Search

“Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд зөвхөн электрон тамхи биш, янжуурт ч хориглох заалт бий

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1576

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хамгийн хортой янжуурын хэрэглээг багасгах биш, янжуурыг орлуулж болох хор багатай бүх хувилбарыг хорихоор Номинчимэг гишүүн ажиллаж байна” гэх агуулгатай пост түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

УИХ-ын есөн гишүүн “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд бүх төрлийн тамхи болон электрон тамхи, цэнэглэх шингэнд үнэр, амт оруулах бодис нэмэхийг хориглох талаар тусгасан. Үүнийг “янжуур тамхийг биш янжуурыг орлож болох бүх хаувилбарыг хорихоор ажиллаж байна” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 31-ны өдөр FactCheck Review Mongolia (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “Хамгийн хортой я.нжуурын хэрэглээг багасгах биш, ян.жуурыг орлуулж болох хор багатай бүх хувилбарыг хорихоор Н.оми.нчимэг гиш.үүн ажиллаж байна” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 502 реакц, 106 сэтгэгдэл авч, 287 удаа цааш түгээгджээ.

О.Номинчимэг, Ч.Анар, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун, Ө.Шижир нарын гишүүдийн санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтээс санал авахаар 05 дугаар сарын 12-ны өдөр d.parliament.mn цахим хуудаст байршуулжээ.

“Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Тус “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд туссан 6.7.16 дугаар заалт нь бүх төрлийн тамхи болон электрон тамхи, цэнэглэх шингэнд үнэр, амт оруулах бодис нэмэхийг хориглох талаар тэмдэглэжээ.

Энэ нь зөвхөн электрон тамхины хэрэглээг хориглох талаар асуудал биш, харин хэрэглэгчдийг татах зорилгоор хийдэг амт, үнэр зэрэг нэмэлт бодисуудыг бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүнд хориглох зорилготой байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2025 оны 09 дүгээр сарын 03-нд “Тамхины хяналтын тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийх үеэрээ мөн онцлон ярьжээ.

  • Ингэснээр уг хууль энэ хэвээр батлагдвал электрон тамхи төдийгүй янжуур тамхинд ч амт, үнэр оруулсан бол хориглолтод орохоор байна.

Мэдээлэл түгээсэн пэйжийн ил тод байдлын төлөвийг (Page transparency) үзэхэд 2025 оны зургадугаар сарын 25-нд нээж, нийт хоёр пост оруулжээ.

Түүнчлэн шалгасан мэдээллийг Facebook-д төлбөртэй идэвхжүүлж, тухайн постыг нэг хаягаас олон групп руу түгээсэн байна. Ийм аргаар мэдээллийг түгээх нь олон нийтийн санаа бодолд ямар нэгэн зорилготойгоор нөлөөлөх, тодорхой асуудал, хүн эсвэл байгууллагын талаарх эерэг эсвэл сөрөг байр суурийг бий болгох эрсдэлтэй.

Үүнээс гадна “янжуур, Номинчимэг, гишүүн” зэрэг түлхүүр үгний дунд цэг (я.нжуур) ашиглан бичсэн байна. Энэ нь хайлтын систем болон цахим платформын автомат филтерээс зайлсхийх зорилготой, ихэвчлэн хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг арга барил юм.

Одоогоор Монголд хэдэн хүн электрон тамхи хэрэглэж байгаа талаар албан ёсны байгууллагаас гаргасан тодорхой судалгаа, тоо, баримт байхгүй байна

Шалгасан мэдээлэлд дурдсан “2026 онд цахилгаан mамхи хэрэглэж байгаа 300,000 хүн сонголтгүй болж буцаад я.н.жуурлуугаа орно” гэх агуулгаар хайлт хийж үзэхэд 300,000 хүн электрон тамхи хэрэглэж байгааг харуулсан албан ёсны байгууллагын гаргасан судалгаа, тоо баримт байхгүй байна.

