Search

Ацеклидин агуулсан нүдний дусаалга нь ойрын харааг бүрмөсөн эмчлэхгүй, түр хугацаанд сайжруулахад үр дүнтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1544

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Mu Bold  нэртэй хаягаас “АНУ-ын FDA нь нүдний шил хэрэглэхгүйгээр ойрын харааг засах боломжтой нүдний дуслыг зөвшөөрөв” гэх агуулгатай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ацеклидин агуулсан нүдний дусаалга нь ойрын харааг бүрмөсөн эмчлэхгүй харин түр хугацаанд буюу ойролцоогоор 10 цаг хүртэл ойрын харааг сайжруулахад нөлөөтэйг туршилтаар баталжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 10-нд Mu Bold (архивласан хувилбар)  нэртэй хаягаас “АНУ-ын FDA нь нүдний шил хэрэглэхгүйгээр ойрын харааг засах боломжтой нүдний дуслыг зөвшөөрөв” гэх агуулгатай пост нийтэлжээ. Тус постыг 1,000 гаруй реакц, 34 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 407 удаа цааш түгээсэн байна.

Тухайлбал, “АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) LENZ Therapeutics-ийн бүтээсэн VIZZ хэмээх цоо шинэ нүдний дуслыг зөвшөөрч, нүдний шил хэрэглэхгүйгээр ойрын харааг эрс сайжруулдаг, 680 гаруй оролцогчид хамрагдсан 3-р үе шатны эмнэлзүйн туршилтын үр дүнгээс үзэхэд VIZZ өвчтөнүүдэд жижиг хэвлэмэл уншиж, ойрын зургийг хялбархан гүйцэтгэхэд тусалсан байна” гэжээ.

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайт дахь 2025 оны шинэ эмийн зөвшөөрлүүдийн жагсаалтаас харахад “VIZZ” нүдний дусаалгыг 2025 оны 07 дугаар сарын 31-нд баталсан бөгөөд ойрын харааны эмгэгийг (пресбиопи) түр зуур эмчлэх зориулалттай, “ацеклидин” агуулсан хэмээн тэмдэглэжээ.

2025 онд батлагдсан эмийн жагсаалтын зураг, Эх сурвалж: АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайт

Мөн “ЛЕНЗ Терапьютикс” компанийн мэдээллийн сайтад “VIZZ нүдний дусаалгыг ойрын муудсан харааг (пресбиопи) сайжруулахад зориулагдсан, 10 хүртэл цагийн турш үр нөлөөгөө үзүүлнэ” хэмээн онцолжээ.

Тухайлбал, VIZZ нүдний дусаалгын пресбиопид үзүүлэх үр нөлөөг “CLARITY-1, CLARITY-2” судалгаагаар баталсан байна. Судалгаанд 45–75 насны 466 оролцогч оролцсон бөгөөд өдөрт нэг удаа, 2 дуслаар 42 хоногийн турш аюулгүй байдал болон үр дүнгийн хувьд үнэлжээ. Үр нөлөөг тунгийн дараах 10 цагийн хугацаанд судалгааны 1, 15, 28 дахь өдрүүдэд тодорхойлсон байна.

VIZZ нүдний дусаалгын дусааснаас хойш 30 минутаас 10 цаг хүртэлх үр дүнг харуулж байна Эх сурвалж: АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа

CLARITY 1 болон 2 туршилтаар VIZZ нь ойрын харааг 30 минутын дотор сайжруулж, 10 цаг хүртэл хадгалах тогтвортой үр дүн үзүүлсэн. Мөн 3000 гаруй өдрийн хэрэглээнд эмчилгээнд холбоотой ноцтой сөрөг нөлөө илрээгүй” гэж тэмдэглэжээ. “Оролцогчдод хамгийн их илэрсэн гаж нөлөөнүүд нь нүдэнд дусаалга хийсэн хэсгийн цочрол (20%), бүдэг хараа (16%), толгой өвдөх (13%) байжээ. Мөн ихэнх гаж нөлөө нь хөнгөн, түр зуурын шинжтэй, өөрөө арилдаг байв” хэмээн АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны мэдээллийн сайтад дурдсан байна.

Түүнчлэн VIZZ нь ацеклидин агуулсан 1.44% концентраци бүхий нүдний дусаалга бөгөөд ацеклидин нь нүдний солонгон бүрхүүлийн (iris) булчинг агшаадаг байна. Тухайлбал, солонгон бүрхүүлийн булчин нь гэрлийн хэмжээг зохицуулах үүрэгтэй байдаг аж. Ирисийн булчин агшихад pupil буюу нүхний хэмжээ багасаж, нүд рүү орж ирэх гэрлийг тохируулдаг. Үүний үр дүнд нүдний фокус гүнзгийрч, ойрын хараа тод болдог байна.

Пресбиопи буюу нас ахихтай холбоотой ойрын хараа муудах нь нүдний болрын уян хатан чанар аажмаар буурснаас үүддэг

Пресбиопи нь нас ахихтай холбоотойгоор нүдний болрын уян хатан чанар алдагдаж, ойр холын зүйлд фокус тааруулах аккомодацийн чадвар буурснаар ойрын зүйлсийг тод харах чадвар аажмаар муудах физиологийн өөрчлөлт юм” гэж АНУ дахь Мэйо клиникийн мэдээллийн сайтад тайлбарлажээ.

Эх сурвалж: Seoul National University Hospital
Энгийн нүд болон ойрын хараа муудсан нүдний ялгаа Эх сурвалж: laservisionvictoria

Насжилттай холбоотой ойрын хараа муудах (пресбиопи) үед нүдний шил болон контакт линз зүүхийг эмч нар санал болгодог ба зарим тохиолдолд мэс заслын аргыг санал болгодог байна. Харин аливаа нүдний дусаалга нь пресбиопыг бүр мөсөн эмчлэх эсвэл хараа муудалтыг удаашруулахгүй бөгөөд түр хугацаанд нүдний шил эсвэл линз зүүхгүй байхад тусалж чаддаг, түр хугацаанд буюу ойролцоогоор 10 цаг хүртэл ойрын харааг сайжруулахад нөлөөтэй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Mu Bold  нэртэй хаягаас “АНУ-ын FDA нь нүдний шил хэрэглэхгүйгээр ойрын харааг засах боломжтой нүдний дуслыг зөвшөөрөв” гэх агуулгатай пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document