2025 оны наймдугаар сарын 8-нд Эрка Босоо Хөх Монгол нэртэй хаягаас “100 судалгаагаар нотлогдов: Ковид “вакцин” нь хорт хавдрын турбо давлагааг үүсгэсэн” гарчигтай нийтлэл хуваалцжээ. Тус нийтлэлийн агуулгад “Одоо 100 гаруй судалгаагаар Ковид мРНХ-ийн “вакцинууд” дэлхийн турбо-хорт хавдрын үхлийн давлагааг үүсгэсэн болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна. TKP саяхан мРНХ тарилга турбо-хорт хавдрын шалтгаан болохыг баталсан судалгааныхаа талаар мэдээлэв. Танака нарын 2022 оны 6-р сарын 22-нд хэвлэсэн анхны судалгаа нь Ковид тарилга ба хорт хавдрын хоорондын холбоог харуулсан төдийгүй үйл ажиллагааны механизмыг тодорхой дэлгэж, улмаар учир шалтгааны холбоог нотлон, эдгээх аргыг харуулсан. Гарчиг нь тодорхой: “SARS-CoV-2 мРНХ-ийн эсрэг вакцин хийлгэсний дараах хор хөнөөлтэй рибосомын РНХ-ийн бүтэцтэй функциональ нөхөн олговорт үйлчлэх Huaier-ийн нөлөө.” Энэ нь “вакцинжуулалт” нь рибосомын ДНХ-ийг устгадаг боловч Huaier мөөгөөр эдгэрэх боломжтой гэж заасан байдаг. Рибосомуудад ферментийг үүсдэг бөгөөд үүнгүйгээр амьдрах боломжгүй юм. 2021 онд ерөнхий шинжлэх ухаан нь COVID “вакцин” нь хорт хавдрын тохиолдлын өсөлттэй холбоотой байж болзошгүй гэсэн дүгнэлтийг үгүйсгэж байв. Харин одоо дөрвөн жилийн дараа дэлхий даяарх онкологичид түгшүүртэй бодит байдалтай тулгарч байна: түрэмгий хорт хавдар, ялангуяа залуучуудын болон саяхан “вакцин хийлгэсэн” хүмүүсийн дунд эрс, тайлбарлашгүй нэмэгдэж байна. TKP-ийн зочин зохиолч доктор Ханс-Иоахим Кремер 6 цуврал нийтлэлд вакцины гаж нөлөөг мэдээлэх АНУ-ын VAERS системийн өгөгдөл турбо хорт хавдрын өвчлөл өндөр байгааг харуулж байна гэдгийг баталсан. Үүнд: цусны хорт хавдар, хөхний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, уушгины хорт хавдар ба неоплази, ходоод гэдэсний хорт хавдар мөн тэрний үсэрхийлэл. Францын Хавдар судлалын үндэсний хүрээлэнг үүсгэн байгуулагч, профессор Хаят вакцин хорт хавдрын тохиолдлууд хоорондоо ямар ч холбоогүй гэдгийг олон нийтэд няцааж байсан удаатай. Өнөөдөр тэр ч гэсэн “Бид яагаад гэдгийг нь мэдэхгүй нойр булчирхайн хорт хавдар эрс нэмэгдэж байна …” гэж хүлээн зөвшөөрсөн. Матильд Деборд дөнгөж сая Le Point Critique сэтгүүлд COVID-19 “вакцин хийлгэсэн” хүмүүсийн хорт хавдар нэмэгдэж байгааг онцолсон дэлгэрэнгүй тайланг нийтлэв. Дебордын тайланд мРНХ-ийн тарилгыг хурдан хөгжиж буй хорт хавдартай холбосон 100 гаруй судалгааг иш татсан болно. Уг тайланд COVID “вакцинууд” нь хорт хавдрын процессыг өдөөдөг, хурдасгадаг эсвэл дахин идэвхжүүлдэг 17 өөр биологийн механизмыг тодорхойлсон байгаа. Эмч нар одоо “Вакцин” хийлгэсэн хүмүүсийн турбо хорт хавдрын давлагаатай тулгараад байгааг, ялангуяа тариулсан залуучууд их өвчилж байгааг Деборд анхааруулав” гэж бичсэн байна. Уг пост 105 реакц, 27 сэтгэгдэл цуглуулж, 117 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээлэлд үзүүлж буй tkp.at сайт нь Австрийн домэйн нэртэй ч мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн сайт бус хүмүүс сайн дураараа мэдээлэл оруулдаг блог хуудас байна. Уг блог сайтын танилцуулга хэсэгт “Нийтлэл бүрд зохиогчийн санал бодол тусгагдсан байх тул бичээч өөрийн зохиогчийн эрхийг эзэмшиж, агуулгад хариуцлага хүлээнэ” гэж заажээ. Энэ нь уг сайтад нийтлэгдэж буй нийтлэл нь зохиогчийн хувийн үзэл бодол, хандлагыг тусгасан байх магадлалтай гэдгийг ийнхүү сануулжээ.