Харин ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтарсан судалгааны үр дүнд:

  • Судалгаанд оролцсон хүүхэд залуусын ойролцоогоор 60% нь электрон тамхи хэрэглэж үзсэн.
  • 3 хүүхэд тутмын 1 нь электрон тамхи тогтмол хэрэглэж байна.
  • Тогтмол хэрэглэгчдийн 5 хүн тутмын 1 нь өдөрт 10 ба түүнээс дээш удаа татдаг буюу донтолтын шат руу орсон.
  • 2024 онд электрон тамхины импорт огцом өсч, нийт тамхины импортийн бараг 25%-ийг дангаар эзэлжээ.

Мөн 2022 оны байдлаар Монгол Улсад тамхи хэрэглэдэг иргэдийн тоо ойролцоогоор 642,450 байгааг Их Британид төвтэй “Тамхины хэрэглээний эрсдэлийг бууруулах дэлхийн төлөв байдал” нэртэй байгууллагаас мэдээлж байжээ. Харин албан ёсны байгууллагаас гаргасан электрон тамхи хэрэглэгчдийн тоо баримт байхгүй байна.

Дэлхий дахинд жилд тамхидалтаас болж 7 сая хүн нас бардаг

ДЭМБ-аас “Тамхи жил бүр 7 сая гаруй хүний амийг авч байгаа бөгөөд үүний дотор 1.6 сая орчим нь шууд тамхи татдаггүй боловч хоёрдогч утаанд өртсөн хүмүүс багтдаг” гэж мэдээлжээ. Үүнээс үзвэл ойролцоогоор “10 жилд 70–80 сая хүн дэлхий даяар тамхитай холбоотой шалтгаанаар нас барж байна” гэж шалгасан мэдээлэлд тооцоолжээ.

Мөн 2020 оны хоёрдугаар сарын байдлаар АНУ-д EVALI бүртгэгдсэн нийт 2,807 тохиолдол, нас барсан хүний тоо 68 хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Судлаачид THC (марихуаны үндсэн химийн бодис) агуулсан электрон тамхины шингэнд ордог өтгөрүүлэгч Витамин Е ацетат (Витамин Е-ийн нийлэгжсэн хувилбар) бодис EVALI-тай холбоотой гэж үзсэн байна. Энэ нь зөвхөн 2020 оны байдлаар буюу таван жилийн өмнөх тоо баримт. Гэтэл үүнийг сүүлийн 10 жилд электрон тамхинаас үүдэж 70 хүн нас барсан хэмээн дурдсан нь бодит байдлыг илтгэхгүй юм.

  • EVALI (e-cigarette or vaping product use-associated lung injury) нь электрон тамхины төрлийн бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой уушги гэмтэх ноцтой эмгэг юм. Ялангуяа витамин Е ацетат (Vitamin E acetate) хэмээх бодис нь уушгинд хортой нөлөө үзүүлдэг гэж АНУ-ын Кливленд клиник мэдээлсэн байна. Энэхүү бодис нь ихэвчлэн витамин Е ацетат (каннабисын идэвхтэй найрлага) агуулсан вэйпийн шингэнд агуулагддаг.

Үүнээс гадна шалгасан мэдээлэлд ашигласан тоо баримтын эх сурвалжийг ChatGPT хэмээн дурдсан бөгөөд энэ нь найдвартай албан ёсны эх сурвалж болж чадахгүй гэдгийг анхаараарай.

Дүгнэхэд, УИХ-ын гишүүд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд бүх төрлийн тамхи болон электрон тамхи, цэнэглэх шингэнд үнэр, амт оруулах бодис нэмэхийг хориглох талаар тусгасан. Үүнийг “янжуур тамхийг биш янжуурыг орлож болох бүх хувилбарыг хорихоор ажиллаж байна” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хамгийн хортой янжуурын хэрэглээг багасгах биш, янжуурыг орлуулж болох хор багатай бүх хувилбарыг хорихоор Номинчимэг гишүүн ажиллаж байна” гэх агуулгатай пост түгээжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document