2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангайн мэдээ (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Тахианы мах идэхгүй байхыг зөвлөж байна Монголд их хэмжээний өвчтэй тахиа орж ирсэн бөгөөд аймгийн хэмжээнд хордлогонд орсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байна” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 5,900 гаруй реакц, 429 сэтгэгдэл авч, 6,800 гаруй удаа цааш түгээгджээ.
Мөн Subeedei.mn (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас адил агуулга бүхий “Тахианы мах идэхгүй байхыг зөвлөж байна, Монголд их хэмжээний өвчтэй тахиа орж ирсэн бөгөөд Архангай аймгийн хэмжээнд хордлогонд орсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Эх сурвалж: Sod media” гэсэн пост нийтэлж, өндөр хандалт авжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг болон Архангай аймгийн Эрүүл мэндийн газартай холбогдож уг асуудлын талаар тодрууллаа. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээллийн ажилтан “Сүүлийн 2 долоо хоног тахианы махны хордлогоор манай эмнэлэгт өдөрт 7-8 хүн ирсэн” гэж мэдээлсэн. Харин Архангай аймгийн Эрүүл мэндийн газар “Тахианы махны хордлогын талаар тодорхой дүгнэлт гараагүй байгааг” бидэнд мэдээлсэн юм.
Шалгасан мэдээллийн анхдагч эх сурвалж болох “Sod media” Facebook хуудас нь постоо устгаж, 08 дугаар сарын 29-ны өдөр тодруулга мэдээлэл гаргажээ. Тухайлбал, “Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаагаас тодруулахад, Энэ оны наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Архангай аймгийн төвд байрлалтай сүлжээ хоолны газраар үйлчлүүлж, тахианы махтай хоол идсэн иргэд хордлогод орсон тохиолдол гарсан. Тус мэдээлэл үнэн. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар уг асуудлыг шалгаж байгаа. Илүү тодорхой мэдээлэл гарахаар мэдээлэл өгье” гэсэн байна.

Үүний дараа бид Гаалийн ерөнхий газраас гаалиар орж ирж байгаа тахианы маханд ямар хяналт, шинжилгээ хийдэг, мөн гаалиар сүүлийн өдрүүдэд өвчтэй тахианы мах орж ирсэн эсэх талаар тодруулж асуусан юм. Ингэхэд “Гаалиар дараах 3 төрлийн хяналт, шалгалт хийж, ямар нэг зөрчил илрээгүй бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг” гэсэн юм. Үүнд:
- Бичиг баримтыг шалгах
- Биет үзлэг хийх
- Лабораторын үзлэг, шалгалт хийх
Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын өгсөн мэдээллээр, “Сүүлийн гурван жил “өвчтэй тахианы мах” орж ирсэн зөрчилтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэж бидэнд мэдээлсэн юм.
Мөн зургадугаар сард “Хятад улсад их хэмжээний тахиа үхэж, Монгол руу гаргана” гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Манай байгууллага тус мэдээлэлд баримт шалгалт хийж, Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсад болсон үйл явдлыг төөрөгдүүлсэн тайлбартай цахим орчинд түгээснийг тогтоож байсан.
Дүгнэхэд, “Монголд их хэмжээний өвчтэй тахиа орж ирсэн” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Архангай аймагт хоолны хордлогоор олон хүн өвдөж эмнэлэгт хандсан нь үнэн, гэхдээ хордлогын эцсийн хариу гараагүй байна. Гаалийн ерөнхий газраас “Гаалиар орж ирж байгаа тахианы манхад лабораторийн үзлэг, шинжилгээг тогтмол хийдэг бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаар зөрчилтэй тахианы мах илрээгүй” гэж бидэнд мэдээлсэн.