Мөн шалгаж буй мэдээлэлд харуулсан зураг дахь мэдээллийг вэбсайтаас хайхад “Ковидын вакцинууд турбо-хорт хавдрын давлагаа үүсгэж байгааг 100 судалгаа харууллаа” гэсэн гарчигтай нийтлэл илэрлээ. Гэвч тухайн нийтлэлд эшилсэн судалгаанууд нь хувь хүний санал бодол, кейс тайлан, урьдчилсан хэвлэлт, блог зэрэг чанарын хувьд эрс ялгаатай материалууд багтаасан байна. Эдгээр нь шинжлэх ухааны найдвартай эх сурвалжид тооцогдохгүй юм.
Түүнчлэн уг нийтлэлийг бичсэн Петер Ф. Мэйер нь вакцин эсэргүүцэгчийн нэг гэдгээрээ олонд танигдсан аж. Харин мэргэжлийн хүмүүс түүний түгээж буй мэдээлэл, нийтлэлд шүүмжлэлтэй ханддаг байна. Тухайлбал, 2021 онд Австрийн Der Standard сонинд “Вакцины айдас дэвэргэгчид” гэх гарчигтай, вакцинтай холбоотой хуурамч мэдээлэл түгээж буй хүмүүсийн тухай бичсэн нийтлэл хэвлэгджээ. Үүнд, Петер Ф. Мэйерийн талаар “Мэйер бол шинжлэх ухааны судалгааг буруу тайлбарлан ашиглаж, вакцинтай холбоотой худал мэдээлэл түгээн, хүмүүсийг айдаст автуулдаг нэгэн” гэж тодорхойлсон байна. Мөн Австрийн ШУА-ийн хүрээлэнгийн генетикч Улрих Эллингээс тодруулахад “Шинжлэх ухааны нэгдсэн байр суурийн эсрэг мэдэгдэл гаргаж, вакцины ашиг тусыг үгүйсгэх нь нийгмийн сүлжээнд маш их анхаарал татдаг. Тиймээс зарим нь үүгээр дамжуулан мөнгө олдог” гэжээ. Уг ярианд үндэслэн Петер Ф. Мэйераар жишээ татжээ.
“Турбо хавдар” гэж юу вэ?
Дэлхийн вакцины дата мэдээллийн сүлжээнээс “турбо хавдар” гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан нэр томьёо биш. Вакцин эсэргүүцэгч үзэлтнүүдийн зохиосон нэршил бөгөөд “COVID-19-ийн mRNA вакцинууд аюултай хавдар үүсгэж байна”, “хавдрыг хурдасгаж байна” гэх зэргээр тайлбарлахдаа ашигладаг. Гэвч ковидын вакцинууд нь амьд вирус агуулдаггүй бөгөөд эсийн ДНК-г өөрчлөх чадваргүй. Тиймээс хавдар үүсгэх боломжгүй гэж мэдээлсэн байна.
Мөн AFP, Reuters, USA Today баримт шалгах төвийн тайланд үндэслэн PHCC олон нийтийн эрүүл мэндийн мэдээллийн сайт энэ талаар нийтэлжээ. Үүнд, “вакцины эсрэг олон нийтэд танигдсан хүмүүс, зарим эмнэлгийн мэргэжилтнүүд хүртэл COVID-19 вакцинууд “турбо хавдар” үүсгэдэг гэх худал мэдээллийг түгээсээр байна. Тэдгээр мэдээллүүд нь “Залуучуудын дунд түрэмгий, сүүлийн шатны хавдрын тоо нэмэгдэж байна” гэсэн агуулгатай байдаг. Мөн саяхан Бельгид хийгдсэн хулганад туршсан судалгааг энэхүү үзэгдлийн баталгаа мэтээр түгээж байна. Энэ төрлийн хуурамч мэдээлэл өргөн тархсан байдаг бөгөөд дахин дахин гарч ирсээр байна” гэжээ. Гэвч үнэн хэрэгтээ,
- “Турбо хавдар” гэдэг нь вакцины эсэргүүцэгчдийн зохиосон нэршил бөгөөд хавдар судлалын мэргэжилтнүүдийн зүгээс жинхэнэ үзэгдэл гэж хүлээн зөвшөөрөөгүй.
