2025 оны 08 дугаар сарын 04-нд Ариунаа Ари (архивласан хувилбар) хаягаас “Сөд өвс хавдрын эсийг ёзоортой нь устгана” гэх гарчигтай мэдээлэлд нийтэлжээ. Тус постыг нийт 761 реакц, 40 сэтгэгдлээр идэвхжүүлж, 990 удаа цааш түгээсэн байна. Постод “ Хавдар гэж ярихгүй. Өмөн үү гэж нэрлэдэг… Сөв өвсийг хоолондоо хийж буцалгаад гаргаж иднэ… Дэлхийн хүн амын 75%-д үүний вирус байдаг болохоор насны хязгааргүй сөд өвч хэрэглэнэ…” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хавдар бүр вирусээр үүсдэггүй. Харин гепатит В, С вирус, хүний папилломавирус (ХПВ), Эпштейн-Барр вирус (Epstein-Barr virus, EBV), хүний дархлал хомсдолын вирус (HIV), хүний герпес вирус 8 (HHV-8), хүний Т-лимфотроф вирус-1 (HTLV-1), меркелийн эсийн полиомавирус (MCV), зэрэг вирус нь хавдар шууд үүсгэхгүй ч, зарим хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Америкийн Хавдрын Нийгэмлэгийн сайтад мэдээлжээ. Мөн шалгасан постод дурдсан дэлхийн хүн амны 75% нь хавдрын вирустэй гэх тоон мэдээллийг батлах албан ёсны статистик судалгаа байхгүй. 2022 оны байдлаар 5 хүн тутмын 1 нь хорт хавдраар өвчилж байгаа тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) мэдээлжээ.
Сөд өвс зарим хавдрын эсийг дарангуйлдаг болохыг харуулсан лабораторийн болон амьтан дээр хийсэн туршилт, судалгаа бий ч хавдрыг эмчлэхийг баталсан хүн дээр хийсэн судалгаа байхгүй.
Хятадын уламжлалт анагаах ухаанд сөд өвс нь (Sanguisorba officinalis) өргөн хэрэглэдэг ба хорт хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг, исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Сөд өвс нь хойд сэрүүн бүсэд ургадаг сарнайн овгийн 35 орчим зүйлийн олон наст өвслөг ургамал юм.
2012 онд нийтлэгдсэн “Sanguisorba officinalis L-ийн хөхний хорт хавдрын өсөлт ба ангиогенезид үзүүлэх нөлөө” лабораторийн судалгаагаар сөд өвс нь апоптозыг өдөөж, ангиогенезийг дарангуйлснаар хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх ач холбогдолтой байж болох тухай дүгнэлт гаргасан. Мөн тус судалгааны дүгнэлтэд сөд өвчийг бодисын солилцоо, хими эмчилгээний эмтэй хавсарч хэрэглэх, түүний нөлөөг үнэлэхийн тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатайг онцолжээ.
2016 онд нийтлэгдсэн судалгаагаар сөд өвс нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийг устгах химийн эмчилгээний эм 5‑фторурацилийн (5‑FU) үр нөлөөг сайжруулдаг болохыг харуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус лабораторийн судалгаа нь сөд өвсний ханд бүдүүн гэдэсний хорт хавдрын химийн эмчилгээний эмийн үйлчлэх нөлөөг харилцан эрчимжүүлж байгааг харуулжээ. Судлаачид in vivo (амьд организм дээр хийсэн судалгаа) судалгаа хийж, баталгаажуулах шаардлагатайг онцолсон байна.
“Sanguisorba officinalis L.-аас гаргаж авсан триметилаллагийн хүчлийн ангиогенезийн дарангуйлал ба апоптозын индукцээр бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үзүүлэх нөлөө” in vivo (амьд организмд хийсэн туршилт, судалгаа) in vitro (лабораторийн судалгаа) судалгаагаар сөд өвснөөс гаргаж авсан таннины нэгдэл болох 3,3′,4′‑триметилаллагийн хүчил (TMEA) нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг нөлөөтэйг харуулсан. Цаашлаад TMEA-г эмнэлзүйн хэрэглээнд хөгжүүлэх боломжтой хэмээн дүгнэсэн байна.
2025 онд нийтлэгдсэн in vivo судалгаагаар сөд өвсөнд агуулагдах тритерпеноид нэгдлүүдийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх чадварыг нэмэгдүүлдэг болохыг харуулжээ. Боловсруулсан болон түүхий сөд өвснөөс нунтаг тритерпеноидын ханд гаргаж, туршилт хийсэн. Боловсруулсан өвсний тритерпеноидын ханд нь түүхий өвсний ханднаас илүү бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг харьцуулан гаргасан. Гэвч уг судалгаанд зориулсан хандыг гаргаж авахдаа 75 хувийн этилийн спиртэд буцалгаж, дараа нь нийлмэл ханднаас спиртийг ууршуулж, өтгөн хандыг усанд уусгаж, үргэлжлүүлэн тритерпеноидыг гаргаж авдаг 95% этилийн спирт ашиглан шүүж, эцэст нь хөлдөөж, хатаах нарийн аргаар нунтаг хандыг гарган авчээ.
Дээрх лабораторийн болон харханд хийсэн судалгаануудад сөд өвсөнд агуулагдах био нэгдлүүд зарим хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг харуулсан ч нэмэлт судалгаа шаардлагатайг онцолсон. Мөн шалгасан мэдээлэлд дурдсан хоолонд буцалгаж идэх арга бус нарийн технологиор сөд өвсний ханд боловсруулж хийжээ. Сөд өвсийг идсэнээр хорт хавдрын эсийг устгаж, эмчилдэг болохыг харуулсан хүн дээр хийсэн клиник туршилт, судалгаа одоогоор байхгүй. Иймд батлагдаагүй эмчилгээний зааврыг дагаж, хэрэгжүүлэхээсээ өмнө эмчид хандан зөвлөгөө аваарай.




