Search

Шүд муу байх нь тархинд сөргөөр нөлөөлж буй судалгаа бий ч нэмэлт судалгаа шаардлагатай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1546

Ерөнхий агуулга

“Шүд, буйлны өвчлөл нь тархины нэг хэсэг болох гиппокампусын агшилтад нөлөөлдөг” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Амны хөндийн эрүүл ахуй муу байх нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Судалгаагаар шүдний өвчлөл нь тархины гиппокампусын агшилт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байх магадлалтай гэж таамагласан. Гэвч шүд, тархины холбоог шууд хамааралтай эсэхийг бүрэн батлаагүй байгаа бөгөөд шүдний эрүүл ахуй дангаараа тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй. Үүнийг нарийн судалж, баталгаажуулахыг тулд клиник судалгаануудыг хийсээр байгаа аж.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны долоодугаар сарын 22-нд Хүүхдийн эмч нэртэй хуудаснаас “Японд хийсэн саяхны судалгаагаар шүдний эрүүл мэнд, тархины үйл ажиллагаа хоёрын хооронд таагүй холбоо байгааг тогтоож, шүд унах, буйлны өвчлөл нь ой санамж болон Альцгеймерийн өвчинд оролцдог тархины хэсэг болох гиппокампусын агшилттай холбоотой болохыг харуулжээ. Судалгаанд 55 ба түүнээс дээш насны 172 насанд хүрэгчдийг дөрвөн жилийн турш дагаж, MRI сканнерын тусламжтайгаар шүдний эрүүл мэнд, тархины хэмжээг хянаж байжээ. Шүдээ алдсан буйлны бага зэргийн өвчтэй хүмүүсийн гиппокампусын хэмжээ илүү хурдан агшиж, алдсан шүд бүрд тархи нэг жилээр хөгшрөхтэй тэнцэнэ. Гайхалтай нь буйлны хүнд өвчтэй, олон шүд суларсан,өвчилсөн шүдтэй хүмүүсийн тархи хурдан агшиж байгаа нь өвчтэй шүдээ байх нь тархины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг харуулж байна. Эрдэмтэд энэ нь зөвхөн шүдээ хадгалах төдийгүй эрүүл байх нь чухал гэдгийг онцолж, буйлны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол шүдний арчилгааг онцолж байна. Энэхүү судалгаа нь шалтгаан, үр дагаврыг нотлоогүй бөгөөд жижиг, орон нутгийн бүлэгт хамрагдсан боловч амны хөндийн эрүүл мэнд нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэсэн өсөн нэмэгдэж буй нотолгоог нэмж байна. Эдгээр олдворууд нь шүдээ арчлах нь нас ахих тусам ой санамж, тархины эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хүчтэй сануулж байна” гэж нийтэлсэн байна. Уг пост 68 реакц авч, 81 удаа цааш түгээгджээ. 

Японд хийсэн судалгаанд шүдний эрүүл мэндээс гадна амьдралын хэв маяг, эмийн хэрэглээ зэргийг тооцоогүй тул илүү дэлгэрүүлж судлах шаардлагатай гэжээ

2023 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Шүдний эрүүл мэнд ба гиппокампус агшилт хоорондын холбоо” судалгаанд дээрх мэдээлэл байна. Тус судалгааг Японы эрдэмтэд хамтран хийсэн бөгөөд 55-аас дээш насны 172 оролцогчийн өгөгдөлд суурилж ажиллажээ. Судалгаанд оролцогчдыг 4 жилийн турш шинжилсэн. Үүний үр дүнд шүдний тоо, буйлны үрэвслийн зэргээс хамааран гиппокампусын эзлэхүүнд өөр өөр нөлөө үзүүлж байгааг ажигласан байна. Үүнд, буйлны үрэвсэл хүнд, хөнгөн байхаас хамааран гиппокампусын агшилт илүү хурдацтай явагдаж буйг тэмдэглэжээ.

Гэвч уг судалгаа нь зөвхөн Японы нэг бүс нутгийн сайн дурын хүмүүсийн өгөгдөл дээр суурилсан бөгөөд цөөн тооны бүлгийг хамарсан судалгаа тул зөрүүтэй байх магадлалтай. Мөн хооллолт, амьдралын хэв маяг, эмийн хэрэглээ гэх мэт боломжит бүх нөлөөлөгч хүчин зүйлсийг хамруулж чадаагүй тул өргөн хүрээний судалгаа хийж, илүү нарийн судлах шаардлагатай гэж судлаачдын баг дүгнэжээ. Мөн “алдсан шүд бүрд тархи нэг жилээр хөгшрөхтэй тэнцэнэ” гэсэн шууд дүгнэлт хийгээгүй байна.

Амны хөндий, тархины эрүүл мэнд холбоотой байх магадлалтайг харуулсан бусад судалгаанаас

Түүнчлэн 2023 оны “Амны хөндийн эрүүл мэндийн доройтол тархины дүрс оношилгооны үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлдөг” нэртэй судалгаагаар амны хөндийн эрүүл мэндийн доройтол нь зөвхөн шүд, буйланд нөлөөлөөд зогсохгүй, тархины үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж болзошгүйг дурджээ. Тус судалгаанд Их Британийн  40 мянга гаруй хүнийг хамруулсан байна. Судалгаагаар хиймэл шүдтэй, шүд нь хөдөлсөн хүмүүсийн тархины MRI зургийг шинжлэхэд, тархины цагаан бодисын (мэдрэлийн эсүүдийн холбоос) гэмтэл илүү өндөр ажиглагджээ.

