Search

“Бид улсаа Монгол шиг хямраахгүй гэж Сомалийн ерөнхийлөгч хэлсэн” гэх худал мэдээллийг 2017 оноос хойш түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1563

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сомали Улсын Ерөнхийлөгч “Бид улсаа Монгол шиг хямраахгүй” гэж хэлсэн гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сомали Улсын үе үеийн ерөнхийлөгчдийн нэрийг оролцуулсан хуурамч мэдээллийг нь 2017 оноос хойш жил бүр давтан түгээж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 26-нд Лха Reeall (архивласан хувилбар) нэртэй хаягаас Сомали Улсын Ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд гэсэн нэртэй, “Бид улсаа Монгол шиг хямраахгүй” гэж хэлсэн эшлэл бүхий постерыг “…Дэлхийн хамгийн ядуу улсын нэг Сомали улсын ерөнхийлөгч Монголоор жишээ татжээ” гэх тайлбартай нийтэлжээ. Тус мэдээллийг нийт 190 реакц, 35 сэтгэгдлээр идэвхжүүлж, 129 удаа цааш түгээсэн байна. Уг мэдээлэл гарсны дараа олон хаягаас зураг болон текс хэлбэрээр түгээсэн байна.

Түгээсэн мэдээлэлд Парламент TV пэйжийн логотой зургийг ашигласан боловч тус хуудсыг шүүж үзэхэд Сомали Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбоотой мэдээлэл, зураг байхгүй байна. Мөн зураг нь одоогийн ерөнхийлөгчийнх биш, өмнөх ерөнхийлөгч Mohamed Abdullahi Mohamed-ийнх байна.

Үргэлжлүүлэн “Сомали улсын ерөнхийлөгч”, “Бид улсаа Монгол шиг хямраахгүй” гэх түлхүүр үгээр хайхад 2017, 2018 онд нийтлэгдсэн мэдээллүүд илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, 2017 оны 12 дугаар сарын 21-нд Pureve Pureve (архивласан хувилбар) гэх хаягаас шалгасан мэдээлэлтэй ижил агуулгатай “Сомали улсын ерөнхийлөгч Бид улс орноо Монгол шиг хямраахгүй гэж мэдэгдсэн гэнэ…” гэх мэдээлэл нийтэлж байжээ.

Мөн 2018 оны 08 дугаар сарын 14-нд Боржигон Овогт Дуламсүрэнгийн Чимэддамба (архивласан хувилбар) гэх хуудаснаас “Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Сомалигийн Ерөнхийлөгч Монгол Улс шиг орноо дампууруулахгүй гэжээ...” гэх мэдээллийг оруулжээ. Гэвч тус мэдээлэлд Сомали Улсын одоогийн ерөнхийлөгч бус 2017-2022 онд Ерөнхийлөгч байсан  Mohamed Abdullahi Mohamed-ийн зурагтай постер бэлтгэн нийтэлжээ.

2017 он, 2025 онд ч тэр Сомали Улсын Ерөнхийлөгч шалгасан мэдээлэлд дурдсан шиг Монгол улсын тухай харьцуулсан яриа өгсөн мэдээлэл огт байхгүй юм. Сошиал орчинд хэрэглэгчдийн анхаарлыг татах, сарниулах зорилготойгоор 2017 оноос хойш тус мэдээллийг давтан түгээхдээ тухайн үеийн ерөнхийлөгчийн зургийг ашиглаж байна. Иймд аливаа мэдээллийн эх сурвалж, бодит байдлыг эргэцүүлж, бататгаж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Сомали Улсын Ерөнхийлөгч “Бид улсаа Монгол шиг хямраахгүй” гэж хэлсэн гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document