2025 оны 08 дугаар сарын 22-нд Хүмүүн (архивлагдсан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Зөвхөн нэг цэг дээр дараад элэгний үйл ажиллагаагаа сайжруулаарай. Элэгний үйл ажиллагаа сайн байх нь шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг” гэсэн пост нийтэлжээ. Тус пост 08 дугаар сарын 27-ны байдлаар 160 реакц, 24 сэтгэгдэл авч, 205 удаа цааш түгээгдсэн байна.
Мөн Та Өөрөө Өөртөө Оточ (архивлагдсан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Уушгиа хайрлая: Зөвхөн 1 цэг дээр дараад уушгиа хайрлаж, бохирдлыг нь цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй” гэсэн мэдээлэл түгээжээ.
Эдгээр постны тайлбар хэсэгт “Дэлгэрэнгүй мэдээллийг сэтгэгдэл хэсгээс уншаарай” гэж бичсэн байх бөгөөд сэтгэгдэл хэсэгтээ тус мэдээллийн гарчиг бүхий “Clickbait” сайтын холбоосыг оруулж өгсөн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хөлийн улныхаа нэг цэг дээр дарахад уушги эсвэл бусад эрхтэн шууд цэвэршиж, үйл ажиллагаа нь сайжирна гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй
“Хөлийн ул, гарын алга дээрх цэгүүдийг дарж дотоод эрхтний үйл ажиллагааг сайжруулна” гэх мэдээлэл нь уламжлалт анагаах ухааны ойлголтод тулгуурладаг. Гэвч орчин үеийн шинжлэх ухаан, клиник судалгаагаар ийм аргын үр нөлөө батлагдаагүй байна.
Гар, хөлийн тодорхой цэгүүдэд дарах, эдгээр цэгүүд нь биеийн бусад эрхтэнтэй холбоотой гэж үздэг аргыг “Рефлексологи” хэмээн АНУ-ын “Нэмэлт болон интегратив эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллийн сайтад дурджээ. Мөн “энэ арга нь ерөнхийдөө аюулгүй бөгөөд амьсгал давчдах, өвдөлт, стресс, түгшүүр зэрэг шинж тэмдгийг бууруулж болно гэж үздэг ч тодорхой өвчин оношлох эсвэл эмчлэх талаар шинжлэх ухааны хангалттай нотолгоо байхгүй” гэжээ.
Харин элэгний эмчилгээ нь өвчлөлийн хэлбэрээс шалтгаалан эм, мэс заслын аргаар эмчлэгдэх боломжтой гэдгийг эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг.
“Clickbait” нь “click” дарах, “bait” өгөөш гэсэн хоёр үгийн нийлбэр юм
Clickbait нь ихэвчлэн сенсацтай, эсвэл баталгаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл түгээж, хэрэглэгчийг тодорхой нэг хуудас руу оруулдаг. Үндсэн зорилго нь вэбсайтынхаа урсгалыг нэмэгдүүлэх, хуудасныхаа үзэлтийг өсгөх, улмаар сурталчилгааны орлогыг нэмэгдүүлэхэд чиглэдэг байна.
Сүүлийн үед Facebook орчинд энэ үзэгдэл түгээмэл болж, ихэвчлэн эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэл, эсвэл шинжлэх ухааны бүрэн бус, батлагдаагүй судалгаагаагаар хэрэглэгчдийн анхаарлыг татдаг. Хэрэглэгч холбоос дээр дарахад, мэдээллээс илүүтэйгээр баннер сурталчилгаа болон янз бүрийн холбоосоор дүүрсэн хуудас руу чиглүүлдэг байна.
Жишээлбэл, шалгасан мэдээллийн сэтгэгдэл хэсэгт байрласан холбоос дээр дарахад “gerteemassage” нэртэй сайт руу үсэрч, дэлгэц дээр шууд сурталчилгааны pop-up цонх гарч ирж, улмаар онлайн мөрийтэй тоглоомын хуудсанд холбогдож байна.


Дүгнэхэд, цахим орчинд шинжлэх ухаанаар батлагдаагүй, бүрэн бус эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэл түгээж, “Clickbait” холбоосоор хэрэглэгчийг сурталчилгаа, онлайн мөрийтэй тоглоомын хуудсанд чиглүүлэх нь вэбсайтынхаа урсгалыг өсгөх, сурталчилгааны орлогоо нэмэгдүүлэх зорилготой байдаг. Иймд цахим орчин дахь аливаа мэдээлэлд хэрсүү хандаж, баталгаатай эх сурвалж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд тулгуурлан эрүүл мэндийн шийдвэр гаргаж байх нь зүйтэй.




