2025 оны 08 дугаар сарын 17-нд Мягмарын Тэгшжаргал гэх хаягтай Facebook хэрэглэгч “Улаанбадрахад цацрагийн хэмжээ Чернобылтэй адил болжээ, хараат бус шинжээч нар, гадны эрдэмтэд тогтоожээ” гэсэн пост (архивласан хувилбар) нийтэлжээ.
Тус пост нь 08 дугаар сарын 20-ны байдлаар нийт 491 сэтгэгдэл, 2,300 реакц авч, 2,800 гаруй удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1986 онд Чернобылийн цацрагийн түвшин цагт 300 сиверт хүрч байсан
1986 онд Чернобылийн РБМК реакторын туршилт доголдсноос дэлбэрэлт болж, их хэмжээний радиоактив бодис агаарт тархаж байсан. 1989 онд ЗХУ-ын инженер, эрдэмтэн Г.Медведевийн “Чернобылийн дэвтэр” судалгааны бүтээлд дурдсанаар, “дэлбэрэлтээс хамгийн их бохирдсон хэсэгт цацрагийн түвшин цагт 300 сиверт хүрч, хүний биед нэвтрэхэд хэдхэн секундын дотор үхэлд хүргэх аюултай” гэжээ.
Мөн 2025 оны гуравдугаар сарын 25-нд Мал эмнэлэгийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цөмийн энергийн комисс, Цацрагийн хяналтын лаборатори зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбадрах суманд ажиллаж, “Тус бүс нутгийн хүн малын ундаалдаг гүний худаг, малын хашаа, бэлчээрийн газар дээр хийсэн гамма цацрагийн хэмжилтийн дүн байгалийн дэвсгэр түвшин 0.20 микросивертээс хэтрээгүй байна гэсэн үзүүлэлттэй гарсан” гэж мэдээлж байсан.
Mикросиверт(μSv) гэдэг нь ионжуулагч цацрагийн хүн, малын биед үзүүлэх нөлөөллийг хэмжих нэгж бөгөөд 1 микросиверт = 0.000001 сиверт байдаг аж. Сиверт (Sv) нь цацрагийн тунгийн биологийн нөлөөллийг хэмждэг стандарт нэгж юм.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллийн сайтад “Бид дэлхий дээр амьдрах явцад жилд авдаг дундаж цацрагийн тун ойролцоогоор 3 мSv байдаг. Эмнэлгийн шинжилгээ, үйл явц нь нэмэлтээр ойролцоогоор 3 мSv нэмэгддэг тул дундаж хүн жилийн турш нийтдээ ойролцоогоор 6 мSv цацрагийн тун авдаг” гэж тайлбарласан байна.
Улаанбадрах суманд уран олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны гурван орд бий. Тухайлбал Дулаан-Уул(18916), Зөөвч-Овоо(18915) ,Өмнөт (18914) гэсэн гурван газарт “Бадрах энержи” ХХК нь ашиглалтын лиценз эзэмшиж байна.
- Энэ талаар “Бадрах Энержи” ХХК-ийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Өнөөдөр ураны олборлолтын үйл ажиллагаа хийгдээгүй байгаа, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үндсэн олборлолтыг бүтээн байгуулалтын үе шатыг хийсний дараа эхлүүлнэ. Гэрээ ёсоор бэлтгэл үе шат 4 жил үргэлжлэх бол үндсэн олборлолт үүний дараа эхлэх ёстой” гэж бидэнд мэдээлсэн юм.
2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.
Уг гэрээний 3.4-т Төсөл хэрэгжих үе шатыг зааж өгсөн. Үүнд
- “а. Төслийн үйл ажиллагаа дараах үе шатуудад хуваагдана.
- (i) Бүтээн байгуулалтын үе шат;
- (ii) Уурхайн ашиглалтын үе шат;
- (iii) Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат.
- b. Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь Бүтээн байгуулалтын үе шатыг дөрвөн (4) жилийн дотор дуусгахыг эрмэлзэнэ” гэжээ.
Дүгнэхэд, “Улаанбадрах суманд цацрагийн түвшин Чернобылтай адил хэмжээнд хүрсэн” гэх худал мэдээлэл түгээжээ. Тухайлбал, Улаанбадрах суманд уран олборлож эхлээгүй, бэлтгэл үе шат 4 жил үргэлжлэхээр гэрээнд заасан. Харин Чернобылийн дэлбэрэлтээс хамгийн их бохирдсон цэгт цацрагийн түвшин цагт 300 Sv хүрч байжээ. Энэ нь хүний биед нэвтрэхэд хэдхэн секундын дотор үхлийн аюулд хүргэх тунгийн хэмжээ юм.




