Search

“Хирошимагийн дэлбэрэлтийг харсан” мэтээр тайлбарлан түгээж буй зургийг 1963 онд авсан байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1556

Ерөнхий агуулга

“1945 онд Хирошимагийн цөмийн дэлбэрэлтийг харсан нүд” гэх тайлбартай хараагүй охины зураг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хирошимагийн дэлбэрэлт 1945 онд болсон бол тус гэрэл зургийг 1963 онд Шведийн гэрэл зурагчин авсан бөгөөд зургийн тайлбарт дэлбэрэлтээс үүдэн хараагүй болсон гэж дурдаагүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 25-нд Ноцтой но-той мэдээлэл (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Мянган нарнаас ч тод цөмийн дэлбэрэлтийг харсан нүд. Япон, Хирошима, 1945 оны 8-р сарын 8” гэх тайлбартай хараагүй охины зураг нийтэлжээ. Тус зургийг нийт 81 реакц, 18 сэтгэгдлээр идэвхжүүлж, 5 удаа цааш түгээсэн ба нийт 16.8 мянган удаа үзсэн байна.

Түгээсэн зургийг Google Lens хайлтын системээр хайхад зургийг Mutual Art урлагийн мэдээлэл оруулдаг сайтад 2019 оны 11 дүгээр сарын 08-нд нийтэлсэн нь илэрцээр гарч ирлээ. Тус зургийг Шведийн гэрэл зурагчин Кристер Штромхолм (Christer Strömholm) 1963 онд Хирошимад авсан байна. Гэрэл зурагчин Кристер Штромхолм өөрийн stromholm.com сайтдаа зургийг оруулсан ба  тайлбар хэсэгт “Хараагүй охин, Хирошима. 1963” хэмээн бичжээ.

Зургийн эх сурвалж: stormholm.com сайтаас screenshot хийж авав.

Японы Хирошима хотод 1945 оны 08 дугаар сарын 06-нд цөмийн дэлбэрэлт болсон бөгөөд шалгасан мэдээлэлд уг зургийг “1945 оны 08 дугаар сарын 08-нд авсан” хэмээн дэлбэрэлттэй холбон тайлбарласан байна. Гэвч Кристер Штромхолм зургийг 1963 онд авснаа баримтжуулан үлдээсэн.

Интернэт орчинд тус зургийн шалгасан мэдээлэлтэй ижил “цөмийн дэлбэрэлт харсан нүд” гэх агуулгаар олон дахин түгээжээ. Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Snopes баримт шалгах төвөөс уг мэдээллийг шалгаж худал болохыг тайлагнасан. Тодруулбал, “Штромхолмын “Хирошимагийн цуврал” гэрэл зургууд хүүхдийн зураг багтаасан ба Хирошимад амьд үлдсэн хүүхдүүдийн зургийг оруулсан байх боломжтой. Зураг дээрх охины хараагүй болсон шалтгаан цөмийн дэлбэрэлтэд шууд өртсөнөөс биш, харин тэсрэлтээс хойш нэлээд хожуу амьд үлдсэн хүмүүсийн хүүхдүүд цацраг туяанд өртөж, төрөлхийн эмгэгтэй болсон, аль эсвэл өөр үйл явдалтай холбоотой байж болно…” хэмээн тайлбарлажээ.

Хэрэв зурагт харагдах охин 1945 онд Хирошимад цөмийн зэсвэг хаях үед хамгийн багаар бодоход нэг настай байсан гэж үзвэл 1963 онд 19 настай байх байсан ч уг зурагт дүрслэгдсэн охин бага насны хүүхэд байна. Мөн зургийг авсан гэрэл зурагчин тайлбартаа дэлбэрэлттэй холбоотой зүйл огт дурдаагүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“1945 онд Хирошимагийн цөмийн дэлбэрэлтийг харсан нүд” гэх тайлбартай хараагүй охины зураг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document