснээр уушгины үйл ажиллагаа буурах, амьсгалын замын үрэвсэл үүсэх эрсдэл ажиглагдсан байна. Мөн электрон тамхи хэрэглэгчдийн амны хөндийн шүлсэнд эндоген байдлаар NNN (N′-нитросонорникотин) бодис үүсдэг нь тогтоогдсон бөгөөд энэ бодис нь улаан хоолойн хавдар үүсгэх эрсдэлтэйг судалгаагаар тогтоосон.
Иймд ямар ч насны хүн утаат тамхи болон электрон тамхи хэрэглэхээс зайлсхийх нь хамгийн аюулгүй юм. Түүнчлэн АНУ-ын “Roswell Park” хорт хавдрын эмчилгээ, судалгааны төвийн мэдээллийн сайтад “Одоогоор АНУ-д ямар ч эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага тамхинаас гарах зорилгоор электрон тамхи хэрэглэхийг зөвлөдөггүй” хэмээн онцолжээ.




