Search

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ярилцлагын хэсгийг Deepfake технологиор өөрчлөн түгээж, залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1581

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Холбоос дээр дарж орон бүртгүүлээд, “Сибирийн хүч-2”-т хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө өсгөөрэй” гэх агуулгыг бүртгэлийн вэбсайтын хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бичлэгт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы ярилцлагын хэсгийг хүмүүст итгэл төрүүлэх зорилготойгоор Deepfake технологиор өөрчлөн түгээж, хувийн мэдээлэл цуглуулах залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 09 дүгээр сарын 05-нд Today Information гэх Facebook пэйж ““Сибирийн хүч-2”-т хийн хоолой барихад хөрөнгө оруулалт хийснээр тогтвортой орлого олох болно” гэх агуулгатай постыг бичлэгийн хамт түгээсэн нь 595 реакц авчээ.

Түгээсэн бичлэгийг Google Lens ашиглан хайхад, 2024 оны 02 дугаар сарын 29-нд MONGOL TV-ийн Хар хайрцаг нэвтрүүлэгт Монгол улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы оролцож, өвөлжилт, хаваржилтын хүндрэл, түүний үр нөлөө, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцсан хэсгээс авчээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хэсгээс авч, хиймэл оюун ухааны Deepfake технологи ашиглан амны хайрцгийг өөрчилж, орос хэлээр дуу оруулан түгээжээ.

Хар хайрцаг нэвтрүүлгийн хэсээс (2024-02-29)
Хар хайрцаг нэвтрүүлгийн хэсээс (2024-02-29)

Түгээсэн бичлэгийн хэсгийг Hive Moderation хэрэглүүрээр шалгахад 99.9 хувийн хиймэл оюун ухаан буюу Deepfake технологи ашиглан хийсэн гэсэн үр дүн гарлаа.

Hive Moderation – Зураг, бичлэгт хиймэл оюун ухаан ашигласан эсэхийг шалгадаг хэрэглүүр

Дээрх Deepfake технологи ашиглан өөрчлөн түгээсэн бичлэгт “Холбоос дээр дарж орон бүртгүүлээд, “Сибирийн хүч-2”-т хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө өсгөөрэй” гэх агуулгыг бүртгэлийн вэбсайтын хамт дурджээ. Бид тус бүртгэлийн вэбсайт руу орж үзэхэд овог, нэр, имэйл хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл шаардахаас гадна уг вэбсайтад ямар нэг холбоо барих дугаар, хаяг, цэс байхгүй байгаа нь залилангийн шинж чанарыг агуулж байна.

Түгээсэн постод хавсаргасан вэбсайтын нүүр хуудас

Эдгээрээс үзвэл, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы ярилцлагын хэсэгт Deepfake технологиор дуу оруулж хүмүүст итгэл төрүүлснээр, хувийн мэдээлэл цуглуулах залилан үйлдэж байна. Иймд манай өмнөх баримт шалгалттай танилцаж, Deepfake технологиор хийсэн бичлэгийг хэрхэн таних аргад суралцаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Холбоос дээр дарж орон бүртгүүлээд, “Сибирийн хүч-2”-т хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө өсгөөрэй” гэх агуулгыг бүртгэлийн вэбсайтын хамт түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document