Search

2026 оноос хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын системийг ашиглан торгууль ноогдуулна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1572

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2025 оны 09 дүгээр сарын 04-өөс эхлэн хиймэл оюунд суурилсан хяналтын камер торгож эхэлнэ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

09 дүгээр сарын 04-ны өдрөөс хяналтын камерын систем ашиглан дугаарын хязгаарлалт зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож эхлэнэ гэх мэдээллийг гуйвуулж хиймэл оюунд суурилсан камер торгууль ноогдуулж эхэллээ хэмээн төөрөгдүүлжээ.

2025 оны 09 дүгээр сарын 4-нд сошиал медиад хиймэл оюун ухаанд суурилсан камер ажиллаж торгоно гэх агуулгатай мэдээлэл түгсэн. Тодруулбал, Majesta Eenee (архивласан хувилбар) болон бусад Facebook хаягууд Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд буюу “ӨНӨӨДРӨӨС: Энхтайваны өргөн чөлөө – Төв шуудан, УБ их дэлгүүрийн уулзвар, Нарны зам – 120 мянгат, ТЭЦ–4 орчим, Чингисийн өргөн чөлөө – Дүнжингарав худалдааны төвийн уулзвар, Энхтайваны өргөн чөлөө – Баянзүрхийн шинэ гүүр орчим, Баруун 4 зам, Зүүн 4 замын уулзварууд, Яармаг чиглэл, Нисэхийн зам, Энхтайваны өргөн чөлөө – Соёлын төв өргөө, Цагдаагийн академийн уулзвар. Эдгээр камер нь: улаан гэрэл зөрчих, гар утас ашиглах, зөвшөөрөгдөөгүй эгнээгээр явах, хурд хэтрүүлэх, суудлын бүс зүүхгүй байх зэрэг зөрчлийг илрүүлж торгууль оногдуулна” гэх мэдээлэл түгээжээ. Тус постыг нийт 1,300 гаруй реакц, 208 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,600 гаруй удаа цааш түгээсэн байна.

2025 оны 09 дүгээр сарын 03-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр Facebook хаягтаа “Автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж маргаашаас буюу 09-р сарын 04-нөөс эхлэн хариуцлага тооцно…” гэх агуулгатай мэдээллийг богино хэмжээний бичлэгийн хамт (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус бичлэгт “1111 дугаарт ирж буй дугаарын хязгаарлалттай үед зам тээврийн хөдөлгөөнд оролцох ёсгүй машин оролцож байна гэх гомдлын тухай болон нийтийн хэв журмын албан хаагчид үйл ажиллагаагаа зам тээврийн цагдаагийн албатай холбож, торгож болно гэвэл торгоно…” гэх агуулгыг дурджээ.

Уг мэдээллээс улбаалан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэд хэдэн хаягаас “Маргаашаас замын AI камер торгож эхлэх юм байна шүү!!! Явдаггүй өдрөө гаралгүй, эгнээ байр, зураасаа сайн хараарайдаа, зөрчил болгон дээр торгууль бичигдэнэшдээ” гэх мэдээллийг түгээжээ. Тухайлбал, Уканаа. Ука (архивласан хувилбар), Энхтөрийн Галбадрал, Ankhbayar Enkhtaivan зэрэг хаягаас ижил мэдээлэл түгээсэн байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр мэдэгдэлдээ “камерын хяналтаар илрүүлнэ” гэж мэдээлсэн боловч хэрэглэгчид “хиймэл оюунд суурилсан камер торгоно” хэмээн өөрчлөн түгээжээ.

Цаашлаад 2025 оны 09 дүгээр сарын 04-нд хиймэл оюунд суурилсан хяналтын камер Энхтайваны өргөн, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө зэрэг хэд хэдэн газарт байрлах хиймэл оюунд суурилсан камер Улаан гэрэл зөрчих, гар утас ашиглах, зөвшөөрөгдөөгүй эгнээгээр явах, хурд хэтрүүлэх, суудлын бүс зүүхгүй байх зэрэг зөрчлийг илрүүлж торгууль оногдуулна гэх мэдээлэл гарчээ.  Уг мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс үгүйсгэж албан мэдэгдэл гаргасан.

2025 оны 09 дүгээр сарын 04-нд Замын Хөдөлгөөний Удирдлагын төвөөс “...2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хяналтын камерын систем ашиглан илрүүлж, хариуцлага тооцох ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.
Харин 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын системийн тусламжтайгаар:

  • Хурд хэтрүүлсэн,
  • Гэрлэн дохио зөрчсөн,
  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон,
  • Эгнээ байр буруу эзэлсэн,
  • Автобусны буудал дээр зогссон,
  • Зогсох шугам, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн, урсгал сөрсөн
  • Түр буюу хориотой газар тээврийн хэрэгслээ байршуулсан,
  • Явган хүний зам, ногоон байгууламж, орц гарц хааж зогссон автомашины торгуулийн арга хэмжээ албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд албан бус эх сурвалжаас авсан буруу, ташаа мэдээллийг авч түгээхгүй, иргэд, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хариуцлагатайгаар анхааруулж мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл гаргачээ.

Замын Хөдөлгөөний Удирдлагын төвийн албан ёсны мэдэгдэл, Эх сурвалж: Замын Хөдөлгөөний Удирдлагын төв

08 дугаар сарын 27-ноос хэрэгжиж эхэлсэн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгсэл тэгш, сондгой дугаарын дагуу зорчих журмыг сахиулахаар хяналтын камераар зөрчил илрүүлэх тухай мэдээллийг 09 дүгээр сарын 04-ны өдрөөс хиймэл оюунд суурилсан камер торгууль ноогдуулж эхэллээ хэмээн гуйвуулсан нь төөрөгдүүлсэн ойлголт үүсгэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document