Search

Цагаан даль цэцгээр олон төрлийн өвчнийг анагаах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1559

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Цагаан даль цэцгийн хандаар цус шингэлж, ходоодны өвчин эдгээж, уушгийг эмчилж, даралт тогтворжуулж, сахрын өвчнийг ангаана” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Цагаан даль нь ижил төрөл зүйлийн цэцгүүдээсээ граянотоксин хорыг багаар агуулдаг гэж судлагдсан ч аюулгүй эсэх нь бүрэн батлагдаагүй. Мөн уг цэцгийн бүтцийг нарийн судалж танилцуулсан судалгааны материал хязгаарлагдмал байгаа тул дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй. Учир нь цагаан далийн овогт хамаарах адил төрлийн цэцгийг хандалж хэрэглэснээр хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн жишээ олон байна. Уламжлалт аргаар сэргээх төрлийн цай болгон хэрэглэж байсан ч “цус шингэлж, ходоодны өвчин эдгээж, даралт тогтворжуулж, сахрын өвчнийг ангаана” гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, үндэслэлгүй мэдээлэл юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны долоодугаар сарын 22-нд Бөө нэртэй хуудаснаас “Цагаан даль гэдэг цэцэг байна. Энэ л цусыг шингэлдэг ганц ургамал юм, мөн цусны эргэлтийг хурдасгана. Ингэснээрээ дэлүүг давхар цэвэрлэж өгдөг. Нэг уут нь нэг курс эмчилгээ болно, гурван хэсэгт хувааж 150 гр усанд чанаад хандалж хэрэглэнэ. Үүнийгээ 100 гр усанд нэг амны халбага хийж өдөрт гурван удаа хандалж ууна, ингээд нэг уутыг 15 хоног уух ёстой энэ нь курс эмчилгээ болно. Ходоодонд өвчлөл байсан бол тэрийг эдгээнэ, даралтыг тогтворжуулна, сахрын өвчнийг маш сайн анагаадаг, мөн уушгийг давхар эмчилдэг. Бүх төрлийн хорт бодисыг биеэс гадагшлуулна гэсэн үг юм” гэж тайлбарлаад, зарж буй хүний хаяг, холбоо барих дугаар зэргийг нийтэлсэн байна. Уг пост 1500 гаруй реакц, 310 сэтгэгдэл авч, 2700-аад удаа цааш түгээгджээ. 

Rhododendron adamsii буюу цагаан даль цэцгийн хандаар “цус шингэлж, ходоодны өвчин эдгээж, уушгийг эмчилж, даралт тогтворжуулж, сахрын өвчнийг ангаана” гэдэг нь клиник судалгаагаар батлагдаагүй мэдээлэл юм. Эсрэгээрээ тус овгийн цэцэгт агуулагдах граянотоксин гэх хорт бодис нь зүрх судасны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, хордлогод хүргэдэг байна. Үүнийг шинжлэх ухааны олон төрлийн судалгаанд дурджээ. Тухайлбал,

BioMed Central судалгааны санд 2022 онд нийтлэгдсэн “Хатаасан рододендроны цэцэг хэрэглэхэд илэрсэн зүрхний цохилт удаашрах, цусны даралт буурах тохиолдлын тайлан” эмнэл зүйн судалгаанд “33 настай эрэгтэй цагаан өнгийн рододендрон хатаасан цэцгээс хоёр атгыг хэрэглэснээс 4–5 цагийн дараа булчин өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, зүрх дэлсэх, нүүр, уруул орчимд мэдээ алдах, амьсгалахад хүндрэлтэй болох, цээж хатуу дарах, юм залгихад өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн” тухай тохиолдолд шинжилгээ хийжээ. Уг залуу чихрийн шижин, зүрхний хэм алдалт зэрэг хууч өвчингүй байсан. Шинжилгээгээр уг хордлого нь граянотоксиноос үүдсэн нь тогтоогдсон байна. Эл бодисын талаар тус судалгаанд “Граянотоксин нь мэдрэл болон булчингийн эсүүдийг ачаалуулж, хүнд хэлбэрийн хордлого үүсгэдэг. Мөн судалж буй тохиолдолд дурдсан шинж тэмдгээс гадна дотор муухайрах, бөөлжих, хөлрөх, шүлс ихсэх, толгой эргэх, сульдах, хараа бүрэлзэх, таталт өгөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг” гэжээ. Тиймээс судлаачдын зүгээс таньж мэдэхгүй ургамлыг хяналтгүйгээр хэрэглэхгүй байхыг сануулсан байна.

