2025 оны 07 дугаар сарын 02-нд Jewelry Store нэртэй Facebook пэйж “Халуун мэдээ: Японы үнэт эдлэл, бугуйн цагны POGA компанийн агуулах шатаж, бараг бүх зүйл устжээ. POGA Watches компанийн Гүйцэтгэх захирал болсон явдлын төлөө уучлал хүсэж, олон нийтээс дэмжлэг хүсэж байна” гэх агуулгатай, бугуйн цаг сурталчилсан бичлэгийг түгээжээ. Тус бичлэгийг 773 реакц, 503 сэтгэгдлээр идэвхжүүлж, 182 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн хаягийг шалгав
Уг суртчилгааны бичлэг түгээсэн Jewelry Store нэртэй пэйжийг шалгавал 2025 оны 07 дугаар сарын 01-нд нээгдэж, Вьетнам улсаас хоёр админ удирдаж байна. Тэрээр ердөө 58 дагагчтай уг пэйж 2025 оны 07 дугаар сарын 01 болон 02-нд тус тус нэг сурталчилгааны пост оруулжээ. Мөн пэйжийн танилцуулга хэсэгт загвар, дизайны төрөл гэснээс өөр мэдээлэл оруулаагүй байна.


Сурталчилгааны бичлэгийг шалгав
Сурталчилгааны бичлэгийн эхний хэсгийг шалгавал “Японы үнэт эдлэл, бугуйн цагны POGA компанийн агуулах шатаж, бараг бүх зүйл устжээ” гэх хэсэгт дурын нэг түймэр гарч буй дүрс харуулснаас гадна “Poga” гэх нэртэй бугуйн цагийн компани байхгүй. Харин “Pogo” нэртэй Катар улсын хүүхдийн ухаалаг цагийн үйлдвэр 2019 онд байгуулагдаад, 2025 онд хаагдаж байжээ.
“POGA Watches компанийн Гүйцэтгэх захирал болсон явдлын төлөө уучлал хүсэж, олон нийтээс дэмжлэг хүсэж байна” гэх хэсэг нь Вьетнамын төмрийн үйлдвэр болох Formosa Ha Tinh компанийн гадаад харилцааны орлогч дарга Chu Xuan Pham ажлаас чөлөөлөгдөхийн өмнө Вьетнам ард түмнээс уучлалт хүсэн бөхийж буй хэсгийг ашиглажээ.

Сурталчилгааны бичлэгт дурдагдсан “Poga” гэх нэртэй компани Японд байхгүй. Харин Катар улсад “Pogo” нэртэй хүүхдийн ухаалаг утасны компани 2019 онд байгуулагдаад 2025 онд хаагдаж байжээ.
Сурталчилгааны бичлэгт Pogo гэх нэртэй цаг харагдахгүй бөгөөд Oupinke, Poedagar гэх Хятад компаниудын бугуйн цагаас оруулж, төөрөгдүүлжээ.

Иймд та нийгмийн сүлжээнд худалдаа авалт хийхдээ эхлээд хаягийг нягтлан шалгах, дараа нь сурталчилгааны пост болон бичлэгийг зургаар хайж, хуурамч эсэхийг нь тогтоож байхыг зөвлөе.




