Search

Хуурамч мэдээллээр сурталчилсан бүтээгдэхүүн авч хэрэглэхээс зайлсхийгээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1550

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хэрэв та чихрийн шижинтэй тэмцэж, тариа, эм болон хүндрэлээс айж амьдарч байгаа бол Satochi-г туршиж үзэхийг зөвлөж байна” гэх агуулгатай Satochi гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бүтээгдэхүүн нь Японы Эм болон эмнэлгийн төхөөрөмжийн агентлагийн зөвшөөрөгдсөн жагсаалтад байхгүй, мөн эмийн бүтээгдэхүүнээр чихрийн шижин өвчин эдгээх боломжгүй юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 15-нд Намхай Энхбаяр нэртэй Facebook хэрэглэгч “Хэрэв та чихрийн шижинтэй тэмцэж, тариа, эм болон хүндрэлээс айж амьдарч байгаа бол Satochi-г туршиж үзэхийг зөвлөж байна” гэх агуулгатай Satochi гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан пост түгээжээ. Тус постыг 592 реакц, 583 сэтгэгдлээр идэвхжүүлж, 662 удаа цааш түгээжээ.

Түгээсэн мэдээлэлд Satochi гэх бүтээгдэхүүнийг Японд үйлдвэрлэсэн гэж байгаа боловч бид Японы Эм болон эмнэлгийн төхөөрөмжийн агентлагийн (PMDA) албан ёсны вэбсайтын зөвшөөрөгдсөн бүртгэлтэй эм, эмийн бүтээгдэхүүний жагсаалтаас “Satochi” нэртэй бүтээгдэхүүн хайхад илэрц гарч ирсэнгүй. Иймд уг бүтээгдэхүүн нь Японд үйлдвэрлэгдээгүй эсхүл албан ёсоор зөвшөөрөгдөөгүй байна.

Rappler болон AFP Thailand-аас гаргасан баримт шалгалтын үр дүн:

2023 онд Satochi гэх бүтээгдэхүүнийг цахим орчинд Филиппиний Хүнс, эмийн агентлагаар зөвшөөрөгдсөн хэмээн сурталчилж байсныг Rappler баримтаар шалгаж байжээ. Баримт шалгалтын үр дүн зөвшөөрөгдсөн хүнс болон эмийн жагсаалтад алинд нь ч байхгүй болохыг харуулсан.

Мөн 2023 онд “Барууны эм, эмчилгээ, инсулингүйгээр чихрийн шижинг эдгээнэ” гэх агуулгатайгаар Satochi-г сурталчилж байсныг AFP Thailand баримтаар шалгажээ. Тэрээр AFP Thailand эрүүл мэндийн хуурамч мэдээллээр мэргэшсэн Meedan-ийн цахим эрүүл мэндийн лабораториос энэ талаар лавлахад, хөтөлбөрийн менежер Jenna Sherman “Одоогийн байдлаар Satochi болон бусад ямар ч хүнсний нэмэлт бүтээгдэхүүн чихрийн шижин өвчнийг анагаадаг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байхгүй” гэжээ. Цаашлаад “Зарим эрүүл мэндийн бүтээгдэхүүн сайн нөлөө үзүүлж, шинж тэмдгийг бууруулах үйлчилгээтэй байж болох ч өвчнийг бүрэн эдгээнэ гэдэг бол ямар ч шинжлэх ухааны үндэсгүй юм“.

Түгээсэн хаяг монгол нэртэй, вьетнам хүний зурагтай байна

Мэдээлэл түгээсэн Намсрай Энхбаяр гэх хаягийг шалгавал 2025 оны 08 дугаар сарын 14-нд нээсэн, 45 дагагчтай шинэ пэйж аж. Тэрээр Вьетнамын Minh Nguyen гэх 2300 дагагчтай Facebook хэрэглэгчийн зургийг ашиглажээ.

Бусдын зургийг ашиглаж нээсэн хуурамч хаягаас түгээсэн, сурталчилсан бүтээгдэхүүн нь Япон болон Филиппиний зөвшөөрөгдсөн хүнс, эмийн жагсаалтад байхгүй, AFP Thailand-аас гаргасан баримт шалгалтаас шинжлэх ухааны нотолгоогүй хэмээсэн гэх зэрэг баримтуудаас үзвэл уг бүтээгдэхүүн нь үр дүнтэй эсэх нь баталгаагүй, шинжлэх ухааны үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.

Иймд та аливаа эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмч, эмийн байгууллагаас зөвлөгөө, зөвлөмж авч байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Хэрэв та чихрийн шижинтэй тэмцэж, тариа, эм болон хүндрэлээс айж амьдарч байгаа бол Satochi-г туршиж үзэхийг зөвлөж байна” гэх агуулгатай Satochi гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан пост түгээжээ.

Check document