Search

Байгаль дахь уран ундны усанд байсаар ирсэн ба дундаж агууламж нь хүлцэх хэмжээнээс бага байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1554

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Сүйрч байгаа юм байна. Бүр 9 аймгийн ундны усанд уран өндөр гарч. Төв аймаг Улаанбаатар орж” гэх постийг бичлэг хэлбэрээр түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“2012-2021 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот болон 17 аймгийн ундны усанд тодорхой хэмжээгээр уран агуулагдаж буйг илрүүлжээ. Энэ нь ундны усан дахь ураны агууламж сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй үзэгдэл бус, харин манай орны ундны усанд ураны агууламж анхнаасаа байгалийн гаралтайгаар агуулагдаж ирсэн болохыг уг судалгаа харуулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.ГЭРЭЛТЦОЛМОН (архивласан хувилбар) нэртэй Facebook хэрэглэгч “Сүйрч байгаа юм байна. Бүр 9 аймгийн ундны усанд уран өндөр гарч, Төв аймаг Улаанбаатар орж” гэх постийг бичлэг хэлбэрээр түгээжээ. Уг бичлэгийг 1,200 гаруй реакц, 258 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,100 гаруй удаа цааш түгээжээ.

Бид 05 дугаар сард “Улаанбаатар хотын гурван байрлалд ундны усан дахь ураны цацраг идэвхт агууламж өндөр байна” гэх мэдээлэлд баримт шалгалт хийж байсан. Тухайлбал, 2012-2021 онд Монгол орны ундны усан дахь ураны агууламжийг монгол эрдэмтэд анх удаа бие даан судалж, уг судалгааны үр дүнг 2022 онд нийтэлж байжээ. Тус судалгаагаар Монгол Улсын хэмжээнд ундны усан дахь ураны дундаж агууламж 14 мкг/л гэж тогтоогдсон бөгөөд Улаанбаатар хот болон 17 аймгийн ундны усанд тодорхой хэмжээгээр уран агуулагдаж буйг илрүүлжээ. Энэ нь ундны усан дахь ураны агууламж сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй үзэгдэл бус, харин манай орны ундны усанд анхнаасаа байгалийн гаралтайгаар агуулагдаж ирсэн болохыг уг судалгаа харуулж байна.

Ураны агуулга нь 30 мкг/л-ээс дээш ураны агуулгатай худгийн тоо /аймгаар/, Эх сурвалж: Монгол орны ундны усны ураны судалгаа (2012-2021)

Энэхүү судалгааг МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, доктор, Гавьяат багш Х.Цоохүү, Цөмийн энергийн газрын дарга асан, доктор Н.Тэгшбаяр нар хамтран гүйцэтгэжээ. Судалгааны явцад Улаанбаатар хот болон 21 аймгийн 298 сумын төвийн худгаас авсан 1000 орчим дээжинд цацраг идэвхт элемент болох ураны агууламжийг тодорхойлсон байна.

2025 оны 04 сарын 18-ны өдөр “Эрдэмтдийн үг-70” цуврал лекцээр “Монгол орны ундны усан дахь ураны судалгаа”-г МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа олон нийтэд танилцуулсан.

Уг лекцийг хураангуйлбал, “Уран бол бидний хүрээлэн буй орчинд алттай, зэстэй болон бусад эрдсүүдтэй зэрэгцэн оршиж байдаг. 2015 оноос хойш Монгол улс ДЭМБ-аас гаргасан шинэчлэгдсэн стандарт буюу нэг литрт агуулагдах ураны хэмжээ 30 микрограмм (мкг) байхыг мөрдөж, зөвшөөрч явж байгаа. Яагаад ийм хэмжээ тавиад байгаа юм бэ гэхээр байхгүй биш байдаг юманд ийм хүлцэх агууламж тавьдаг” хэмээжээ.

  • 2012 онд гаргасан “Ундны усны чанарын талаарх ДЭМБ-ын удирдамжийг боловсруулахад зориулсан суурь баримт бичиг”-т ундны усанд уран агуулах зөвшөөрөгдөх түвшинг нэг литрт 30 мкг/л гэж заасан байна. Гэсэн хэдий ч ураны хүний биед үзүүлэх нөлөөллийн талаарх шинжлэх ухааны мэдээлэл бүрэн бус байгаа тул цаашид шинэчлэгдэх боломжтойг ДЭМБ онцолжээ.

Монгол орны хэмжээнд 1000 гаруй уст цэг, нийт 304 сумын ундны усны дээж авчээ. Ингэхэд Монгол орны ундны усан дахь ураны дундаж агуулга 14.0 мкг/л гэж гарсан байна.

Монгол орны ундны усанд агуулагдах ураны тархалтын зураг (2020он), Эх сурвалж: Bpress.mn Mongol

Тус судалгаанд ураны харьцангуй өндөр агууламж бүхий есөн сав газрыг танилцуулсан бөгөөд үүнийг “Сүйрч байгаа юм байна, 9 аймгийн ундны усанд уран өндөр гарсан” хэмээн түгээж, 2012-2021 онд хийсэн судалгааны дүнг одоо Монгол Улсад тохиолдож буй нөхцөл мэт олон нийтийг төөрөгдүүлжээ.

  1. Ховд аймаг дахь ураны таамаг илэрцэд харгалзах гүний ус
  2. Радиогеохимийн Цагаан-Шивээт болон хангайн бүсд харгалзах гүний ус
  3. Хойд Монголын ураны потенциал их мужид харъяалагдах Завханы гүний ус
  4. Хойд Монголын ураны потенциал их мужид харъяалагдах Аргол, Мөрөнгийн гүний ус
  5. Хэнтий-Дагуурын ураны их мужид харьяалагдах Хангай-Дүүргийн гүний ус
  6. Хэнтий-Дагуурын ураны их мужид харьяалагдах Сэлэнгэ-Дархан, Төв аймгийн хойд сумдын гүний ус
  7. Монгол-Аргуны ураны их мужид харьяалагдах Дундговь аймаг, Баянхонгорын зарим сумдын гүний ус
  8. Ураны Говийн их мужид харъяалагдах Говь-Сүмбэр, Дорноговь аймаг, Сүхбаатар аймгийн зарим сумдын гүний ус
  9. Монгол-Аргуны их мужид харъяалагдах Дорнод, Хэнтийн зарим сумдын гүний ус

Цаашлаад “Улаанбаатар хотын 3 бүс буюу

  • Эмээлт болон Нисэх,
  • Шарга морьт,
  • Өвөр Жанчивланы ойролцоо ундны усан дахь ураны агууламж өндөр буюу 40-107 мкг/л гэж гарсан. 3 бүсэд тархалт нь хэдий ийм байгаа ч Улаанбаатар хотын ундны усан дахь ураны дундаж агууламж 5.9 мкг/л, гэж гарсан” хэмээн ярьжээ.
BPress.mn – “Судалгаа юу хэлэв?” Монгол орны ундны усан дахь ураны судалгаа – 2021

Дүгнэхэд, ундны усан дахь ураны агууламж сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй үзэгдэл бус, харин манай орны ундны усанд анхнаасаа байгалийн гаралтайгаар агуулагдаж ирснийг “сүйрч байна” хэмээн олон нийтэд айдас, түгшүүр төрүүлэхүйц мэдээлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Сүйрч байгаа юм байна. Бүр 9 аймгийн ундны усанд уран өндөр гарч. Төв аймаг Улаанбаатар орж” гэх постийг бичлэг хэлбэрээр түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document