2025 оны 08 дугаар сарын 19-нд Mu Bold нэртэй Facebook хэрэглэгч “Германы эрдэмтэд гэмтсэн үе мөчний мөгөөрсийг нөхөн сэргээх чадвартай тарилгын гель бүтээж, 2026 он гэхэд энэхүү нээлтийн эмчилгээг эмнэлгүүдэд ашиглахаар төлөвлөж байна” гэх агуулгатай пост түгээсэн нь 2800 гаруй реакц, 203 сэтгэгдэл авч, 1700 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дээрх постод дурдагдаж байгаа бүтээгдэхүүн нь Германы Amedrix ХХК-ийн гаргасан Европын Эдийн Засгийн Бүсэд (EEA) худалдаалах зөвшөөрөлтэй ChondroFiller юм. Тус бүтээгдэхүүн нь үе мөчний мөгөөрсний нөхөн төлжилтийг идэвхжүүлэх зорилгоор тусгайлан боловсруулсан ортобиологийн, эсгүй коллаген матриц юм. Өөрөөр хэлбэл, биологийн гаралтай мөгөөрс нөхөн сэргээх имплант гель бөгөөд 2013 оноос эхэлж эмчилгээнд ашиглаж эхэлсэн ба дэлхий даяар 20 мянга гаруй хүн энэ эмчилгээнд хамрагдсан байна.

ChondroFiller хэрэглэхдээ анхаарах зүйл гэвэл коллагенд хэт мэдрэг эсвэл харшилтай хүмүүс эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. 2025 оны 08 дугаар сарын байдлаар ChondroFiller дэлхий даяар 20 мянга гаруй хүмүүс эмчилсэн гэж Amedrix ХХК-ийн албан ёсны вэбсайт мэдээлжээ.
Хуучирсан мэдээллийг саяхан гарсан нээль мэтээр анхаарал татаж, хандалт цуглуулжээ
Түгээсэн мэдээллийг гаднын цахим орчинд хайж үзэхэд анх 2025 оны 08 дугаар сарын 11-нд Forest Hunts нэртэй Facebook пэйж түгээсэн бөгөөд цаашлаад хэд, хэдэн пэйж түгээснийг энд, эндээс үзээрэй. Тус постуудыг АНУ-ын баримт шалгах төв Snopes баримтаар шалгасныг эндээс үзээрэй.

2025 оны 08 дугаар сарын 19-нд дээрх гаднын постыг Mu Bold нэртэй Facebook хэрэглэгч орчуулан түгээжээ.

Дүгнээд хэлбэл, 2013 онд EEA зөвшөөрөлтэй, худалдаанд гарч эхэлсэн ChondroFiller гэх бүтээгдэхүүнийг саяхан гарсан мэт түгээж, “2026 оноос эмнэлгүүдэд ашиглагдаж эхэлнэ” хэмээн гаднын цахим орчинд түгсэн мэдээллийг орчуулан нийтэлж, төөрөгдүүлжээ.




