Search

“Улаанбурхны вакцинд ордог бодис хүнд хэрэглэж болохгүй” гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1542

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцинд хүнд хэрэглэж болохгүй, зөвхөн лабораторийн туршилтад хэрэглэх зориулалттай бодис орсон гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Вакцины тогтворжуулагч болгон ашигладаг лакталбумин гидролизат бодис нь шар сүүний уургаас гаргаж авдаг амин хүчил, пептид юм. Шалгасан мэдээлэлд туршилтын журмаар ашиглах зориулалттай 500 граммын савлагаатай бүтээгдэхүүний тайлбар, зааварчилгааг оруулж, төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 07 дугаар сарын 30-нд Otgoo Sanjaa (архивласан хувилбар) гэх хаягаас “Улаанбурхны вакцин нь дан ганц улаанбурхны вирус агуулаагүй бөгөөд гахайн хавдар, улаанууд гээд хоёр өвчний вирус хавсарч орсон байдаг юм байна… ЛАКТАЛБУМИН ГИДРОЛИЗАТ буюу Lactalbumin Hydrolysate -68458-87-7 гэсэн бодис нь зөвхөн судалгаанд зориулагдсан. Хүнд хэрэглэж болохгүй… Бүтээгдэхүүн нь лакталбумины ферментийн гидролизат юм. Үүнийг тэжээлийн найрлага болгон эсийн өсгөвөрт нэмнэ. Энэ нь маш уусдаг амин хүчлийн эх үүсвэр ба пептидийн эх үүсвэр юм.  гэжээ…” гэх агуулга бүхий мэдээллийг тус вакцины найрлагыг хавсаргасан Эрүүл Мэндийн Яамны албан бичгийн зурагтай хамт нийтэлжээ. Уг постыг нийт 33 реакцаар идэвхжүүлж, 182 удаа цааш түгээсэн байна. 

Мөн Odongoo Jargalsaikhan (архивласан хувилбар) гэх хаягт MMR вакцины найрлагад ордог Лакталбумин гидролизат бодисын тухай болон 3 төрлийн амьд вирус хүүхдүүдэд тарьж байна гэх агуулгатай пост нийтэлжээ. Тус постыг нийт 279 реакц, 112 сэтгэгдлээр идэвхжүүлж, 668 удаа цааш түгээсэн байна.

FujiFilm Wako компанийн сайтад оруулсан 500 граммын савалгаатай лакталбумин гидролизат бүтээгдэхүүний зураг

Шалгасан мэдээлэлд хавсаргасан лакталбумин гидролизат бодисын мэдээллийг харуулсан линк рүү орж шалгахад химийн бодис худалдаалдаг FujiFilm Waka компанийн сайт байна. Тус сайтаас лакталбумин гидролизат түлхүүр үгээр хайхад 500 граммын савалгаатай туршилтад зориулсан бүтээгдэхүүн илэрцээр гарч ирлээ. Харин бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “зөвхөн судалгаа, шинжилгээ, туршилтад зориулсан бүтээгдэхүүн. Хүнд хэрэглэж болохгүй…” хэмээн бичсэн нь зөвхөн тус компаниас худалдаалж буй 500 граммаар савласан бүтээгдэхүүний тайлбар юм.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан лакталбумин гидролизат бодистой ижил 68458-87-7 CAS дугаартай (химийн бодис бүрд оноогдсон дугаарын нэршил) Merck компанийн худалдаалж буй нунтаг лакталбумин гидролизат бодисын тайлбарт “Вакцин, исгэх, бактери, шавж, хөхтөн амьтан, вирусийн эсийн өсгөвөрлөгчийг үйлдвэрлэхэд тохиромжтой” хэмээн тусгажээ. Бусад худалдааны сайтад оруулсан лакталбумин гидролизат бодисын тухай мэдээллийг харахад бодисын төлөв, савлагаа, цэвэршлээс шалтгаалан тайлбар бүрд тусгасан хэрэглээ, үнийн мэдээлэл өөр өөр байгааг дараах линкнүүдээс харах боломжтой. (энд, энд бас энд )

Бодисын химийн зэргээс хамааран туршилтад, хоол хүнсэнд, эмийн үйлдвэрлэлд хэрэглэх гэх мэт өөр өөр зориулалттай байдаг. Химийн зэргээс хамгийн нийтлэг нь дараах 6 зэрэг юм.

