Search

“Арьс татдаг тос” гэх баталгаагүй бүтээгдэхүүнээр хуурч, хувийн мэдээллийг авч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1567

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ceoerty™ EternaLIFT арьсыг өргөж, чангалахад тусалж, залуу төрхийг сэргээж, арьс чангалах тос” гэх бүтээгдэхүүний талаар мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээллийг танилцуулга, холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны имэйл гэх мэт тодорхой мэдээлэлгүй хуудаснаас түгээсэн байна. Мөн тухайн хуудсыг Вьетнам улсаас удирддаг бөгөөд өмнө нь кхмер хэлээр мэдээлэл түгээж, бүтээгдэхүүн сурталчилж байжээ. Эдгээр шинж чанарууд нь тухайн хуудасны баталгаагүй байдлыг илтгэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны долоодугаар сарын 14-нд Hi Beauty нэртэй хуудаснаас “Ceoerty™ EternaLIFT арьсыг өргөж, чангалахад тусалж, залуу төрхийг сэргээж, арьс чангалах тос” гэх бүтээгдэхүүний талаар бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 433 реакц, 151 сэтгэгдэл авч, 225 удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллүүдийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг нягталж, зургаар хайх аргыг ашиглалаа.

Хаягийг шалгасан нь

Hi Beauty гэх хуудас нь 2024 оны долоодугаар сарын 16-нд нээгдсэн бөгөөд 3100 гаруй дагагчтай хуудас байна. Гэвч танилцуулга, холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны мэйл гэх мэт тодорхой мэдээлэлгүй байгаа юм. Мөн тухайн хуудасны ил тод байдлыг шалгахад Вьетнам улсаас амдин удирдаж байна.

Түүнчлэн түгээж буй мэдээлэлдээ тодорхой тайлбар бичдэггүй, зөвхөн чатаар хандах товчлуур байршуулжээ. Мөн бүтээгдэхүүн тус бүрд линк холбосон байна. Ингэхдээ өөр өөр төрлийн линкээр дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг бөглүүлж байна.

Үүнээс гадна тус хуудаснаас Камбож улсын кхмер хэлээр мэдээлэл түгээж, бүтээгдэхүүн сурталчилсан байна. Уг хэлийг Вьетнам улсад ч өргөн хэрэглэдэг. Энэ мэт гаднын улсаас админ удирдаж, гадаад хэлээр мэдээлэл түгээдэг, хаяг байршил, холбогдох дугаарын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдож, холбоосоор дамжихыг уриалдаг үйлдлүүд нь залилангийн сэдэлтэй мэдээлэлд түгээмэл ажиглагддаг шинж чанарууд юм.

Зургаар хайх аргыг ашигласан нь

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайлаа. Хайлтын үр дүнд тус бүтээгдэхүүнийг арьс чангалж, чийгшүүлэх тухай дурдсан худалдааны сайтуудын мэдээлэл илэрч байна. Ингэхдээ “30–70 насны эмэгтэйчүүд хэдхэн долоо хоног хэрэглэсний дараа үр дүнгээ өгсөн” гэж сурталчилсан ч үүнийг баталсан судалгааны материал алга.

Тухайн тосонд агуулагдаж буй пептид, ниацинамид, гиалуроны хүчил, карите тос зэрэг нь гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл ашиглагддаг найрлагууд юм. Тэдгээр нь арьсны коллаген ба эластин үйлдвэрлэлийг дэмжих, чийгшүүлж, арьсны нөсөө толбыг багасгах үйлчилгээтэйгээрээ танигдсан. Гэвч энэ нь шалгаж буй мэдээлэлд дүрсэлж буйтай адил насжилтаас үүдэж унжсан арьсыг шууд өргөж, залуужуулах боломжгүй. Учир нь эдгээр найрлага нь арьсны чийгшил, уян хатан байдал, хамгаалалтын давхаргыг дэмжиж хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгахад тустай боловч эрс мэдэгдэхүйц залуужуулах нөлөө үзүүлдэггүй, тогтмол хэрэглээний явцад арьсны гадаргуу, гүний давхаргад аажмаар өөрчлөлт үзүүлэх хандлагатай байдаг.

Мөн аливаа бүтээгдэхүүн бүр хүн бүрд адил үр дүн үзүүлдэггүй. Энэ нь бүтээгдэхүүний найрлага, агууламж, бүтээгдэхүүний шинж чанар болон арьсны төрөл, нөхцөлөөс хамаарч өөр өөрөөр нөлөөлдөг. Иймд ямарваа нэг бараа бүтээгдэхүүний сурталчилгаанд шууд итгэж, өндөр хүлээлт үүсгэхгүй байж бүтээгдэхүүний шинж чанарт илүү анхаараарай. Түүнчлэн тухайн бүтээгдэхүүнийг борлуулж буй газрын баталгаатай байдал чухал юм. Үүний тулд, уг газрын хаяг байршил, холбогдох дугаар, өмнөх түүх, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг анхан шатны мэдээллийг нь судалж, хянуур хандаарай.

Дүгнээд хэлэхэд, шалгаж буй мэдээллийг танилцуулга, холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны имэйл гэх мэт тодорхой мэдээлэлгүй хуудаснаас түгээсэн байна. Мөн тухайн хуудсыг Вьетнам улсаас удирддаг бөгөөд өмнө нь кхмер хэлээр мэдээлэл түгээж, бүтээгдэхүүн сурталчилж байжээ. Эдгээр шинж чанарууд нь тухайн хуудасны баталгаагүй байдлыг илтгэж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Ceoerty™ EternaLIFT арьсыг өргөж, чангалахад тусалж, залуу төрхийг сэргээж, арьс чангалах тос” гэх бүтээгдэхүүний талаар мэдээлэл түгээжээ.

Check document