Search

Гаднын хаягаас оруулсан залилангийн постыг орчуулан түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1579

Ерөнхий агуулга

Судалгаа бөглөөд үнэгүй бараа хожоорой гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд дурдсан судалгааг бөглөөд бараагаа авах эсэх нь баталгаагүй, судалгааны линк хуурамч, асуулга сэжигтэй, “азтай ялагч боллоо”, “бэлэг” зэрэг түлхүүр үг оруулсан ч авахын тулд мөнгө төлөх шаардлагатай зэрэг нь залилангийн шинж тэмдэг юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 20-нд  Баттөмөр Энхтуяа (архивласан хувилбар) нэртэй пэйжээс “Охидуудаа, үүнийг заавал хуваалцах хэрэгтэй… Та богино судалгааг бөглөдөг бөгөөд энэ нь брэндийн цуглуулга болон санал болгож буй бүтээгдэхүүнийг сайжруулахад тусалдаг. Судалгааг бөглөсний дараа та бэлэг авах гурван боломжтой…” гэх мэдээллийг олон бараа бүтээгдэхүүн харуулсан хэд хэдэн зурагтай хамт нийтэлжээ. Тус постыг нийт 130 реакц, 36 сэтгэгдлээр идэвхжүүлж, 37 удаа цааш түгээсэн байна.

Залилангийн шинжтэй мэдээллүүд ихэвчлэн үнэгүй зүйл өгнө, мөнгө ихэсгэх боломжтой зэрэг хялбар аргаар, ашиг авах боломжтой мэт ойлголт өгч хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Аливаа үйлдэлд уриалсан мэдээллийн заавраар шууд үйлдэл хийхээсээ өмнө түр азнаад доорх анхан шатны баримт шалгах аргаар шалгаж, нягталж, хэрсүү байгаарай.

Хаяг шалгах

Пэйжийн мэдээллийг нягтлахдаа хамгийн эхэнд үүсгэсэн огноо болон админы байршлын мэдээллийг page transparency цэсээс харах боломжтой. Баттөмөр Энхтуяа нэртэй хуудас нь 2025 оны 08 дугаар сарын 20-нд нээгдсэн ба админы мэдээлэл ил тод биш байна. Нийт 19 дагагчтай ба нээсэн өдрөө сугалаа бөглөөд бүтээгдэхүүн авах боломжтой тухай пост нийтэлжээ.

Хуудасныхаа танилцуулга хэсэгт “Аялагч, Гэрэл зурагчин, Instagram-д 25,000-аас дээш дагагчтай” гэж оруулсан боловч Instagram хаягаа холбоогүй, дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Агуулга нягтлах

Шалгасан мэдээлэл дэх текстийг сайн ажиглаж, үг үсэг, найруулгын алдаа байгаа эсэхийг нягтлаарай. Шалгасан мэдээлэлд “охидуудаа”, “зургыг” гэх мэт үг үсгийн алдаа гаргасан байна. Мөн “нэг сэтгэгдэлтэй тааралдлаа” “Үнэндээ, Shein энэхүү кампанийг фенүүдээ бага зэрэг баясгах болон хүмүүс хамгийн их ямар зүйлсийг сонирхдогийг харахын тулд эхлүүлсэн байна”, “Та богино судалгааг бөглөдөг бөгөөд энэ нь брэндийн цуглуулга болон санал болгож буй бүтээгдэхүүнийг сайжруулахад тусалдаг” гэх мэт google translate-ээр оруулсан текстийг шууд оруулсан мэт найруулгын алдаатай байна.

Мөн шалгасан мэдээлэлд хавсаргасан линк рүү ороход Shein онлайн худалдааны сайтын дизайныг дуурайлгасан өөр домэйн нэртэй хуурамч сайт болохыг доор зурагт харууллаа.

Линк рүү ороход судалгааны асуулт найруулгын алдаатай ба “үнэгүй бараа авахын тулд эрсдэл хүлээх үү” зэрэг сэжигтэй асуулт оруулжээ. Мөн судалгааны төгсгөлд бүтээгдэхүүнээ авахын тулд мөнгө төлөх шаардлагатай хэмээн тусгасан. Ингэхдээ мөнгө шилжүүлэх хугацааг 2 минут гэж оруулсан нь хэрэглэгчдийг яаруулж, хурдан үйлдэлд уриалж буй залилангийн нэг шинж тэмдэг юм.

Уг судалгааг бөглөхөд бараагаа авах эсэх нь баталгаагүй, судалгааны линк хуурамч, асуулга сэжигтэй зэрэг шинж тэмдэг нь шалгасан мэдээлэл залилан болохыг илтгэж байна.

Зургаар хайх

Түгээсэн мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад интернэт орчинд түгээмэл ашиглагддаг зураг байна. Мөн 2025 оны 08 дугаар сарын 15-нд Mutinta Zulu (архивласан хувилбар) гэх гадаад хаягт шалгасан мэдээлэлтэй яг ижил мэдээллийг англи хэлээр оруулжээ. Тус мэдээлэлд дурдсан агуулга, хавсаргасан линк болон оруулсан зураг нь ижил байна.

Мөн шалгасан пэйж profile зурагтаа Jinixni гэх Instagram хэрэглэгчийн зургийг ашиглажээ. Үүнээс харахад олон дагагчтай хэрэглэгчийн зургийг ашиглан, хуурамч сайтаар залилан хийж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Судалгаа бөглөөд үнэгүй бараа хожоорой гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document