- COVID-19 вакцин хийлгэсний дараа түрэмгий эсвэл энгийн хавдрын оношилгоо нэмэгдсэн нотолгоо байхгүй.
Түүнчлэн Memorial Sloan Kettering Хавдрын Төвөөс “Ковидын вакцин нь хавдрыг дарангуйлдаг генийг идэвхгүй болгодог гэдэг нь худал мэдээлэл. Уг вакцин нь ДНХ-тай нэгдэлжих боломжгүй бөгөөд генетикийн кодыг өөрчилдөггүй учраас хавдар үүсгэхгүй” хэмээн няцаасан байна. Үүнийг АНУ-ын Үндэсний Хавдрын Хүрээлэнгээс баталж “Ковидын вакцин нь хавдар үүсгэдэг, дахилт өгдөг, даамжралд хүргэдэг гэдэг нь батлагдаагүй мэдээллүүд” гэж мэдэгджээ.
2024 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Ковидын нөлөө: 2021 оны хавдрын өвчлөл 2020 оныхоос өссөн эсэх” судалгаанд вакцинжуулалттай давхацсан “хавдрын огцом өсөлт” ажиглагдаагүй гэж дүгнэжээ. Судалгаагаар 2020 онд хавдрын тоон үзүүлэлт буурч, дараа жилүүдээс нь өссөн хандлагатай байгааг дурдсан. Энэхүү үзүүлэлт нь 2020 онд цар тахлын улмаас үзлэг, оношилгооны үйлчилгээ саатсанаас үүдэн шинээр оношлогдох хавдрын тоо түр буурсантай холбоотой. 2020 онд үзлэг, шинжилгээ, оношилгоо хойшилсноор дараа жилүүдэд нь хожуу үе шатанд оношлогдсон байх магадлалтай. Уг үзэгдлийг “түрэмгий”, “турбо” гэх зэргээр тайлбарлаж байна. Гэвч үнэн хэрэгтээ эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмж, үйл ажиллагааны тасалдалтай холбоотой бөгөөд вакцины нөлөөтэй гэсэн баримт байхгүй гэсэн байна.
Үүнээс гадна, вакцины гаж нөлөө мэдээлэх систем (VAERS) буюу “олон нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөлд ашиглах зөвшөөрөлтэй” вакцины аюулгүй байдлыг хянах, сэрэмжлүүлэх системийн талаар АНУ-ын Өвчин хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Эл байгууллага нь вакцины аюулгүй байдлыг хянах газруудын нэг юм. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “VAERS-д ирүүлж буй шинж тэмдэг, гаж нөлөөний талаарх мэдээлэл нь вакцинаас шалтгаалсан эсэхийг шууд тогтоох боломжгүй. VAERS-ийн тайлангийн мэдээллүүд нь дутуу, алдаатай, давхардсан, тохиолдлын чанартай эсвэл баталгаажаагүй байж болно. Системд буй тайлангийн тоо нь вакцин ба сөрөг хариу урвал хоорондын шалтгаан-үр дагаврын холбоог тогтоох баримт биш” гэж дурдсан байна. Энэ нь VAERS системд ирсэн мэдээллийн тоо нь бүгд вакцинаас шууд хамааралтай гэдгийг баталж чадахгүй гэсэн үг. Олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд л нарийвчилсан шалгалтын дараа вакцин гаж нөлөө үүсгэсэн эсэхийг тогтоодог байна. Түүнчлэн ихэнх гаж нөлөөний мэдээллүүд нь халуурах, гар өвдөх, бага зэрэг ууртай болох зэрэг хөнгөн зэрэгтэй байдаг байна.
Эдгээр баримтыг нэгтгэн дүгнэвэл,
- “Ковидын вакцинууд турбо хорт хавдар үүсгэсэн” гэх нийтлэл бичсэн Петер Ф.Мэйер нь вакцин эсэргүүцэгчдийн нэг бөгөөд тухайн нийтлэлийг бичихдээ чанартай, өргөн хэмжээний судалгааны өгүүллийг бус блог, хувь хүний нийтлэл, бүрэн нотлогдоогүй жижиг судалгаа зэрэг баталгаагүй мэдээллүүдийг эшилсэн байна.
- “Турбо хавдар” гэх батлагдсан нэр томьёо байхгүй, вакцин эсэргүүцэгч бүлгэмийн зохиосон нэршил юм. Ковидын вакцин хавдар үүсгэдэг, хавдрыг хурдасгадаг гэх ойлголт нь баталгаагүй мэдээлэл гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдэгдсэн байна.
- Түүнчлэн ковидын вакцинууд нь эсийн ДНК-тэй нэгдэлжиж, өөрчлөх чадваргүй тул хавдар үүсгэх боломжгүй.




