2025 оны 08 дугаар сарын 20-нд Tseren Enebish (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Мардайн уурхайн цацрагийн хэмжээ маш өндөр байна гээд заасан хэмжээсээ өөрийн телеграм, ФБ дээр тавьсан. Энэ хавьд хэд хэдэн газар хэмжинэ гэсэнч ганц л хэмжилт хийгээд цагдаагийнханд саатуулагдан явсан” гэсэн пост нийтэлжээ. Уг пост нь 828 реакц, 177 сэтгэгдэл авч, 661 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Atomfast.net буюу цацраг идэвхийн тархалт, цацрагийн хэмжээг газрын зураг дээр харуулдаг цахим платформ ашиглан гаргажээ. Энэхүү сайтад хувь хүн болон мэргэжлийн байгууллага цацраг хэмжигч төхөөрөмж ашиглан авсан хэмжилтийн өгөгдлүүдийг байршуулдаг, олон нийтийн хэрэглээнд нээлттэй платформ юм.
Бид Atomfast.net сайт руу орж, Martai, uranium mining 8850 19_08_2025_15_46_07 гэх гарчиг бүхий газрын зургийг томруулж харсан юм. Ингэхэд улаан (2.80 µSv/h) цэг цөөхөн харин ихэвчлэн цэнхэр (0.62 µSv/h) цэгүүд олон байгаа нь доор зурагт харагдаж байна.

Тухайлбал, “Цөмийн цацрагийн нөлөөллийн талаарх НҮБ-ын Шинжлэх Ухааны Хороо”-ны мэдээлснээр цацрагийн байгалийн дэвсгэр түвшин цагт 0.06 – 0.2 µSv/цаг байдаг гэжээ. Харин Мардайн уурхайн бүсийн хоёр хэсэгт цацрагийн хэмжээ байгалийн дэвсгэр түвшнээс өндөр утга заасныг “цацрагийн хэмжээ маш өндөр байна” гэж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна.
Энэ талаар Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас гаргасан мэдэгдэлд “Мардай нь ураны агуулга өндөр байдаг байгалийн зүй тогтолтой бөгөөд байгалийн гаралтай цацраг идэвхт материалаас үүдэлтэй тунгийн чадлын дэвсгэр түвшин харьцангуй өндөр байгаа” гэж мэдээлжээ.
Хүн жилд ойролцоогоор 6 мSv цацрагийн тун авдаг
Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллийн сайтад “Бид дэлхий дээр амьдрах явцад жилд авдаг дундаж цацрагийн тун ойролцоогоор 3 мSv байдаг. Эмнэлгийн шинжилгээ, үйл явц нь нэмэлтээр ойролцоогоор 3 мSv нэмэгддэг тул дундаж хүн жилийн турш нийтдээ ойролцоогоор 6 мSv (миллисиверт) цацрагийн тун авдаг” гэж тайлбарласан байна.
Mикросиверт(μSv) гэдэг нь ионжуулагч цацрагийн хүн, малын биед үзүүлэх нөлөөллийг хэмжих нэгж бөгөөд 1 микросиверт = 0.000001 сиверт байдаг. Харин миллисиверт (mSv) микросивертээс 1,000 дахин их нэгж юм. Сиверт (Sv) нь цацрагийн тунгийн биологийн нөлөөллийг хэмждэг стандарт нэгж юм.
| Нэгж |
|---|
| 1 µSv = 0.000001 Sv |
| 1 mSv = 0.001 Sv |
| 1 µSv = 0.001 mSv |
| 1 mSv = 1,000 µSv |
Шалгасан мэдээлэлд хавсаргасан газрын зургийг 2025 оны 08 дугаар сарын 19-нд Андрей Вячеславович Ожаровский гэх хүн өөрийн телеграм хаяг дээрээ нийтэлсэн бөгөөд “цацрагийн хэмжээ өндөр байна” гэж бичээгүй


Түүнчлэн 2025 оны 08 дугаар сарын 20-нд Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас тус үйл явдалтай холбоотой гаргасан мэдэгдэлд “ОХУ-ын иргэн Андрей.В.О нь цацрагийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулсан эсэх нь тодорхойгүй хэмжих хэрэгслийг ашиглан цацрагийн хэмжилт хийж олон нийтэд баталгаагүй мэдээлэл түгээж буй нь хариуцлагагүй үйлдэл юм” гэжээ.
Дүгнэхэд, Андрей.В.О нь телеграм хаягтаа “цацрагийн хэмжээ өндөр байна” гэж нийтлээгүй. Үүнээс гадна Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Мардай нь ураны агуулга өндөр байдаг байгалийн зүй тогтолтой бөгөөд байгалийн гаралтай цацраг идэвхт материалаас үүдэлтэй тунгийн чадлын дэвсгэр түвшин харьцангуй өндөр байгаа” гэж мэдээлсэн.





