2025 оны 08 дугаар сарын 12-нд Secret Online shop нэртэй хуудаснаас архинаас гаргах наалтын сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт “архинаас гаргах наалт нь хятадын Синофарм эмийн үйлдвэрээс албан ёсны туршилтаар баталгаажсан тусгай сертификаттай… Судсаар дамжин цусан дахь бохирдлыг цэвэрлэснээр архины донтолтыг аажмаар бууруулах үйлчилгээтэй.. үр дүн эхний арав хоногт мэдрэгдэнэ” гэх агуулгыг дурджээ. Бичлэгийг нийт 64 реакц, 39 сэтгэгдлээр идэвхжүүлж, 31 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Наалт ашиглан биеийг хоргүйжүүлэх, цаашлаад цусан дахь бохирдлыг цэвэрлэдэг болохыг харуулсан шинжлэх ухааны судалгаа, баталгаа байхгүй.
Бид өмнөх баримт шалгалтаараа биеэс хор гадагшлуулах, хоргүйжүүлэх хөл, гарын наалтын тухай шалгаж арьсны гадаргууд наалт наагаад биеийг хоргүйжүүлж, цэвэрлэхгүй хэмээн мэдээлж байсан. (энд бас энд).
Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар Pubmed, Google Scholar, ResearchGate зэрэг судалгааны сангаас “архинаас гаргах наалт” гэх түлхүүр үгээр хайхад бүтээгдэхүүний тухай, цаашлаад наалт нь цус цэвэрлэдэгийг баталсан судалгаа огт байхгүй байна.
Элэг нь бие махбодын байгалийн хоргүйжүүлэх системийн нэг хэсэг ба биеийн үндсэн шүүлтүүрийн үүргийг гүйцэтгэдэг. Элэг цус шүүх, цөс ялгаруулах зэрэг үйл явцаар бие махбодоос хорт бодисыг гадагшлуулдаг байна. Эрүүл элэг өөрөө биеийн хоргүйжүүлэх үйл явцыг байнга явуулж байдаг тул нэмэлт “цэвэрлэгээ” хийх шаардлагагүй. Мөн бөөрний үйл ажиллагаа хаягдал бодисыг шүүж, биеэс гадагшлуулдаг. Иймд ямар ч баталгаа, үр дүн, нөлөөгүй наалт хэрэглэх шаардлагагүй юм.
Шинжлэх ухаанаар батлаагүй наалт хэрэглээд архины зохисгүй хэрэглээ, хамаарлыг арилгахгүй. Архинаас гаргах эмчилгээ нь хүн бүрийн биеийн байдал, архины хэрэглээ зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байдаг. Мөн зан үйлийн эмчилгээ, эмийн эмчилгээ, архинаас болж үүссэн өвчний эмчилгээ зэргийг нэгтгэсэн цогц эмчилгээ хийдэг.
2004 онд АНУ-ын судлаачид мекамиламин буюу дур хүслийг бууруулдаг эм (тамхинаас гарахын тулд анх бүтээгдсэн) агуулсан наалтын туршилтыг хийхээр төлөвлөж буй тухай мэдээлсэн ч одоогоор олон нийтэд нийтлэгдсэн судалгаа, үр дүнг харуулсан нотолгоо байхгүй байна.
АНУ-д архи, мансууруулах бодисын хамаарал, донтолтын эмчилгээнд ашигладаг Naltrexone эмийн агууламжтай бичил зүүн наалт бүтээсэн боловч нэмэлт судалгаа шаардлагатайг онцолжээ. АНУ-ын хүнс эмийн агентлагаас naltrexone бэлдмэлийг шахмал эм, тарилгын бэлдмэл хэлбэрээр зөвшөөрсөн ба наалтад зөвшөөрөл олгоогүй байна.
Судалгаа шинжилгээгээр батлагдаагүй бүтээгдэхүүнийг бодит бус, үр дүнг гуйвуулсан сурталчилгаа явуулж, худалдаалж байна. Наалт цусан дахь бохирдлыг цэвэрлэж, архинаас гаргахыг баталсан судалгаа, шинжилгээ байхгүй юм. Иймд баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авч цаг алдалгүй, эмчид хандан, зөвлөгөө аваарай.




