Search

Жилийн өмнөх мэдээллийг дахин түгээж, төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1571

Ерөнхий агуулга

Хүүхдүүд эвдэрхий гүүр давж хичээлдээ явж байна гэх агуулга бүхий тайлбартай зураг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2024 онд үерийн улмаас эвдэрсэн гүүрний зургийг дахин түгээхдээ гүүрийг засварласан тухай мэдээлэл оруулаагүй байна. Мөн тухайн үед эвдэрсэн гүүрний хажууд явган хүний замтай холбогдсон гүүр байсан ба тус гүүрийг шинэчилж засварлажээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 9 дүгээр сарын 01-нд North Mongolia (архивласан хувилбар) хуудаснаас “Бродюр сольж байхаар  ганц гүүр тавиад өгөөч хүүхдүүд хичээлдээ явж байна” гэх тайлбартай хүүхдүүд эвдэрсэн гүүрээр гол гаталж байгааг харуулсан зураг нийтэлжээ. Тус постыг нийт 3,400 гаруй реакц, 412 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2,400 гаруй удаа цааш түгээсэн байна.

Түгээсэн зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2024 оны 09 дүгээр сард нийтлэгдсэн  постууд илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сарын 01-нд Bundiin Tamga гэх хаягаас шалгасан мэдээлэлтэй яг ижил “Бродюр сольж байхаар  ганц гүүр тавиад өгөөч хүүхдүүд хичээлдээ явж байна” гэх тайлбартай пост нийтэлжээ.

Төв аймагт гүүр эвдэрсэнтэй холбоотой 2024 оны 09 дүгээр сарын 02-нд Eguur мэдээллийн сайтад аймгийн Засаг Даргын тамгын газраас “Хоёр хоногийн өмнө цахим орчинд голоор гатлан сургуульдаа явж байгаа хүүхдүүдийн зураг нийтлэгдсэн байсан. Тус голоор дамжин гардаг гүүр байсан хэдий ч долоо хоногийн өмнө орсон их борооны улмаас үерлээд гүүр нь урсчихсан юм. Угтаа бол яг тэр зургаас жоохон зайтай өөр нэг гүүр бий. Гэхдээ хүмүүс замаа товчлох гээд гарч байгаа харагдсан. Бидний зүгээс үерийн улмаас урссан гүүрийг дахин сэргээж, гүүр хийлгэж байгаа. Тэр гүүр угтаа бол энэ долоо хоногт тавигдах төлөвлөгөөтэй байгаа” гэх тодруулгыг өгсөн байна.

Үргэлжлүүлэн Google Map хэрэглүүрээс Төв аймгийн Зуунмод хотод голын ойр орчимд байрлалтай сургуулиудыг шүүж, шалгасан зураг дахь байршлыг оллоо. Доорх зурагт Google Maps дээрх 47.705651, 106.956245 уртраг, өргөрөгт тааруулж, 2023 оны 10 дугаар сарын байдлаар Google Maps-д оруулсан бодит зургийг харьцуулан харууллаа.

Шалгасан зурагт эвдэрсэн гүүрний цаана харагдах барилгууд Google Maps-ийн зурагтай таарч байна. Google Maps-ын зургийг 2023 оны 10 дугаар сард авсан, харин шалгасан зургийг түүнээс жил орчмын дараа буюу 2024 оны зураг 9 дүгээр сард интернэтэд байршуулжээ. Төв аймгийн Засаг даргын тамгын газраас тус гүүр үерийн улмаас эвдэрсэн ч хажуу талд нь гүүр байгаа гэснийг нягталж үзвэл Google Maps дээр замын эсрэг талд явган хүний замтай холбосон ногоон хашлагатай гүүр байгааг доорх зургаас үзнэ үү. Харин шалгасан зурагт гүүрнээс автомашины зам руу чиглэсэн явган хүний зам байхгүй байна.

Үерийн улмаас гүүр эвдэрсэнтэй холбоотой Зуунмод хотод 3 гүүр засварлаж, 4 байршилд гүүр шинээр барих ажил хэрэгжүүлсэн ба 2024 оны 09 дүгээр сарын 18-нд Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл Facebook хаягтаа (архивласан хувилбар) засварласан гүүрний зургийг оруулжээ. Тус зургийн зүүн талд харагдах ногоон хашаа нь Google Maps-ийн 2023 оны зурагтай таарч байна. Харин баруун талд үерийн улмаас эвдэрсэн гүүрийг улаанаар тодруулан харууллаа.

Өмнө байсан гүүрийг засварласны дараах зургийг Google Maps-ийн зурагтай харьцуулав. Эх сурвалж: Зуунмод сумйн Засаг дарга Ч.Сарангэрэлийн Facebook хаяг

Дүгнэвэл 2024 онд үерийн улмаас эвдэрсэн гүүрний зургийг дахин түгээхдээ засвар хийсэн мэдээллийг оруулаагүй байна. Мөн тухайн үеийн мэдээлэлд дурдсанаар эвдэрсэн гүүрний хажууд явган хүний замтай холбогдсон гүүр байсан ба тус гүүрийг шинэчилж засварлажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хүүхдүүд эвдэрхий гүүр давж хичээлдээ явж байна гэх агуулга бүхий тайлбартай зураг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document