  • Тодруулбал, амны хөндийн эрүүл мэнд муутай хүмүүсийн тархинд цагаан бодисын гэмтэл 9%-иар нэмэгдэж, тархины холбоосны чанар муудсан байна. Үүнээс амны хөндий, тархины эрүүл мэнд хоорондоо холбоотой байх магадлалтай гэж дүгнэжээ. 

Мөн “Альцгеймерийн өвчний үүсэхэд нөлөөлсөн буйлны үрэвслийн бактерийн эсрэг молекулт эмчилгээ” гэх 2019 оны судалгаанд альцгеймерийн өвчтэй хүний тархинаас буйлны үрэвслийн бактери илэрсэн бөгөөд үүнийг эмчлэхэд тустай байж болох эмчилгээний аргыг дэвшүүлсэн талаар өгүүлжээ. Тодруулбал, буйлны үрэвслийг үүсгэгч Porphyromonas gingivalis гэх бактери нь альцгеймерийн өвчтэй хүмүүсийн тархинд илэрсэн байна. Мөн уг бактерийн ялгаруулдаг хоруу чанартай фермент болох гингипаинууд ч өвчтөнүүдийн тархинд илэрчээ. Тухайн фермент нь тау (мэдрэлийн эс доторх бодисын хөдөлгөөнийг зохицуулдаг) болон убиквитин (хортой, гэмтсэн уургуудыг задалж устгах) уургийн эмгэгийн өөрчлөлтөд нөлөөлж байжээ. Үүнийг хулгана дээр хийсэн туршилтаар нотолсон байна. Үүнд, буйлны үрэвслийн халдвар авсан хулгануудын тархинд Porphyromonas gingivalis бактери суурьшиж буйг ажигласан бөгөөд амилоидын бүрэлдэхүүн хэсэг болох Aβ1–42 уургийн үйлдвэрлэл нэмэгдсэн байжээ. Энэ нь альцгеймерийн өвчин үүсгэж, мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд нөлөөлдөг уураг юм. Цаашлаад гингипаин ферментүүд нь тархины эсүүд, мэдрэлийн эсийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай тау уурагт сөрөг нөлөө үзүүлж буйг ажиглажээ. Тус судалгааг голчлон амьтан дээр туршсан бөгөөд хүний өгөгдөл дээр суурилсан туршилтыг үргэлжлүүлэн судалсаар байгаа юм байна.

Энэ сэдвийн талаар Нью-Йоркийн Их Сургуулийн албан ёсны сайтад тус сургуулийн багийнхны хийсэн судалгааны талаар нийтлэл бичсэн байна. Эл нийтлэлд “Буйлны үрэвсэл нь 65-аас дээш насны хүмүүсийн 70 хувь нь өртдөг өвчин юм. Энэхүү өвчин нь хүндэрснээр шүд, буйл хооронд нүх сүв үүсэж, бактери үүрлэх орчныг бий болгодог. Амны хөндийд үрэвсэл үүсгэх хортой бактери, хамгаалалтын сайн бактери гэж оршдог. Гэвч хортой бактери нэмэгдэж, сайн бактерийн тоо багассанаар тархины нейронуудыг гэмтээж, ой санамж буурахад нөлөөлөх “амилоид” бөглөрөл үүсэхэд хүргэдэг” гэжээ. Мөн тус судалгаанд тау уурагтай холбоотой гэмтлийг илрүүлээгүй бөгөөд урт хугацааны судалгаа, клиникийн туршилт зэргийг хийхээр төлөвлөж байгааг уг судалгааны ахлах Др. Анжела Камер дурдсан байна.

Ташрамд дурдахад, Альцгеймерийн өвчин үүсэхэд генетик, нас, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэ нь зөвхөн шүдний эрүүл ахуйгаас хамаарахгүй гэсэн үг. Судалгаагаар амны хөндийн бактери, буйлны үрэвсэл зэрэг нь альцгеймер үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байж болох юм гэдгийг шинжилж байгаа юм. Иймээс амны хөндийн эрүүл мэндэд анхаарахаас гадна хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэгт санаа тавих хэрэгтэй.

Эдгээр баримтыг нэгтгэн дүгнэвэл, амны хөндийн эрүүл ахуй муу байх нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Судалгаагаар шүдний өвчлөл нь тархины гиппокампусын агшилт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байх магадлалтай гэж таамагласан. Гэвч шүд, тархины холбоог шууд хамааралтай эсэхийг бүрэн батлаагүй байгаа бөгөөд шүдний эрүүл ахуй дангаараа тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй. Үүнийг нарийн судалж, баталгаажуулахыг тулд клиник судалгаануудыг хийсээр байгаа аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Шүд, буйлны өвчлөл нь тархины нэг хэсэг болох гиппокампусын агшилтад нөлөөлдөг” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document