  • Цагаан даль цэцэг нь бусад Rhododendron төрлийн цэцгүүдийн адил граянотоксиныг аюултай түвшинд их хэмжээгээр агуулдаггүй ч доторх бодисын хэмжээг бүрэн судалж, тогтоогоогүй бөгөөд хүнсний хэрэглээнд нэвтрүүлэхэд хангалтгүй байна.

Энэ талаар 2021 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн цагаан даль цэцгийн талаарх тойм судалгаанд уг цэцгийг ядаргаа тайлах цай болгон ашиглах боломжтой эсэхийг судалжээ. Тус судалгаанд цагаан даль цэцгийг Буриад, Якут, Монголын уламжлалт анагаах ухаанд энерги нэмэх, биеийг сэргээх зорилгоор хандалж хэрэглэдэг байсныг дурдсан байна. Энэ хүрээнд уг цэцгийн навчийг шинжилж, 170 гаруй нэгдэл илрүүлжээ. Үүнд, нүүрс ус, органик хүчил, фенол гликозид, флавоноид, тритерпеноид гликозид зэрэг олон төрлийн биологийн идэвхт нэгдлүүд агуулагдсан байна. Үүнийг ашиглан цагаан даль цэцгээс гаргаж авсан хандаар амьтан дээр туршилт хийжээ. Туршилтын үр дүнд, амьтдад 50 мг/кг тунтай ханд өгсний дараа усанд сэлэх тэсвэр тэвчээр нэмэгдсэн гэж тэмдэглэжээ. Гэвч судалгааны багаас уг судалгааг зөвхөн амьтан дээр туршсан анхан шатны хэлбэр тул цаашид илүү нарийн судлах шаардлагатай гэж тайлбарласан байна. Учир нь тус цэцгийн бусад хэсэгт буй бодисын хэмжээ, хоруу чанар зэргийг бүрэн тогтоогоогүй байгаа тул өргөн хүрээний судалгаа хийх хэрэгтэйг дурджээ.

Ташрамд дурдахад сахар буюу чихрийн шижин нь хоёр үндсэн хэлбэртэй, бие махбод дахь инсулинтэй холбоотой үйл ажиллагаа алдагддагаас үүсдэг өвчин юм. Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин нь бүрэн эдгэрдэггүй бөгөөд байнгын эмчилгээ шаарддаг. Харин хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинг эрт үед нь амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулснаар намжааж, өвчний шинж тэмдгийг бууруулах боломжтой ч дахин сэдрэх эрсдэлтэй байдаг байна. Иймээс энгийн ургамлын хандаар уг өвчнийг эмчлэх боломжгүй юм.

Үүнээс дүгнээд үзэхэд, цагаан даль нь ижил төрөл зүйлийн цэцгүүдээсээ граянотоксин хорыг багаар агуулдаг гэж судлагдсан ч аюулгүй эсэх нь бүрэн батлагдаагүй. Мөн уг цэцгийн бүтцийг нарийн судалж танилцуулсан судалгааны материал хязгаарлагдмал байгаа тул дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй. Учир нь цагаан далийн овогт хамаарах адил төрлийн цэцгийг хандалж хэрэглэснээр хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн жишээ олон байна. Уламжлалт аргаар сэргээх төрлийн цай болгон хэрэглэж байсан ч “цус шингэлж, ходоодны өвчин эдгээж, даралт тогтворжуулж, сахрын өвчнийг ангаана” гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, үндэслэлгүй мэдээлэл юм. Иймд чихрийн шижин, ходоод, цус өтгөрөлт, даралт зэрэг өвчний тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандаж зохих эмчилгээг авах нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Цагаан даль цэцгийн хандаар цус шингэлж, ходоодны өвчин эдгээж, уушгийг эмчилж, даралт тогтворжуулж, сахрын өвчнийг ангаана” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document