2025 оны 08 дугаар сарын 26-нд Энхтөрийн Галбадрал (архивласан хувилбар) гэх хаягаас лаврын навчны ханд бэлтгэх тухай мэдээллийг түгээжээ. Уг мэдээлэлд ханд бэлтгэхээс гадна лаврын навч цус, цөс шингэлж, элэг, зүрх хэвийн ажиллахад тусална гэх агуулгыг дурдсан. Тус постыг нийт 267 реакц, 14 сэтгэгдлээр идэвхжүүлж, 371 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Лаврын навч нь Lauraceae аймгийн мөнх ногоон лаврын модны (Laurus nobilis) навч ( bay leaf, laurel leaf) бөгөөд анхилуун үнэртэй боловч гашуун амттай, хоол, хүнс амтлахад түгээмэл хэрэглэдэг амтлагч юм. Lauraceae нь 50 орчим төрөл зүйл, 2500 гаруй зүйлийн мөнх ногоон бут сөөг, модноос бүрддэг.
Лаврын навчийг ургамлын гаралтай эм болгон ашигладаг байсан бөгөөд антиоксидант, таталтын эсрэг, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, мутагений эсрэг, дархлаа эрчимжүүлэх, вирусийн эсрэг, нейротрансмиттер ацетилхолины үйл ажиллагааг эсэргүүцэх, шавж үргээх, нянгийн эсрэг, саажилтын эсрэг зэрэг үйлчилгээтэй аж.
PubMed, ResearchGate, ScienceDirect зэрэг судалгааны сангаас “лаврын навч, ханд, цус” зэрэг түлхүүр үгээр хайхад лаврын навч цус, цөсийг шингэлдэг болохыг харуулсан судалгаа байхгүй байна. Мөн “лаврын навч, ханд, цус шингэлэх” түлхүүр үгээр хайхад илэрцгүй байна.
Илэрцээр гарч ирсэн 2019 оны лабораторийн туршилтад лаврын навчны этанолын ханд нь ийлдэс дэх холестерины хэмжээг буруулахад хүчтэй үйлчилгээтэй болохыг харуулжээ.
2008 онд нийтлэгдсэн “Лаврын навч нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн глюкоз, өөх тосны агууламжийг сайжруулдаг“ судалгаагаар лаврын навчны капсул хэлбэрийн ханд 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн ийлдэс дэх глюкоз, нийт холестерин, LDL холестерин, триглицеридыг түвшнийг бууруулж, HDL (өндөр нягтралтай липопротейн) холестеролын түвшнийг нэмэгдүүлсэн үр дүнг харуулжээ. Мөн эдгээр үр дүнг баталгаажуулах, идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлоход нэмэлт судалгаа шаардлагатай дурдсан байна.
Лаврын навч цусан дахь холестеролын түвшнийг бууруулдаг болохыг харуулсан цөөн судалгаа бий ч илүү нарийвчилсан, нэмэлт судалгаа шаардлагатайг дурджээ. Харин шалгасан мэдээлэлд дурдсан арга техникээр ханд хийж ууснаар цус, цөсийг шингэлдэг болохыг харуулсан судалгаа, баримт огт байхгүй юм.




