Search

Байцайны навч бүх төрлийн артритийн үрэвсэлд үр дүнтэй гэж батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1558

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хөлөө байцааны навчаар ороох нь үе мөчний өвчдөлт, артритийн үрэвсэл, хаванг буулгахад тустай” гэсэн зураг бүхий пост нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

Байцайны навчаар үе мөчөө ороох нь түр хугацаанд өвдөлт, зөөлөн эдийн гэмтлийг бууруулахад тустай. Гэвч энэ нь бүх төрлийн артритийн үрэвсэл болон бүх үе мөчинд үр дүнтэй гэж одоогоор батлагдаагүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хүмүүн (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудсаас “Хөлөө байцааны навчаар ороох нь үе мөчний өвчдөлт, артритийн үрэвсэл, хаванг буулгахад тустай” гэсэн зураг бүхий пост нийтэлжээ. Уг пост 1,800 гаруй реакц, 48 сэтгэгдэл авч, 1,000 гаруй удаа цааш түгээгджээ.

Тус постод, “Энэ даруухан ногоог олон үеийн турш байгалийн жин тавих аргаар өвдөлт намдаах, үрэвсэл бууруулахад ашиглаж иржээ. Орчин үеийн судалгаа ч уламжлалт мэдлэгийн үнэнийг баталж байна. Байцааны навчинд агуулагддаг антоцианин, К амин дэм зэрэг хүчтэй үрэвслийн эсрэг нэгдлүүд нь арьсан дээр шууд тавигдах үед хаван, өвдөлтийг багасгахад тустай. Хамгийн сайхан нь энэ арга ямар ч гаж нөлөөгүй, химийн бодисгүй, урт жагсаалт бүхий сэрэмжлүүлэг ч үгүй. Зөвхөн байгаль өөрийнхөөрөө эмчилж байгаа хэрэг. Дэлгэрэнгүй мэдээллийг сэтгэгдэл хэсгээс уншаарай” гэжээ.

Шалгасан мэдээлэлд “Дэлгэрэнгүй мэдээллийг сэтгэгдэл хэсгээс уншаарай” гэсэн Durvunzug.com нэртэй Clickbait сайтын линкийг оруулжээ. Facebook эсвэл бусад нийгмийн сүлжээнээс ийм нийтлэл рүү ороход, Clickbait сайт нь pop-up, баннер сурталчилгаа зэрэг холбоосоор дүүрэн байдаг.

“Clickbait” нь “click” дарах, “bait” өгөөш гэсэн хоёр үгийн нийлбэр юм. Ерөнхийдөө ямар нэг анхаарал татахуйц гарчиг, агуулгатай мэдээ, мэдээлэл дээр даруулах гэж оролдохыг хэлнэ. Ингэж хэрэглэгчийг өөрийн сайт руу дарж оруулснаар байршуулсан зар сурталчилгааныхаа үзэлтийн тоог нэмэх ашигтай байдлыг үүсгэдэг. 

  • Байцааны навч нь үе мөчний өвдөлт, хаванг богино хугацаанд намдаах, дэмжих үйлчилгээ үзүүлэх боломжтой. Клиник судалгаануудад байцай нь үе мөчний үрэвсэлтэй (остеоартрит) хүмүүст өвдөлт бууруулахад үр дүнтэй болохыг харуулсан ч, энэ нь өвчнийг бүрэн эмчлэх бус, түр зуурын шинж тэмдгийг бууруулахад үр дүнтэй. Иймээс байцайг үе мөчний эмчилгээний байгалийн, аюул багатай нэмэлт арга хэлбэрээр хэрэглэх боломжтой ч, үндсэн эмчилгээний оронд хэрэглэх нь зохимжгүй бөгөөд мэргэжлийн эмчилгээ хийлгэхэд хугацаа алдах, өвчнөө бүр хүндрүүлэх эрсдэлтэй юм.

Артрит нь үе мөчний үрэвсэлт эмгэгийн ерөнхий нэр томьёо бөгөөд халуу оргих, улайх, хавагнах, өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг

Энэ эмгэг нь зөвхөн үе мөчийг бус, үе мөчний эргэн тойрны булчин, үе холбоос, холбогч эд болон бусад холбоотой эд эрхтнүүдийг гэмтээж, улмаар хөдөлгөөний хязгаарлалт бий болгож, амьдралын чанарыг бууруулдаг.

Эмнэл зүйн судалгаагаар артритыг 100 гаруй төрөлд ангилдаг. Эдгээр нь шалтгаан, өвчний явцаараа ялгаатай боловч бүгд ижил төстэй үрэвслийн шинж тэмдгүүдээр илэрдэг. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь остеоартрит, ревматоид артрит, псориатик артрит юм.

2023 онд “Medical Dialogues” хэмээх Энэтхэгийн эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэлд баримт шалгалт хийдэг байгууллагаас “Байцайны навчнаар үе мөчөө ороох нь артритийн үрэвслийг арилгахад тусалж чаддаг эсэхэд” баримт шалгалт хийжээ. Тус баримт шалгалтад “байцайны навчны боолт нь голчлон өвдөгний остеоартритын шинж тэмдгийг, тухайлбал өвдөлт болон үе мөчний үйл ажиллагааны саатлыг багасгахад тодорхой үр дүнтэй байж болохыг харуулсан судалгаа байдаг. Гэхдээ энэ нь бүх төрлийн артрит болон бүх үе мөчинд хэрэглэгдэхэд хангалттай нотлогдоогүй” гэж дүгнэжээ.

