2025 оны 08 дугаар сарын 20-нд Small house (архивласан хувилбар) хуудаснаас “Улаанбаатарт SmallHouse-ийн нээлтийг тохиолдуулан бид 5 шинэ жижиг байшинг санамсаргүй байдлаар бэлэглэж байна. Зүгээр л @highlight гэж бичнэ үү. Хэрэв цэнхэр өнгөтэй болвол та манай санамсаргүй зургийн уралдаанд оролцох болно. Ялагчдыг 2025 оны 8-р сарын 25-нд шалгаруулна. Жич: Бүх азтантай баг нь мессежээр шууд холбогдох болно” гэх азтан шалгаруулах мэдээллийг зуны байшингийн зурагтай хамт нийтэлжээ. Тус постыг нийт 354 реакц, 1,900 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 2,800 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах

Small House хуудасны дэлгэрэнгүй мэдээллийг шалгахад 2025 оны 08 дугаар сарын 14-нд нээгдсэн шинэ хуудас байна. Админы мэдээлэл нууцлалтай ба танилцуулга хэсэгтээ “Манай хуудсыг дагаж, like дараарай” гэх тайлбарыг бичиж, пэйжийн ангиллаа “үл хөдлөх хөрөнгө” хэмээн оруулжээ. Холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны сайтын мэдээлэл, ямар нэгэн тайлбар огт оруулаагүй. Тус хуудаснаас нээгдсэн өдрөө шалгасан мэдээлэлтэй ижил азтан шалгаруулах пост нийтэлсэн байна.
Мөн small house хуудаст холбосон ”Монголд байшин барих” нээлттэй группийн мэдээллийг шалгахад зөвхөн админы мэдээлэл, оруулсан постууд гарч ирлээ. Уг групп нь 2 админтай ба нэг нь small house хуудас бол нөгөө нь María José гэх гадаад хаяг байна.

Шинээр нээгдсэн, дэлгэрэнгүй мэдээлэл огт оруулаагүй, албан ёсны баталгаагүй хуудаснаас азтан шалгаруулна гэх пост оруулсан нь хуурамч, зөвхөн хандалтаа өсгөх зорилгоор нийтэлсэн байж болзошгүй юм.
Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд хавсаргасан байшингийн зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2 долоо хоногийн өмнө Facebook платформд нийтэлсэн зургийн эх хувилбар илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, “Tiny houses for sale” (Зарах жижиг байшингууд) гэх группэд Kris Walters (архивласан хувилбар) хаягаас 2025 оны 08 дугаар сарын 06-нд Kropf брэндийн зөөврийн байшин худалдаалах үнэ, байршлын мэдээллийг нийтэлжээ. Тус постод “хүргэлт, суурилуулалтын төлбөр 65 мянган доллар, урьдчилгаа 3 мянган доллар, байршил Техас муж, бүр мужид хүргэнэ…” гэх мэдээллийг оруулсан байна.

Үргэлжлүүлэн small house хуудаст 2025 оны 08 дугаар сарын 14-нд нийтэлсэн азтан шалгаруулах постын зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2019 онд АНУ-ын Колорадо мужид хийсэн жижиг байшингийн мэдээлэл гарч ирлээ.
Агуулгыг нягтлах
Шалгасан мэдээлэлд оруулсан текстийг ажиглавал үг үсгийн алдаатай, “санамсаргүй зургийн уралдаан”, “Зүгээр л highlight гэж бичнэ үү” зэрэг найруулгын алдаатай, шууд орчуулж нийтэлсэн мэт тексттэй байна.
2025 оны 08 дугаар сарын 14 -нд нийтэлсэн азтан шалгаруулах постод 08 дугаар сарын 17-нд азтан шалгаруулна гэж мэдээлсэн боловч огт зарлаагүй, тухайн азтан байшингаа авсан эсэх, хэн азтан болсон тухай мэдээлэл огт оруулаагүй байна. Мөн шалгасан пост дор коммент бичсэн хэрэглэгч бүрд reply хийж, чат илгээж, зөвхөн чатаар холбогдохыг уриалж буй нь олон нийтэд нээлттэйгээр мэдээлэл өгөх зорилгогүй, хувийн мэдээлэл авах эрсдэлтэй юм.
Бидний өмнө шалгасан залилангийн шинжтэй, хандалтаа өсгөх, хувийн мэдээлэл авах зорилготой пост нийтэлсэн хуудаснуудтай төстэй сэтгэгдэл, пост нийтэлжээ. (Өмнөх баримт шалгалтыг энд, энд бас эндээс уншаарай)
Бусдын зургийг ашиглан азтан шалгаруулах нэрийдлээр шинээр нээсэн хуудаснаас хуурамч мэдээлэл түгээж байна. Сүүлийн үед “азтан шалгаруулах” постоор хандалтаа өсгөх, залилан хийх нь ихсэж байгаа тул дээрх хаяг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах анхан шатны баримт шалгах аргаар нягталж хэвшээрэй.