  • Technical grade- Арилжааны, үйлдвэрлэлийн зорилгоор ашиглаж болох ч хоол хүнс, эмийн бүтээгдэхүүнд ашиглаж болохгүй
  • Purified grade- Албан ёсны стандарт хангаагүй. Хоол хүнс, эмийн үйлдвэрлэлд ашиглахад тохиромжгүй
  • Laboratory grad – Судалгаа туршилтад зориулсан. Хоол хүнс, эмийн үйлдвэрлэлд ашиглахад хангалттай цэвэр биш.
  • USP grade – Шаардлага хангасан. Хоол хүнс, эмийн зориулалтаар ашиглах боломжтой. Ихэвчлэн үйлдвэрлэл, эмчилгээний эмнэлгийн хэрэгсэлд ашигладаг.
  • Reagent grad – Ойролцоогоор 96-98 хувийг нь цэвэршүүлсэн бодис. Хоол хүнс, эмийн үйлдвэрлэл болон лаборатори, аналитик хэрэглээнд ашиглахад тохиромжтой.
  • ACS grade- Америкийн Химийн нийгэмлэгээс гаргасан стандартад нийцсэн 95%-иас дээш цэвэршүүлсэн бодис. хоол хүнс, эмийн үйлдвэрлэлд болон лаборатори, аналитикийн хэрэглээнд ашиглахад тохиромжтой хэмээн ангилдаг.

Иймд бодисын химийн зэргээс шалтгаалан зориулалт бүр өөр ба түгээсэн мэдээлэлд зөвхөн судалгаа, шинжилгээнд зориулан гаргасан бүтээгдэхүүний тайлбарыг онцлон оруулсан нь тус бодис хортой мэт ойлголт өгч байна.

Лакталбумин гидролизат нь үхрийн шар сүүний лакталбумин уургаас гаргаж авсан пептид, амин хүчил юм. Үхрийн шар сүүний уураг нь β-лактоглобулин ( β-LG), α-лакталбумин (α-LA), иммуноглобулин (IG), үхрийн сийвэнгийн альбумин (BSA), үхрийн лактоферрин (BLF), лактопероксидаза (LP) зэрэг бусад жижиг бүрэлдэхүүн хэсгийг агуулдаг. Шар сүүний лакталбумин уургийг ферментийн гидролиз процессоор жижиг пептид, амин хүчлүүд болгон задалдаг байна. Уг амин хүчлийг уургийн бэлдмэл, нярайн хуурай хоол гэх мэт хүнсний нэмэлт тэжээлд ашигладаг ба вакцинд тогтворжуулагч (stabilizer) болгон ашигладаг. Тогтворжуулагч нь вакцин дотор химийн урвал үүсэхээс сэргийлж, вакцины бүрэлдэхүүн хэсгүүдийг вакцины шилэнд наалдуулахаас сэргийлдэг. Тогтворжуулагч нь сахар (лактоз, сахароз), амин хүчил (глицин), желатин, уураг (мөөгөнцрийн гаралтай рекомбинант альбумин) байж болно. Шалгасан мэдээлэлд хавсаргасан Tresivac вакцинны найрлагад лакталбумин гидролизат ордог ба уг бодисыг тогтворжуулагчаар ашигладаг байна.

Улаанбурхан, улаанууд, улаанууд өвчний эсрэг вакцины анафилаксын урвал
Үнээний сүүний харшилтай өвчтөнд
” кэйс судалгаанд үхрийн сүүний уургаас харшилтай 4 настай өвчтөн Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн MMR вакцин хийлгэсний дараа харшлын анафилакс урвал үзүүлсэн нь үхрийн шар сүүний лакталбумин уураг агуулсантай холбоотой гэж үзжээ. Тус судалгаанд Энэтхэг улсад үйлдвэрлэдэг зарим вакцинд лакталбумин гидролизат тогтворжуулагч ашигладаг гэж онцолжээ. Судалгааны үр дүнд ямар нэг хүнсний харшилтай тохиолдолд эм, бэлдмэл, тарилгын шошгыг уншихыг зөвлөсөн байна.

  • Лакталбумин гидролизат бодис нь шар сүүний уургаас гаргаж авдаг амин хүчил, пептид юм. Харин шалгасан мэдээлэлд хүнс, эмийн үйлдвэрлэлд бус туршилтын журмаар ашиглах заавартай бүтээгдэхүүний тайлбар, зааварчилгааг оруулж, төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлжээ.

Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцин нь (MMR vaccine) амьд вирус бус идэвхтэй-сулруулсан вирус агуулдаг

Вакциныг:

  • идэвхтэй-сулруулсан вирус, нян (live-attenuated vaccine) 
  • идэвхгүйжүүлсэн  вакцин(non-live vaccine, inactivated vaccine) гэж ангилдаг. 

Англи хэлэнд “live” гэх үг нь түгээмэл ашиглагддаг “амьдрах” гэдэг утгаар хэрэглэгддэг учир “амьд вирус” гэж андуурах тохиолдол олон. Үнэн хэрэгтээ энэ нь идэвхтэй вирус гэх утгыг илэрхийлдэг. Вакцин нь хүний биед тухайн вирус, нянгийн эсрэг биетийг үүсгэж, дархлаа бий болгох зориулалттай.  

Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (MMR vaccine) – M-M-RII, PRIORIX, ProQuad гурван вакцин нь улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний идэвхтэй-сулруулсан вирусийг агуулдаг бол ProQuad вакцин нь салхийн цэцгийн идэвхтэй-сулруулсан вирусийг мөн агуулдаг.

  • Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцины эхний тунг хийлгэхэд улаан бурхан өвчнөөс 93%, гахайн хавдар өвчнөөс 78% , улаан эсэргэнэ өвчнөөс 97% сэргийлэх боломжтой бол, 
  • 2 дахь тунг хийлгэснээр улаанбурхан өвчнөөс 97% , гахайн хавдар өвчнөөс 88% сэргийлнэ хэмээн АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Вакцин хийлгэсний дараа бие мах бод зохих дархлааны хариу урвал хөгжүүлээгүй, эсвэл цаг хугацааны явцад анх үүссэн дархлаа суларсан тохиолдолд нэмэлт дархлаажуулах тун хийлгэдэг.

Оксфордын Их Сургуулийн хэвлэлээс эрхлэн гаргадаг Эмнэл зүйн халдварт өвчин (Clinical Infectious Diseases) эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн “2001-2022 онд АНУ-д улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж чанар, хүндийн зэрэгт вакцинжуулалтын байдал, насны нөлөөлөл” судалгаагаар вакцин хийлгэсний дараа улаанбурханы халдвар авсан үед хөнгөн хэлбэрээр өвчилдөг ба өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өндөр вакцинжуулалтад хамрагдах нь чухал гэх дүгнэлт гаргажээ. Тус судалгаанд 2001-2022 оны хооронд АНУ-д бүртгэгдсэн улаанбурхан өвчний тохиолдлыг хамруулсан. Нийт 4056 тохиолдлоос 69% нь вакцин огт хийлгээгүй, 12 хувь нь вакцин хийлгэсэн, 19 хувь нь тодорхойгүй вакцин хийлгэсэн байна. Вакцин хийлгэсэн ч улаанбурханы халдвар авсан 93 тохиолдлыг нарийвчлан авч үзэхэд 11 нь  анхдагч вакцин амжилтгүй (Primary vaccine failure-PVS), 76 нь хоёрдогч вакцин амжилтгүй болсон (Secondary vaccine failure-SVF) гэж ангилсан байна. Мөн PVF нь SVF-ээс илүү хүнд хэлбэрийн өвчлөлтэй байжээ.

  • PVF(primary vaccine failure)- Вакцин хийлгэсний дараа бие махбод зохих дархлааны хариу урвалыг хөгжүүлээгүй тохиолдол.
  • SVF(secondary vaccine failure)- анх үүссэн дархлааны хариу урвал цаг хугацааны явцад суларч, өвчнөөс хамгаалах чадвараа алдах тохиолдол.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс эрхлэн гаргадаг Emerging Infectious Diseases сэтгүүлд хэвлэгдсэн “Улаанбурхан өвчний хоёрдогч вакцинжуулалт амжилтгүй болсны дараа вирусийн халдвар дамжих” судалгаанд:

  • SVF нь вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 6-26 жилийн дараа тохиолддог ба  вакцин хийлгэсэн хүмүүсийн 2-10 хувьд,
  • PVF нь 5 хувьд тохиолддог тухай оруулсан байна.

Мөн улаанбурхан өвчний эсрэг вакцины хоёр дахь тун эхний тунд биед дархлаа үүсээгүй хүмүүсийн 95 хувьд дархлаа үүсгэдэг тухай Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах төвийн сайтад оруулсан улаанбурхан өвчний тухай мэдээлэлд дурджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцинд хүнд хэрэглэж болохгүй, зөвхөн лабораторийн туршилтад хэрэглэх зориулалттай бодис орсон гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document