Search

Наалтаар элэгний бүх төрлийн өвчнийг эмчлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1541

Ерөнхий агуулга

“Элэгний бүх төрлийн өвчнийг гэртээ эмчлэх боломжтой наалт” гэсэн бүтээгдэхүүний талаар мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энгийн өвдөлт намдаах наалтаар элэгний бүр төрлийн өвчнийг эмчлэх боломжгүй бөгөөд эдгээр наалтуудын үр нөлөөг баталсан шинжлэх ухааны судалгаа хомс байна. Элэгний эмчилгээ нь өвчлөлийн хэлбэрээс шалтгаалан эм, мэс заслын аргаар эмчлэгдэх боломжтой гэдгийг эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд дурджээ. Мөн хооллолт, амьдралын хэмнэлдээ анхаарч муу зуршлаа засахыг зөвлөсөн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны долоодугаар сарын 31-нд Бүсгүй шоп хаягаас “Шөнө орой унтах зуршилтай, архи уудаг эсвэл элэгний асуудалтай хүмүүс анхаарлаа хандуулаарай. Анх хэрэглэсэн өдрөөс эхлэн үр дүнгээ өгөх, элэгний бүх төрлийн өвчнийг гэртээ эмчлэх боломжтой ургамлын найрлагатай наалт” гэсэн агуулга бүхий тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг пост 518 реакц, 75 сэтгэгдэл цуглуулж, 334 гаруй  удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу зургаар хайх аргыг ашиглалаа.

Google Lens хэрэглүүр ашиглан хайхад уг бүтээгдэхүүнийг “Элэг хамгаалах зургаан цэгийн наалт” гэж нэрийдэн гаднын онлайн дэлгүүрүүдэд байршуулжээ. Дэлгэрүүлбэл, тухайн наалт нь хятадын уламжлалт анагаах ухаанд суурилсан бөгөөд тодорхой цэгүүдэд (ихэвчлэн хэвлий, нуруу, гар хөл орчим) нааж хэрэглэдэг бүтээгдэхүүн аж. Үүнийг шалгаж буй мэдээлэлд “элгийг хамгаална”, “хоргүйжүүлнэ”, “цусны эргэлт сайжруулна” гэх мэтээр сурталчилжээ.

Гэвч уг бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан шинжлэх ухааны клиник судалгаа илэрсэнгүй. Энэ төрлийн наалтад ментол, камфор, капсаицин зэрэг арьсыг халааж, хорсгох бодисууд түгээмэл орсон байдаг. Эдгээр нь дулаан мэдрүүлж, өвдөлт намдаах мэт мэдрэмж өгч болох ч элэгний бүх төрлийн өвчнийг эдгээхгүй. Энэ талаар хятадын Baidu Health эрүүл мэндийн зөвлөгөөний платформд “Элэг хамгаалах наалтын үр дүн, үйлчлэлийн механизмыг бүрэн баталсан анагаах ухааны судалгаагаа байхгүй. Арьсанд наах наалтаар элэгний үйл ажиллагааг шууд сайжруулах магадлал бага. Элэг хамгаалах наалтын талаарх клиник судалгаа маш цөөн бөгөөд зөвхөн амьтан, эсийн түвшинд туршилтууд хийсэн. Иймд тухайн бүтээгдэхүүнийг хүний биед сайн үйлчилгээтэй гэж дүгнэх боломжгүй. Шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй нөхцөлд эдгээр наалтын үр нөлөөнд амархан итгэх хэрэггүй“ гэж нийтэлжээ.

Элэгний өвчний эмчилгээний талаар Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Албаны сайтад “Зарим төрлийн элэгний өвчнийг эрүүл амьдралын хэв маягт шилжих замаар хянах боломжтой. Жишээлбэл, архинаас үүдэлтэй элэгний өвчнийг архины хэрэглээг хязгаарласнаар сайжруулах боломжтой. Харин хүндэрсэн тохиолдолд эм, мэс засал гэх мэт дараагийн түвшний эмчилгээг шаарддаг” хэмээн тайлбарласан байна.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл бэлтгэдэг Мэйо Клиник, Клевлэнд Клиник зэрэг сайтад элэгний эмчилгээг эмчийн заавраар зориулалтын эм, эмчилгээг хэрэглэх хэрэгтэйг онцолжээ. Мөн зөв хооллож, амьдралын хэв маягаа өөрчилж, хорт зуршлаа засахыг сануулсан байна. Эдгээр мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө хүргэхдээ элдэв наалт ашиглахыг санал болгоогүй. Тиймээс уг бүтээгдэхүүн нь элэгний өвчнийг эмчлэхэд үр нөлөөгүй гэдгийг харж болохоор байна.

Дүгнээд үзэхэд, энгийн өвдөлт намдаах наалтаар элэгний бүр төрлийн өвчнийг эмчлэх боломжгүй бөгөөд эдгээр наалтын үр нөлөөг баталсан шинжлэх ухааны судалгаа хомс байна. Элэгний эмчилгээ нь өвчлөлийн хэлбэрээс шалтгаалан эм, мэс заслын аргаар эмчлэгдэх боломжтой гэдгийг эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд дурджээ. Мөн хооллолт, амьдралын хэмнэлдээ анхаарч муу зуршлаа засахыг зөвлөсөн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Элэгний бүх төрлийн өвчнийг гэртээ эмчлэх боломжтой наалт” гэсэн бүтээгдэхүүний талаар мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document