Search

Бусдын хаягийг дуурайлган, их мөнгө амласан цахим залиланг нягтлах аргууд

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1574

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Их хэмжээний буцалтгүй санхүүжилт олгоно гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн зургийг ашиглан цахим залилан хийж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 18-нд Албан ёсны Батцэцэг Батмөнх Тусламжийн сан (архивласан хувилбар) хуудаснаас “Төсөлд хамрагдах боломжтой буцалтгүй тусламжийн албан ёсны зар. Монгол Улсын Засгийн газар болон Европын Холбоо хамтран, орон нутгийн өндөр үр нөлөөтэй санаачилгыг дэмжих зорилготой буцалтгүй санхүүгийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нэг төслийн санхүүжилтийн хэмжээ: 10–900 сая төгрөг. 100% найдвартай, аюулгүй, төрийн хяналттай хөтөлбөр Энэхүү санхүүжилт нь тогтвортой хөгжил, инноваци, хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч зэрэг салбарт төсөл хэрэгжүүлж буй хувь хүн, байгууллага болон таны хувийн хэрэгцээнд зориулагдсан. Найдвартай санхүүжилт — Ирээдүй бидний гарт.Messenger-ээр хувийн зурвас илгээн хүсэлтээ явуулна уу” гэх тайлбартайгаар Гадаад харилцааны сайд Батцэцэгийн зургийг нийтэлжээ. Тус постыг нийт 163 реакц, 223 сэтгэгдлээр идэвхжүүлж, 29 удаа цааш түгээсэн байна.

Олнны танил, албан тушаалтны нэрийг барьж, хаягийг нь дуурайлган үүсгэж, буцалтгүй тусламж, санхүүжилт олгоно гэх мэдээлэл цахим залилангийн түгээмэл хэлбэр юм. Мөнгө, санхүүжилт амласан мэдээллийг доорх 3 анхан шатны баримт шалгах аргаар шалгаж, нягтлаарай.

Хаяг шалгах

Хамгийн эхэнд хаягийн ерөнхий мэдээлэл, үүсгэсэн огноо, нийтэлсэн постыг шалгах хэрэгтэй. “Албан ёсны Батцэцэг Батмөнх Тусламжийн сан” хуудас нь 2025 оны 08 дугаар сарын 16-нд нээгдсэн, нийт 20 дагагчтай шинэ пэйж байна. Хуудасны тайлбар, холбогдох дугаар, дэлгэрэнгүй мэдээлэл огт оруулаагүй. Хоёр зураг оруулснаас гадна нэг л пост нийтэлжээ. Хуудасныхаа нэрд “Албан ёсны” гэж оруулсан боловч хаягт оруулсан бусад мэдээллээс харахад дөнгөж нээгдсэн хуурамч хаяг болохыг харуулж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хаяг нь албан ёсны цэнхэр тэмдэгтэй ба нийт 52 мянга гаруй дагагчтай байна. Пэйжийн дэлгэрэнгүй мэдээллийг харахад 2017 онд нээгдсэн бөгөөд албаны сайт, дугаар, өөрийн Х (хуучнаар твиттер) хаягаа холбожээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хаяг

Агуулга нягтлах

Шалгасан мэдээлэлд “Монгол Улсын засгийн газар Европын Холбоотой хамтран орон нутгийн өндөр үр нөлөөтэй санаачилгыг дэмжих зорилготой санхүүгийн буцалтгүй тусламжийн хөтөлбөр” гэж оруулсан боловч хөтөлбөрийн нэр, хугацаа, шалгуур, хамрагдах оролцогчдын тоо гэх мэт нарийн мэдээлэл огт дурдалгүй зөвхөн чат бичихийг уриалсан байна. Цахим залилангийн түгээмэл хэлбэрт ихэвчлэн “хувь чат илгээнэ үү”, “мессежээр шууд холбогдоорой” гэх агуулгыг дурддаг учир сайтар ажиглаарай. Мөн төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ гэх агуулга дурдсан боловч текстдээ “таны хувийн хэрэгцээнд зориулагдсан” хэмээн оруулсан нь логик алдаатай юм.

Мөн оруулсан тайлбарын хэсгээс хуулж, Facebook-д хайж үзээрэй. Шалгасан мэдээллээс “Төсөлд хамрагдах боломжтой буцалтгүй тусламжийн албан ёсны зар” хэсгийг Facebook-ээс хайж үзэхэд “Батмөнхийн Батцэцэг Олон улсын хүмүүнлэгийн тусламж” хуудаснаас ижил агуулгатай мэдээлэл түгээсэн байна. Баталгаагүй хаягаас санхүүжилд олгоно гэх мэдээлэл олон давтамжтай, өөр өөр хаягаас түгсэн байвал цахим залилан болохыг илтгэж байгаа юм.

Зургаар хайх

Google Lens хайлтын систем ашиглан зургаар хайж, зургийн эх сурвалж, аль платформд, ямар тайлбартай түгснийг харах боломжтой. Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн албан ёсны хаягт 2025 оны 05 дугаар сарын 27-нд нийтэлсэн  Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлалтай холбоотой пост илэрцээр гарч ирлээ.

Мөн шалгасан хуудасны нүүр зураг нь 2025 оны 06 дугаар сарын 26-нд Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд М.Нуртлеутай хэлэлцээр хийсэн үеийн зураг юм.

Их хэмжээний мөнгө, буцалтгүй санхүүжилт амласан цахим залилангийн хэлбэр нь хувийн мэдээлэл авах, цаашлаад мөнгө ихэсгэнэ гэх амлалт өгч, залилах эрсдэлтэй учир аливаа мэдээллийг дээрх анхан шатны баримт шалгах аргаар шалгаж, нягтлаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Их хэмжээний буцалтгүй санхүүжилт олгоно гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document