2025 оны 08 дугаар сарын 27-нд Эрдэнэс Эрдэнэс нэртэй Facebook хэрэглэгч “Японд “алга болдог” үйлчилгээ түгээмэл болж байна. Жил бүр 80,000 орчим хүн “шөнийн тээвэрлэгч” захиалах замаар “ууршдаг” аж. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалт, өр төлбөр, ажил дээрээ тулгарч буй асуудлаас зугтдаг. Мөнгөний төлөө та өөр хот руу нууцаар явж, нэр, гадаад төрхөө өөрчилж болно” гэх агуулгатай постыг бичлэгийн хамт нийтэлжээ. Тус постыг 41 реакц, 10 сэтгэгдлээр идэвхжүүлж, 25 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Уурших” үйлчилгээ гэж юу вэ?
Түгээсэн мэдээлэлд дурдагдсан Японы “johatsu” гэх үйлчилгээ нь ямарваа нэг асуудлаас зугтан, ор мөргүй болж, овог нэрээ солиулж, амьдралаа шинээр эхлэхийг хүссэн хүмүүст зориулжээ. “Johatsu” гэдэг нь Японоор уурших гэсэн утгатай аж. Энэхүү үйлчилгээг үзүүлдэг компаниудыг “шөнийн нүүлгэгчид” гэж нэрлэдэг бөгөөд хэрэглэгчийг тухайн хүнд нөхцөл байдлаас гаргах, нүүх болон шинээр бичиг баримт авах зэрэгт нь тусалдаг бөгөөд энэ нь хууль бус үйлчилгээ биш юм. Үйлчилгээний нөхцөлөөсөө шалтгаалан 450-2600 ам.долларын үнэтэй аж. Японд жилд дунджаар 80-100 мянга гаруй мянган хүн энэ үйлчилгээг авдаг гэсэн тоо баримт гаргажээ.
Японы гал түймэртэй тэмцэх газрын робот Robocue
Харин түгээсэн мэдээлэлд хавсаргасан бичлэгт гарч буй робот нь 2009 онд гарсан Robocue юм. Robocue нь Японы гал түймэртэй тэмцэх газрын робот бөгөөд байгалийн гамшигт өртсөн иргэдийг аврах зориулалттай. Тэрээр тоос шороо, ус, галанд тэсвэртэй, ямар ч шатаар өгсөж уруудах чадвартай аж. Robocue нэртэй энэ робот нь “johatsu” гэх үйлчилгээтэй ямар ч холбоогүй.

Цахим орчин тэр дундаа нийгмийн сүлжээнд хамааралгүй зураг, бичлэг, мэдээллийг хамтад нь түгээж, төөрөгдүүлэх явдал түгээмэл байдаг тул та манай өмнөх баримт шалгалттай танилцан зургаар хайхад суралцаарай.