Байцай нь үрэвслийн эсрэг нөлөөтэй сулфорафан, витамин K, C зэрэг бодис агуулдаг

100 грамм байцайнд дунджаар 42 мг кальци, 207 мг кали, 13.9 мг магни, 27 мг фосфор, 16 мг натри агуулагддаг.

Эх сурвалж: АНУ-ын Хүнсний найрлага мэдээллийн төв

Мөн 100 грамм байцайнд 40.3 мг витамин C, 0.138 мг витамин B6, мөн 59.4 микрограмм витамин K1 (филлохинон) агуулагддаг. Харин витамин K-ийн бусад хэлбэр болох дихидрофиллохинон болон менакиннон-4 нь маш бага (<0.1 мкг) хэмжээгээр агуулагддаг.

Түүнчлэн ногоон байцай нь антоцианин бараг агуулагддаггүй бөгөөд зөвхөн хлорофил агуулдаг учир ногоон өнгөтэй байдаг байна. Харин улаан байцайнд 36 төрлийн антоцианин агуулагддагийг судалгаагаар нотолжээ.

Байцайнд агуулагддаг сулфорафан бодис нь түр хугацаанд өвчин намдаах, зөөлөн эдийн гэмтлийг бууруулахад нөлөөлдөг

Сулфорафан нь брокколи, байцай, цэцэгт байцай зэрэг ногоонд агуулагддаг байгалийн гаралтай, биологийн идэвхтэй нэгдэл юм. Уг бодис нь глюкорафанин хэмээх глюкозинолат задрах үед мирозиназа хэмээх ферментийн оролцоотойгоор бий болдог. Сулфорафан нь хүний биед антиоксидант, үрэвслийн эсрэг болон хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг ScienceDirect судалгааны сангийн “Сулфорафан нь үрэвсэл ба мөгөөрсний эвдрэлийг дарангуйлж байна: Остеоартритын эсрэг нутрицептик бодис байж болохуйц нэгдэл” өгүүлэлд дурджээ.

Сулфорафаныг гэмтлээс хамгаалдаг ферментүүдийг идэвхжүүлж, хавдрын эсийн өсөлтийг дарангуйлж болзошгүй гэж үздэг байна. Тухайлбал, хөхний хавдрын эсүүдийн өсөлтийг зогсоож, шинэ үйлчлэлийн механизмыг тогтоосон судалгаа байна.

Түүнчлэн энэ бодис нь тархины эсийг хамгаалах (нейропротектор) боломжтой нэгдэл хэмээн үнэлэгдэж, Альцгеймерийн өвчин болон аутизмын эмгэгийн үед хэрэглэж болох эсэх талаар судалгаа хийгдэж байгаа ажээ.

Өвдөгний остеоартриттай өвчтөнүүдийн эмчилгээнд байцааны навч, хөргөгч гель дэвсгэр болон диклофенак гелийн үр нөлөөг харьцуусан клиник туршилт

2022 онд хийгдсэн нэгэн клиник судалгаанд байцааны навчийг өвдөгний остеоартритын үед хэрэглэх нь хэр үр дүнтэй болохыг үнэлжээ. Судалгаанд оролцсон 60 өвчтөнг гурван бүлэгт хуваан, тус бүрт 4 долоо хоногийн турш байцааны навч боох, хүйтэн жин, эсвэл диклофенак гель түрхэх эмчилгээ хийсэн байна. Үр дүнд нь байцааны навч хэрэглэсэн бүлэгт өвдөлт буурч, хөдөлгөөний чадвар сайжирсан нь эмийн болон хөргөлтийн аргуудтай дүйцэхүйц түвшний үр нөлөөтэй байжээ. Судлаачид байцааны навчийг аюул багатай, хямд өртөгтэй, байгалийн нэмэлт эмчилгээний нэг боломж гэж дүгнэсэн байна.

Байцааны навч нь чийглэг, сэрүүн бүтэцтэй тул жин тавьж буй хэсэгт дулааны тэнцвэрийг хадгалах, хаван бууруулах, цусны эргэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг.

Судалгаагаар байцайнд агуулагддаг антиоксидант, сулфорафан зэрэг бодисууд нь үрэвслийн маркеруудыг багасгаж болох ч, арьсаар дамжин хангалттай хэмжээгээр нэвтэрч, үр дүн үзүүлэх эсэх нь баттай нотлогдоогүй. Бага зэрэг халаасан байцай нь дулааны жин шиг үйлчилж:

  • Цусны эргэлтийг сайжруулах
  • Булчинг суллах
  • Түр зуурын өвдөлт бууруулах
  • Хаван багасгах боломжтой

Харин сулфорафан нь хэт өндөр температурт устдаг тул бага зэрэг жигнэж хэрэглэх, эсвэл түүхий хэлбэрээр хэрэглэхийг зөвлөдөг.

Дүгнэхэд, байцайны навч нь үе мөчний өвдөлт, хаванг богино хугацаанд намдаах, дэмжих үйлчилгээ үзүүлэх боломжтой. Клиник судалгаанууд байцай нь остеоартриттай хүмүүст өвдөлт бууруулахад үр дүнтэй болохыг харуулсан ч, энэ нь өвчнийг бүрэн эмчлэх бус, түр зуурын шинж тэмдгийг бууруулах хариу урвал юм. Иймээс байцайг үе мөчний эмчилгээний байгалийн, аюул багатай нэмэлт арга хэлбэрээр хэрэглэх боломжтой ч, үндсэн эмчилгээний оронд хэрэглэх нь зохимжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хөлөө байцааны навчаар ороох нь үе мөчний өвчдөлт, артритийн үрэвсэл, хаванг буулгахад тустай” гэсэн зураг бүхий пост нийтэлжээ

Check document